Залуу хүн завгүй байх сайхан. 23-хан насандаа хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, өөрийн гэсэн өвөрмөц ертөнцөө туурвин байгаа эрч хүчтэй, эгэл даруухан нэгэн уран бүтээлчтэй та бүхнийг танилцуулах гэж байна. Арьсаар урласан ханын чимэглэл, хазаар ногт, гутал цүнх, бэлэг дурсгалын ховор чамин эд зүйлсээр ажлынхаа өрөөг “гангалсан” Арьсан урлагийн зураач, дизайнер Э.Бямбабаяртай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
-Та хаана төрж өссөн бэ. Анх Арьсан урлаач болох сонголтонд тань хэн нөлөөлсөн бэ?
-Би хотод өссөн хүүхэд. Аав минь Сүхбаатар аймгийн Урчуудын Эвлэлд зураачаар ажиллаж байсан Энхбат гээд зураач хүн. Одоо хувиараа ажил эрхэлдэг. Багаасаа будаг шунхны хажууд өссөн болохоор аав минь их нөлөөлсөн. Есдүгээр ангиа төгсөөд Гандийн нэрэмжит Арьсан урлалын ангид суралцсан. 2012 онд Арьсан урлалын ангид элсэн орсон. Анх уран зургийн ангид орох гэж байгаад олон талын давуу талтай гэдэг утгаараа энэ ангиа сонгосон.
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Багшийнхаа талаар ярина уу?
-Манай багшийг Р.Ариунболд гэдэг. Арьсан урлагийн чиглэлээр олон шавь төрүүлсэн. Багшийнхаа удирдлаган дор Монголын уран зангилаа, сүлжээг судлаад дипломын ажлаа хийж 2017 онд төгссөн.
-Энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ олон давуу талтай гэлээ, ямар ямар давуу талыг мэдэрч байна вэ?
-Сурсан мэдсэн зүйлээрээ жижиг сажиг захиалга авах, дэлгүүрт тавих гээд хөдөлмөрлөхийн сайхныг оюутан байхаасаа л мэдэрсэн. Хоёрдугаар курсээсээ сургуулийнхаа сургалтын төлбөрийг өөрөө олдог болсон. Уран бүтээлч байна гэдэг амьдралаа золиослож, бүхнээ зориулахыг хэлдэг. Гэтэл нийгмийн шаардлагаар зайлшгүй өөрийн гэсэн орлоготой байхыг шаарддаг. Аль алийг нь зохицуулаад явахад энэ мэргэжил маань их дөхөм байдаг.
-Таны уран бүтээл ихэвчлэн үндэсний хэв маягийг хадгалсан уламжлалт бүтээлүүд байна. Шинэ брэндийнхээ талаар танилцуулаач?
-Монголчууд арьс ширэн эдлэлээр ахуйн хэрэгцээний эдлэл хэрэглэлээ хийсээр ирсэн ард түмэн. Энэ уламжлалыг түмэнд дэлгэрүүлэхийг зорьж байна. Оюутан байхаасаа өөрийн гэсэн брэндийг гаргах юмсан гэж хүсэж байсан. Хол явъя гэвэл хоёулаа яв, ойр явъя гэвэл ганцаараа яв гэдэг шиг оюутны ангийнхаа найз Сумъяатай хамтарч, энэ мөрөөдлөө сургуулиа төгсөөд нэг жилийн дараа хэрэгжүүлсэн. “B&S leather art” брэндийн Хамгийн анхны коллекц маань “Уялга” гэдэг нэртэй. Найман цуврал цүнхтэй. Жилдээ гурван коллекц гаргая гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Өөрсдийн нэрийн үсгээр нэрийдсэн байна, тийм үү. Чанар чансааг харуулсан, дахин давтагдашгүй, “шунал” төрөм “B&S leather art” нэрийн цүнхнүүдээ бүтээсэн технологийн талаар хуваалцана уу?
-Тийм. Энэ коллекцоо гар аргаар хийсэн. Бүх чимхлүүр ажлыг гараар сийлж, зангидаж, ур ухаан, цаг хугацаа их ордог. Заримдаа захиалгын юм орж ирнэ. Оёдлын машинаар оёсон үед жижиг цүнх өдөртөө 5-6 ширхэг гарна.
-Бүтээл хийх бэлдэцээ хаанаас нийлүүлдэг вэ? Үнэ ханш нь хэр байх уу?
-Дэлхийн алдартай “CUCCI” брэндийн цүнхээ хийдэг арьсаар нь цүнхээ хийж байгаа. 10 гаруй орноос нийлүүлсэн үхрийн шир, хонины нэхий, ямааны арьсаар хийдэг. Мэдээж монгол арьсаараа ч хийнэ. Аль болох монгол арьсаараа хийхийг боддог. Арьс гэдэг бол эдлэж хэрэглэх тусам өнгө орж, хугарч хатдаггүй, гарын аясаар хэлбэрт орж, хувирч өөрчлөгддөг урамтай материал. Нэг миллметрээс нэг сантметр хүртэл нимгэн зузаантай болохоор хийх гэж буй бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалж арьсаа сонгодог
-Арьсаар өөр ямар ямар бүтээгдэхүүн хийж байна вэ? Ширээн дээр байгаа айпадны гэр маш гоё үзэмжтэй, уран хийц орсон харагдана?
-Арьсаар хийж болох бүх л юмыг хийж байна даа. Авдар сав, тэлээ, түрийвч, гутал, сувинер, дэвтэр номын хавтас гээд хүний хэрэглээ хийгээд сэтгэмж дуусашгүй шүү дээ. Ихэвчлэн хүний зориулж хийлгэсэн ганц хувь захиалга хийж байна.
-Та саяхан зохиогдсон “Хүрэл буга 4” үзэсгэлэнгийн үеэр уран зангилаат бүтээлээрээ шилдэг цомын эзэн болсон?
-Миний хийж буй бүтээлийн дийлэнх хувь нь уран зангилаа байдаг. Хамтарсан гурав дахь үзэсгэлэн дээрээ шилдэг цом авсан маань маш том үүрэг хариуцлага гэж бодож улам хичээж байна. Уран зангилааг хүн сэтгэж л байвал маш олон төрлөөр хийгдэх боломжтой. Жишээ нь энэ морины хазаар байна. Нэвтэлж сүвлэж хийдэг болохоор хэзээ ч буцаж задардаггүй “нэвтгэлжин” гэдэг зангилааг макрем буюу гадаадынхан илүү хэрэглэдэг зангилаатай хослуулж хийсэн. Энэ бол Монголдоо ганцхан хувь.
-Урлагийн бүтээл хийх урлал хийх хоёрыг зэрэгцүүлнэ гэдэг их хэцүү юу?
-Хэцүү. Урлалыг өдөр тутам тогтсон эскизийн дагуу хэрэглээ талаас аа хийдэг бол урлагийн бүтээлийг ямар нэг хэв маягт баригдахгүй дахин давтагдашгүй ганц хувь хийхийн төлөө бодно, тунгаана. Ер нь их сууж сурсан хүнийг л төлөвшсөн хүн гэнэ.
-Залуус маань сүүлийн үед хэр төлөвшиж байгаа юм бол? Цагийг хэр зөв үр бүтээлтэй өнгөрүүлж байна гэж боддог вэ?
-Орчин үеийн залууст өөрийгөө хөгжүүлэх бүх боломж нь хангагдсан. Дэмий зүйлд цагаа үрэхгүй, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байж өөрсдөө л хичээвэл боломжгүй зүйл гэж байхгүй.
-Залуу хүний хувьд та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?
-Ном уншдаг. Ихэвчлэн хувь хүний хөгжлийн талаар ном уншиж оюунаа цэнэглэж, эрч хүч авдаг. “Сэхээтэн” гээд подкастыг сүүлийн үед сонсох дуртай болсон.
-Заримдаа танд шантрах үе гардаг уу?
-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор шантрах зүйл гардаггүй. Аз жаргалтайгаар ажлаа хийдэг.
-Сүүлийн үед таны мэргэжлийн хүмүүс хэр нэмэгдэж байна вэ?
-Сумъяа бид хоёр анх ангидаа хоёулхнаа элссэн. Төгсөн төгстлөө хоёулаа л байж жаргал зовлонгоо хуваалцаж байсан. Зорилгоо зангидаж хүссэндээ хүрсэн. Арьсан урлаач мэргэжлээр элсэн орж байгаа хүүхэд тун бага. Ийм мэргэжил байдаг гэж сайн мэддэггүй. Голдуу уран зураг, дизайнер гэсэн мэргэжлийг сонгох нь элбэг болсон. Мөн зангиа зүүсэн цагаан гартай дарга даамал болох хүсэлтэй хүүхдүүд олон болжээ. Диплом тэвэрсэн ажилгүй залуус маш олон байгаад эмзэглэдэг. Мэргэжлээ зөв сонгоосой. Үндэсний урлагаа орчин үетэй хослуулаад явах боломжтой уран дархан, арьсан урлаг,сийлбэр гэсэн мэргэжлийг судлаасай. Үүнээс авах зүйл, мөлжих зүйл их бий шүү.
-Арьсан урлагийг эмэгтэйчүүд их сонирхох болжээ. Энэ талаар?
-Манай эмэгтэйчүүд их тэвчээртэй. Арьсан урлал гарын хүч, цаг хугацаа их шаардана. Үүнээсээ шалтгаалж хүүхдүүд энэ мэргэжлийг сонгох нь ховор байж магадгүй.
-Хүнд хэцүү бүхнийг үл хайхран ажлаа аз жаргал гэж мэдэрч байгаа нь бахдал төрүүлж байна. Нэрийн брэндээ хөгжүүлэхэд тусалж дэмждэг байгууллага бий юу?
-Байхгүй ээ. Эхлээд бага багаар өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болж байна. Удахгүй “B&S leather art” брэндийн дэлгүүрээ энэ тавдугаар сард багтааж нээнэ гэж төлөвлөж байна.
-Маш сайхан зорилго тэмүүлэл байна. 10 жилийн дараах Э.Бямбабаярыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Эхний ээлжинд Монголдоо танигдаж, өргөн хэрэглэгчтэй болчихоод дэлхийн зах зээлд монгол арьсан урлалыг гаргана гэж бодож байгаа.
А.СҮГЛЭГМАА
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна. Амжилт хүсье. Уг нь ийм залуусыг дэмжээд өгвөл. Нөгөө ждү олддог бол ихийг бүтээнэ дээ