УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар эхлээд одоогийн АТГ-ын даргыг чөлөөлсний дараа томилох асуудлыг хэлэлцэх тухай хөндсөн. Тэрбээр “Өнөх албан тушаалтныг чөлөөлсний дараа томилох асуудлыг хэлэлцэх ёстой болов уу. Авлигын хуулийн дагуу 21.5 дахь заалтад тусгасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээгүй, шийдвэрээ гаргаагүй байгаа” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Үндсэн хуулийн Цэц ажлаа хийхгүй, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр цаашид иргэдээс ирж байгаа мэдээллийг цаг алдалгүй шуурхай хэлэлцэх шаардлага Үндсэн хуулийн Цэцэд байна” гэсэн юм. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Томилдог байгууллага нь чөлөөлөх, томилох асуудлаа шийдэх байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлэх эрхийн хүрээнд оруулж ирж буй. Хэрэв УИХ-ын бодлого нь нөхөн хугацаа байхгүй гэж үзсэн бол Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн хороо зэрэг байгууллагууд шиг нөхөн байхгүй байх ёстой. ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүй, чөлөөлөх, томилох асуудлыг нэг тогтоолоор гаргах боломжтой. Үүнийг УИХ шийднэ” гэж хариуллаа.
Харин шударга, хараат бус байдлаар ажиллах хүрээнд юу хийх вэ гэсэн гишүүдийн асуултад АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Төрийн бус байгууллагуудын зүгээс АТГ-ыг иргэдэд нээлттэй болгох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа иргэдийн оролцоотой хийгээч гэсэн. Мөн нийгэмд дуулиан тарьсан олны анхаарлыг татсан хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг хэлсэн. Ажлаа авсан тохиолдолд хэргийн мөрдөн шалгалтыг шуурхайлж, тодорхой зохион байгуулалт хийнэ” гэсэн бол АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Хууль хэрэгжсэнээс хойш хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянаж шалгадаг, хяналтаа тавьдаг байдал нь өнгөрсөн хугацаанд сайн үнэлгээ өгч байсан. Төрийн албыг хашихад хувийн байдал, хувийн ашиг сонирхол, нөлөөлөх, нөлөөнд автах, хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр хууль үр дүнгээ өгч байгаа учраас илүү сайжруулж ажиллана” гэж байр сууриа илэрхийлсэн юм..
Сэтгэгдэл ( 0 )