- Хөтөлбөрийг ирэх долоо хоногт Засгийн газар хэлэлцэнэ -
Таван мянган ажлын байр дагуулах ХҮНД хөтөлбөр хүлээлгийн өрөөнд байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Аж үйлдвэрийн салбарыг 15 жилийн хугацаанд хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг төсөөллийг цаасан дээр буулгаад дөрвөн оныг элээсэн бид “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд чухам ямар үйлдвэрүүдтэй үлдэж хоцрох бол гэсэн хүлээлт зүй ёсоор үүсээд буй. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж дууссаныг дуулгахад таатай байна. УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж буй гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд анхаарал татаж байлаа л даа. Хөтөлбөрийн төсөлтэй холбоотой ямар ахиц байгаа талаар мэдээлэл өгөөч?
-“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж дууссан. Энэ хүрээнд хэд хэдэн хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулахад, оролцогч талуудаас олон санал ирлээ. Яамны зүгээс нэлээн ч их судалгаа хийлээ. Улмаар бүсчилсэн хөгжлийг илүүд үзэх нь зөв гэж тогтсон. Монгол Улсад эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай хоёр, гурван төсөл байна. Хар төмөрлөгийн үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, мөн арвин их нөөцтэй байгаа хүрэн нүүрсийг гүн боловсруулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр гэсэн чиглэлүүдэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурь дээр тогтсон. Хөтөлбөрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах байх. Хөтөлбөр батлагдсаны дараа хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нарийн тодорхойлоод явна.
-2020-2023 хэрэгжүүлэх хөтөлбөрт урьдчилсан байдлаар 11 үйлдвэр барьж байгуулна гэсэн зураглал харагдаж байсан. Засгийн газраар хэлэлцэгдэх хөтөлбөрийн төсөлд тэдгээр үйлдвэрүүд бүгд багтаж орсон уу. Эсвэл шигшиж хассан уу?
-Шигшигдэж, хасагдсан юм байхгүй. Яг л тэр жагсаалтаар л явж байгаа.
-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн тухайд хүхрийн хүчлийг нь хаашаа хийх вэ гэдгээ эхэлж шийдвэрлэх ёстой гэсэн асуудал яригдаж байна л даа. Хаана булах, хаашаа аваачих нь тодорхой бус гэх зүйл анхаарал татаж байгаа?
-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлууд бий. Оюутолгойн орд газрыг түшиглэж зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ хүрээнд үйл ажиллагаа явагдах ёстой. Нэгт, хүхрийн хүчлийн асуудал байна. Хоёрт, дэд бүтэц. Гуравт, усны асуудал бий. Энэ асуудлуудыг бид маш түргэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн тендерийг хөрөнгө оруулагчдад зарлахаар төлөвлөж байна. Тендерийн хүрээнд уг үйлдвэрийг Монгол Улсад барьж, байгуулах сонирхолтой компаниудад тавьж буй хамгийн том шалгуур үзүүлэлт нь хүхрийн хүчлийг боловсруулах эсвэл зарж борлуулах өөрсдийн гэсэн концепцитэй орж ирэх шаардлагыг тавьж байна. Хятадын зах зээлд гаргах уу, эсвэл дахин боловсруулж элемэнтийн хүхэр болгох уу гэдэг концепци нь нэн тэргүүний шаардлага болж тавигдаж байгаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцэд зарцуулагдаж буй санхүүжилт Энэтхэгийн Засгийн газраас авч байгаа нэг тэрбум ам.доллараас тусдаа гэж ойлгогдож байгаа. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардагдах нийт санхүүжилт тэрбумыг давж 1.2 сая ам.доллар болоод байгаа юм билээ. Тэгэхээр бид дэд бүтцийн зардлыг эндээсээ шийдэж байгаа нь тэрбумаас хальж давсан 200 сая ам.долларын асуудлыг өөрсдөө шийдэхээр ажиллаж байгаа явдал гэж харж болох уу?
-Газрын тос боловсруулах үйлдвэрт 236 сая орчим ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа. Гэхдээ энэ бол яг одоогоор тулгамдчихаад байгаа асуудал биш. Ажил графикийн дагуу явагдахад тухайн цаг үедээ шаардагдах юм. Гэхдээ бид нэмэлт 236 сая ам.долларын хөрөнгийг одооноос хөөцөлдөж эхэлж байна. Энэтхэгийн Засгийн газарт хүсэлт тавьсан, нааштай хариу авсан. Цаг хугацаа нь болоод үнэхээр шаардлагатай гэвэл Засгийн газраас гаргахад ч гэсэн нэг их буруу зүйл байхгүй болов уу гэж харж байгаа. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн яг одоо тулгамдаад байгаа асуудал биш.
-Техник эдийн засгийн үндэслэл нь /ТЭЗҮ/ байхгүй байхад шавыг нь тавиад эхэлчихлээ гэсэн шүүмж өнгөрсөн хугацаанд дагасан. Дараа нь ТЭЗҮ асуудал дагуулж байна гэж мөн яригдлаа. Энэтхэг, Италийн компаниудын оролцоотой ТЭЗҮ-д ямар нэг асуудал байгаад байна уу?
-ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд хүлээгээд авчихсан. ТЭЗҮ дээр Италийн “KT-Kinetics technology” компани хөндлөнгийн хяналт тавьсан. Нэлээн боловсронгуй ТЭЗҮ болсон гэж ойлгоход болно. ТЭЗҮ дээр одоогийн байдлаар ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн байгаа.
-Энэтхэгийн “Engineers India limited” компанийн төлөөллүүд манайд ажиллаж байгаа юу?
-Энэтхэгийн компаниас байнга ирж, нөхцөл байдалтай танилцаж байгаа. Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан “Engineers India limited” компанийн гэрээн дээр ажиллаж, нөхцлүүдийг тодорхойлж байгаа. Манай болон тэдний талаас тавьж буй нөхцөл дээр бага зэрэг саналын зөрүүнүүд байгаа учраас нэг талдаа гарахын тулд жаахан цаг хугацаа орж байна.
-Яг ямар асуудлууд дээр саналаа нэгтгэх шаардлагатай байна вэ?
-Тэрийг одоохондоо би танд хэлж чадахгүй байна. Гэрээг хийж дууссаны дараа төслийн менежмэнтийн зөвлөх компани багаараа Монголд орж ирж энд өөрсдийн оффисыг байгуулж, хамтарч ажиллана гэж ойлгож болно.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХӨРСӨН ДЭЭР БУУХ ЁСТОЙ ҮЙЛДВЭРҮҮД
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 257 мянган тонн катодын зэс, 5800 тонн алт, 5.7 тонн мөнгө үйлдвэрлэх “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл.
-Дорнод аймагт зүүн бүсийн холимог металлын орд /баяжуулах үйлдвэр/-уудад түшиглэн цайр, хар тугалганы үйлдвэр байгуулах төсөл.
-Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулна.
-Төвийн бүсэд Дархан-Уул аймагт “Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийн хүрээнд жилд 600 мянган тонны хүчин чадалтай шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах, одоо байгаа гангийн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах, шинэ гангийн үйлдвэр нэмж байгуулах замаар 470 мянган тонн хүчин чадалтай ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолборын 1 дүгээр үе шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
-Төвийн бүсэд “Бэрэн групп”-ын Орхон аймагт хэрэгжүүлж байгаа “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн хүрээнд жилд 100 мянган тонны хүчин чадалтай ширэмний үйлдвэр, 200 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулна.
-Зүүн бүсэд Дорноговь аймгийн Айраг суманд “МДМУ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Ширэм болон цутгуурын үйлдвэрийн төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн ба 10 мянган тонны хүчин чадалтай гангийн үйлдвэр, 200 мянган тонны хүчин чадалтай ширэмний үйлдвэр, гангийн үйлдвэрийг өргөтгөж 50 мянган тонны хүчин чадалд хүргэснээр үйлдвэр2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.
-Зүүн бүсэд Дорнод аймгийн Матад сумын нутагт хэрэгжүүлэх “Дорнын хүдэр” ХХК-ийн “Дорнын ган” төсөл нь уурхай-баяжуулах үйлдвэр-ширэмний үйлдвэр-цутгуур/ган/-ын үйлдвэр схемээр 100 мянган тонн хүчин чадалтай ширэмний, мөн 100 мянган тонн хүчин чадал бүхий цутгуурын үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн ба төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
-Төвийн бүсэд Орхон аймагт “Ора металл” ХХК-ийн одоо байгаа гурван мянган тонн хүчин чадалтай цутгуурын үйлдвэрийн шугамыг бүрэн шинэчилж, 10 мянган тонны хүчин чадалтай бүрэн автомат шугамаар шинэчилнэ.
-Зүүн бүсэд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Жараахайн булаг” ХХК-ийн цутгуурын үйлдвэрийг суурилагдсан хүчин чадалд хүргэх, техник-технологийн шинэчлэл хийнэ.
-Төвийн бүсэд төмөрлөгийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах зорилгоор ферро хайлшийн үйлдвэрийг байгуулна.
-Эрдэнэт үйлдвэр”-ийн “Засвар механикийн үйлдвэр”-ийн хүчин чадлыг өргөтгөх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн импортоор авдаг цутгамал эд анги, сэлбэг материал, цахилгаан хэрэгсэл, резинэн эдлэлийн үйлдвэрлэлийг дотоодоос хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
injener natsagnyamtai hamtarch ajil
ai ti hogjuulvel himiin uildvert mongolchuudaa horduulahgui gadaadiinhnaar ajiluulaad ooroor helbel motor yaj ajildagiig mongolchuud ezemshine hereglegch bish buteegch