БНАСАУ алсын зайн тусгалтай тийрэлтэт зэвсэг туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун алсын зайн тусгалтай тийрэлтэт зэвсэг болон тактикийн удирдлагатай зэвсгийг турших зорилго бүхий батлан хамгаалах нэгтгэлүүдийн хээрийн сургуулилтыг удирджээ. Энэ тухай тус улсын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.Хойд Солонгосын удирдагч сургуулилтын үр дүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж алба хаагчдыг орчин үеийн том калибрын алсын зайн тусгалтай тийрэлтэт зэвсэг болон тактикийн удирдлагатай зэвсгийг сайн эзэмшсэн хэмээн сайшаасан байна.  KCNA агентлаг сургуулилт болсон газар, ашигласан зэвсгийн төрөл болон хэдий хэмжээний сум хэрэглэснийг тодруулаагүй байна.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг БНАСАУ хэд хэдэн ойрын тусгалтай пуужинг Вонсан боомт орчмоос хөөргөсөн тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдээлснийг дамжуулсан. Эх сурвалжийн мэдээллээс үзвэл, пуужингууд Япон тэнгисийн чиглэлд 70-аас 200 км-ийн зайд нисч өнгөрсөн байна.Хамгийн сүүлд Пёньян 2017 оны арваннэгдүгээр сард пуужин туршиж байжээ. Тухайн үед хөөргөсөн “Хвасон-15” шинэ төрлийн пуужин 4475 метрийн өндөрт хөөрч, 950 км зай туулсан байна. Энэ туршилтын дараа БНАСАУ “Хвасон-15” төрлийн пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж АНУ-ын газар нутагт хүрэх хүчин чадалтай хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнээс хойш өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Пёньян социалист эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх үүднээс цөмийн зэвсэг болон бүх төрлийн зайн тусгалтай баллистик пуужингийн туршилт хийхээ зогсоох болсон тухай мэдэгдэж байв. Мөн оны тавдугаар сард БНАСАУ газар доор цөмийн туршилт хийж байсан Пхунгери цөмийн талбайг татан буулгасан. 2016-2017 оны хооронд тус улс нийт 40 орчим баллистик пуужин туршжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top