Редакторуудын зөвлөгөөн: Монгол хэлний ЖУРАМЛАСАН ТОЛИЙГ баримтлах ёстой

2019 оны 05 сарын 03

Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Энэ өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ээс хоёр дахь жилдээ “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг өчигдөр /2019.05.02/ зохион байгуулж, зөвлөмж гаргалаа.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Ардчилсан Монгол Улс байхын тулд хэвлэлийн эрх чөлөө зайлшгүй хэрэгтэй. Тиймээс тавдугаар сарын 3 бол бидний хариуцлагын өдөр. Бид иргэдийн мэдэх эрхийг хангах, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох, хэвлэлийн эрх чөлөөнд юуг багтааж, цааш нь уламжлан авч явах ёстойг энэ өдрүүдэд ярих хэрэгтэй”-г дурдсан.  

“Эх хэлний хэрэглээ, соёл ба хэвлэл мэдээлэл” сэдвийн хүрээнд өрнөсөн энэ удаагийн хэлэлцүүлэг, зөвлөгөөнд хэвлэл мэдээллийн 190 гаруй ажилтан оролцож санал, шүүмжээ илэрхийлэв.

Зөвлөгөөнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл”-ийн дарга, Монгол Улсын ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат ажилтан С.Дулам  “Монгол хэлний найруулгад үгсийн сангийн баялгийг ашиглах нь” сэдвээр, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор, профессор Д.Ганболд “Цахим хэвлэлийн хэл найруулга, анхаарах зүйлс”-ийн талаар, “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Одонтуяа “Редакторлах ажил, тулгамдсан асуудал”-аар тус тус илтгэл тавилаа.

Тус арга хэмжээний өөр нэгэн анхаарал хандуулах ёстой асуудал нь монгол хэлний эргэлзээтэй бичигддэг үгсийн тухай байв. Үүнд нэгдсэн ойлголт өгөх “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь бичгийн хэрэглээ ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” хэмээх чухал илтгэлийг судлаач Б.Элбэгзаяа танилцууллаа.

Түүнчлэн илтгэл тавьсан хэлний мэргэжилтнүүдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монгол хэлний зөв бичгийн журамласан толь”-ийг баримтлах ёстойг онцлов.

ТУХАЙЛБАЛ, СУДЛААЧ ДОКТОР, ПРОФЕССОР Ж.БАТБААТАР “Журамласан хэл зүй, журамласан толь бичиг гэдэг бол шууд дагаж мөрдөхийг хэлж байгаа юм. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан. Одоо ямар нэгэн сонины школ, редакцын дотоод журмаар зохицуулдаг маргаан огт байх ёсгүй. Журамласан толь бичгээ Улсын Ерөнхийлөгч ч бай, нэгдүгээр ангийн хүүхэд ч ялгаагүй баримтлах ёстой” гэв.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ш.ЁОЛК “Сэтгүүлчдийнхээ урам зориг, итгэлийг бэхжүүлэн бататгаж байгаа МСНЭ-ийн удирдлагууд, сэтгүүлч нөхдөдөө баярлаж байгаагаа хэлье. Энэ маш чухал уулзалт, зөвлөгөөн шүү. Олон сайхан илтгэлүүдийг сонслоо. Ганболд багшийн алдаануудыг дурдаж байхад манай сэтгүүлчид инээж байна. Инээхээс өөр арга байхгүй. Гэхдээ заримдаа уйлмаар. Инээдэм гэдэг чинь ганцхан хөрвөөд л эмгэнэл болчихдог. Өнөөдөр манай сэтгүүл зүйн бичлэг эмгэнэлийн шатандаа орчихоод байгаад би харамсаж байгаа юм. Сэтгүүлчдийн хэл, хэллэг доройтсныг Монгол Улсад боловсролын систем дампуурсантай холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. Оросын боловсролын систем муу биш. Бид түүнийгээ дагаад бага зэрэг орчин цагийн өөрчлөлтийг хийгээд явсан бол бид нар өнөөдөр ингэж хохирохгүй байсан. Худам Монгол бичгийг заахаар оруулж ирснийг би буруутгадаггүй, сайшаадаг. Гэтэл төрийн бодлого тууштай байхгүй байснаас арван жилрийн хүүхдүүдийг самарчихсан. Тэр үеийн бүтээгдхүүнүүд эргээд багш болцгоочихсон. Өөрөө юу ч мэдэхгүй хүн бусдад юу заах юм бэ. Үүнээс гарах арга зам нь юу вэ гэхээр хос бичигтэй байх системээ барьж, төрийн албан ёсны бичгийг гадагшаа илгээхдээ монгол бичгээрээ явуулаад, өдөр дутмын хэрэглээндээ крилл бичгээ төгс төгөлдөр байдлаар нь авч явъя. Хоёр морьтой хүн замд сульдана гэж хэзээ ч байхгүй. Дамдинсүрэн багшийн журамласан хэлний зүйн дүрэм хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ эрдэмтдийн дунд маргаантай байсан зарим асуудлыг сүүлийн үед манай ардын багш Чоймаа тэргүүтэй монгол хэлний эрдэмтэд журамлаад ном болгож гаргасан. Гагцхүү бид нар үүнийг уншиж хэрэглэж, сурах л хэрэгтэй байна” гэлээ. 

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР “Би хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүй нь нийгмийн өмнө үндсэн хоёр үүрэгтэй гэж ойлгодог. Нэгдүгээрт, бид шударга ёс, үнэний дуу хоолой болох ёстой. Хоёрдугаарт нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Бид 1990 оноос өмнө хэдийгээр өөр системд амьдарч байсан боловч сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүрэг нь маш тод байжээ. 1990 оноос хойших бид нарын хамгийн том ололт бол хэвлэлийн эрх чөлөө. Гэвч даяаршил, сошл орчинд явж байгаа нөлөөлөлд хэл соёл, ялангуяа сэтгүүл зүйн бүтээлүүд эрлийзжих, мөн чанараа алдах аюул байна. Тийм учраас бид үүнээс цааш хөгжихдөө, хаана хаанаа үүнийг бодож явах ёстой юм байна.

Төгсгөлд нь би гурван зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, энэ арга хэмжээг улам утга төгөлдөр, илүү үр байлгах, залуу редакторуудыг олноор хамруулах хэрэгтэй юм байна. Яг одоо сонин буулгах гээд редакц дээрээ байгаа залуу редактор нэг өдрийг өөртөө зориулах ёстой байжээ гэж бодож байлаа. Хоёрдугаарт, салбар сургалтуудыг зохион байгуулъя гэсэн санаачилга гаргаж байна. Телевиз, радио, сонин, сайт гэсэн чиглэлээр салбар хуралдаан, сургалтыг мэргэжлийн холбоодуудтайгаа хамтраад МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулж, зохион байгуулдаг болъё. Гуравдугаарт, олон эрдэмтэн  судлаачдын оюун ухааныг уралдуулсан өнөөдрийн зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг сурталчилах тал дээр дорвитой ажиллая. Форумаас нэг уриалга, зөвлөмж гараад үлддэг. Хэрэгжилт дээр учир дутагдалтай тал байдаг. Тиймээс МСНЭ-ийн ажлын алба энэ зөвлөмжийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өөрсдөд нь хүргэж сурталчилах ажлыг өргөн хүрээнд явуулъя гэсэн бодолтой байна” хэмээлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7777777(103.20.152.50) 2019 оны 05 сарын 03

Сэтгүүлч ,хөтлөгч,нэвтрүүлэгч, гэх хүмүүс МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ...Одоо энэ зурагтаар ярьж байгаа сурвалжлагч,сэтгүүлч,хөтлөгч нар Монгол хэлний үгийн баялага маш муу, 2 үг хэлээд л ”БАЙГАА” 2 ҮГ ХЭЛЭЭД Л ”БАЙГАА ” гэж ярих юм наад зах нь үүнийгээ болоих хэрэгтэй шүү дээ ....

0  |  0
Top