ИСПАНИ: Социалистууд ялж, хэт барууныхан парламентад орж ирсэн нь

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Испанид өнгөрсөн ням гарагт болсон ээлжит бус бүх нийтийн сонгуульд эрх барьж буй Социалист ажилчны нам ялалт байгуулав. Гэхдээ парламентад дийлэнх суудлыг авч чадсангүй. Засгийн газрыг эмхлэн байгуулахын тулд тэдэнд бусад намын дэмжлэг хэрэгтэй болно. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчесын тэргүүлдэг Социалист ажилчны нам нь парламентын доод танхим болох 350 суудалтай Конгресст 123 суудал авсан юм.

Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар энэ удаагийн сонгууль 2008 оноос хойш сонгогчдын ирц хамгийн өндөртэй буюу 75 хувьтай байжээ.

Гол сенсаац нь хэт барууны үзэлтэй Vox нам 10-аас дээш хувийн санал авч, анх удаа парламентад суудал авсан явдал юм. Хэт барууны үзэлтэй нам нь төв үзэлтэй Ардын намын дийлэнх саналыг “булаасан” гэж шинжээчид бичиж байна. Олон хүн баруун жигүүрийн дуу хоолойг сонгохдоо итгэлтэй байжээ.

Европын бусад орнуудын адил Испанид хэт барууны популист улс төрийн хүчний нэр нөлөө эрс өссөн. Vox нам нь олон талт соёл, феминизм болон хязгааргүй цагаачлалыг эсэргүүцдэг. Энэхүү нам нь сонгогчдын 10.3 хувийн саналаар парламентын 350 суудлаас 24-ийг нь эзэлж байгаа юм.

Нэг ч нам үнэмлэхүй санал, 176-аас илүү суудал авч чадаагүй. Ийм байдлаар Ерөнхий сайд Педро Санчес эвсэл байгуулах хэрэгтэй болно. Сонгууль 2020 онд болох ёстой байсан ч Засгийн газраас өргөн барьсан энэ оны төсвийг Конгрессын гишүүд батлаагүйтэй холбоотойгоор Педро Санчес ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Энэ нь сүүлийн хэдэн жилд Испанид хугацаанаас өмнө сонгууль зарласан гурав дахь тохиолдол болж байна.

Каталоны хямралын дараа юу болсон бэ?

Испанийн нөхцөл байдал Каталоны тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал хураалтын дараа тогтворгүй болсон. Испанийн Засгийн газар уг санал хураалтыг хууль бус гэж үздэг. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Каталоны тусгаар тогтнолын төлөө байдаг депутатууд 2019 оны төсвийн төсөлд саналаа өгөхөөс татгалзсаны дараа ээлжит бус сонгууль зарлахаас аргагүйд хүрчээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Санчес кампанит ажлынхаа үеэр Испани улс Финландын хувь заяаг давтах гэж байна гэж хэлж байв. Финландад хоёр долоо хоногийн өмнө хэт барууны үзэлт нам гэнэт сонгуульд хоёроор гарч иржээ.

Хэт барууныхан даагаа нэхсэн нь

Испанид удаан хугацаанд хэт барууны үзэлт улстөрчид ирээдүйгүй гэж тооцогдсон. Тэднийг дэндүү шинэ гэж үздэг байв. Гэсэн хэдий ч Vox нам өнгөрсөн 12 дугаар сард Андалусын орон нутгийн парламентад 10 гаруй суудал авч, дээрх үзэл бодлыг үгүйсгэж чаджээ.

Хэт барууныхны амжилт нь Каталоны тусгаар тогтнолоо зарлах оролдлогын хариу болсон гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард хэдэн арван мянган хүн салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийх зуучлагчийг томилох Испанийн Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн Мадридад жагссан.

“Vox намын нэр хүнд өсөх нь Испанийн улс төр дэх газар хөдлөлт юм” гэж Бентли их сургуулийн профессор Бонни Филд хэлжээ. Vox намын мөрийн хөтөлбөр нь Каталоны тусгаар тогтнолыг цуцлах, цагаачдыг гаргах, феминизмийг эсэргүүцэх, улс орныг хуваахыг дэмждэг намуудыг хориглох зэрэг юм.

Гол асуудлууд: Каталон ба бие даасан байдал

Сонгуулийн кампанит ажлын гол асуудлуудын нэг нь Каталоны хувь тавилан байв. Орон нутгийн үндсэрхэг үзэлтнүүд долоон сарын хугацаанд Мадридаас тус бүс нутгийг шууд удирдсаны дараа Барселоны засаг захиргаанд эргэн ирсэн.

Педро Санчез эх орноосоо урваж, Испанийн дайснуудтай холбоо тогтоосон гэж буруутгагдсан салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийхийг дэмжсэн. Каталоны асуудалд хатуу байр суурьтай байхыг Vox намаас гадна барууны үзэлтэй Ардын нам болон либераль “Иргэд” нам дэмждэг. Харин Podemos нам дахин нэг удаа бүх нийтийн санал хураалт явуулахыг хүсч байгаа аж.

Эдийн засаг болон ажилгүйдэлтэй холбоотой жирийн бус нөхцөл байдлыг үл харгалзан эдгээр асуудлыг кампанит ажлын үеэр бараг дурдаагүй байна. “Энэ сонгууль нь эдийн засгийн тухай биш. Бидэнд сүүлийн 20 жил тулгарсан шинэ нөхцөл байдал. Энэхүү кампанит ажил нь бие даасан байдалтай, ялангуяа Каталоны асуудалтай холбоотой хэвээр үлдэнэ...эдийн засаг гол асуудал биш болсон юм шиг санагдаж байна” гэж Валенсийн их сургуулийн профессор Хуан Родригес Теруэл тайлбарлаж байна.

Цаашид юу болох вэ?

Шинжээч нарын дүгнэснээр санал хураалт нь Испанийг удаан хугацаанд улс төрийн тодорхойгүй байдалд оруулах аж. Испанид дахин сонгууль явагдах эрсдэл өсч байна гэж тэд ярьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top