Махны хэрэглээ зохистой хэмжээнээс 2.6 дахин их байна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

“Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” улсын хэлэлцүүлэг даваа гаригт /2019.05.06/ Төрийн ордонд боллоо.

Монгол Улс 2018 оны байдлаар 66 сая 463.7 мянган толгой малтай болжээ. Үүнээсээ өнгөрөгч онд 12 сая орчим толгой малыг дотоодынхоо хүнсэнд хэрэглэж, 4.7 сая толгой малын махыг боловсруулан экспортод гарсан байна. Монголчуудын хүнсэндээ хэрэглэсэн малыг бог малд шилжүүлбэл 16.3 сая толгойд хүрэх бөгөөд уг тоон үзүүлэлт нь биднийг махны хэт хэрэглээтэй орны тоонд оруулсан аж.

Монгол Улс 1990 онд жилд 2.2 сая толгой мал хүнсэндээ хэрэглэж байсан бол өнөөдөр энэ тоо найм дахин өсчээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран зохион байгуулсан “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Монголын махны холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Орчин үеийн монголчууд түмпэн дүүрэн мах чанадаг болсон. Тогоо дүүрэн хорхог хийдэг болсон” хэмээн шүүмжлэв. Тэрбээр “Би хөдөө өссөн хүүхэд манай аав, ээж хоёрхон хавирга чанаад гурилтай шөл хийдэг байсан. Аав, ээж хоёр хавиргаа иддэг. Хүүхдүүд бид гурилтай шөлөө иддэг байсан. Ийм ард түмэн өнөөдөр замбараагүй мах хэрэглэж байна. Хэрэв махны хэрэглээгээ багасгавал малчид малынхаа тоог багасгана. Малын тоог багасгаснаар чанартай, залуу мах идэх боломжтой” гэсэн юм.

Эрхэм гишүүний хэлснийг судалгаа баталж байлаа. Олон улсын хэмжээнд насанд хүрсэн хүний махны хэрэглээ өдрийн 90 гр байдаг бол манай улсад 265 гр мах оногдож байна. Гэхдээ энэ мах сайн чанартай биш болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа. Хэдийгээр манай бэлчээрийн мал аж ахуй нь малын махны чанарыг дээшлүүлдэг ч өвчин, түүнийг дагасан тарилга, нэмэлт бүтээгдэхүүн, ариун цэврийн шаардлага хангаагүй мах бэлтгэл, хадгалалт, тээвэрлэлт зэргээс шалтгаалан монголчууд чанаргүй мах хэрэглэх нөхцөл байдал үүсээд байгаа аж.

“Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн 800 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүнсний аюулгүй байдлыг хангах нь бүх нийтийн асуудал бөгөөд үүнээс ангид нэг ч хүн, нэг ч байгууллага байх ёсгүй. Дотоодын төмс, хүнсний ногооны жилийн нийт хэрэгцээ тийм ч их биш 370 мянган тонн орчим байгаа. Үүний 180 мянган тонныг төмс, 190 мянган тонныг бусад хүнсний ногоо бүрдүүлдэг. Ийм хэмжээний тариалалт, үйлдвэрлэл явуулах нөөц бидэнд хангалттай бий. Гэтэл 2018 онд хүнсний ногооны хэрэгцээний ердөө 42 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангажээ. Аль 10 жилийн өмнө 2009 оноос эхлэн дотоодын төмсний хэрэгцээг 100 хувь хангах хэмжээнд хүрсэн боловч одоог хүртэл гаднаас төмс зөөсөөр л байна. Хүнсний нарийн ногооны хэрэгцээний 90 гаруй хувийг импортоор авч байна. Импортын хүнсний ногооны нөөц, хангалт, хадгалалт, түгээлт, тээвэрлэлтийг “Барс” худалдааны төв дээр зохицуулж, хүнсний ногооны үнийг тэнд тогтоож байгаа монополь тогтолцоог халах шийдлийг бид ярих ёстой болсон” хэмээсэн юм.

МАЛ 66 САЯ 463.7 МЯНГАД ХҮРЧ, ЖИЛД 500 МЯНГАН ТОНН МАХ БЭЛТГЭЖ БАЙНА

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2018 оны жилийн эцэст 66 сая 463.7 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 244 мянгаар нэмэгдсэн байна. Малын тоо толгойн өсөлтийг дагаад 2018 онд 500 мянган тонн мах бэлтгэсэн нь өмнөх оныхоос 17.3 хувиар өсчээ. Монгол Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах 108 үйлдвэр, 55 цех бүртгэлтэй байгаагаас 130 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрт нядалгааны 100 хоногт нийт 3.2 сая толгой бог, 830 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал суурилагдсан хэдий ч 10-20 хувийн хүчин чадлаа ашиглаж байгаа аж.

Мөн манай улсад гүн хөлдөөсөн 2.1 мянган тонн, хөргөлттэй 118.4 мянган тонн мах хадгалах хүчин чадалтай нийт 110 агуулах ажиллаж байгаа ба Улаанбаатар хотод 75.5 мянган тоннын хүчин чадалтай агуулах, орон нутагт 42.9 мянган тоннын хүчин чадалтай агуулах байрлаж байна. Харин эдгээр агуулахын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байгаа юм.

Монгол Улс 2018 онд 70.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 50 мянган тоннд хүргэх зорилтыг биелүүлээд байгаа аж. Цаашид энэ амжилтыг дээшлүүлж, тогтвортой хадгалах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байв.

Нийслэлийн хүн амын өсөлтийг Монгол Улсын жишсэн хүн амын дундажтай уялдуулан 2019 онд 1157.3 мянга болно гэсэн урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд хүнсний хэрэглээнд 50.6 мянган тонн мах, улсын хэмжээнд 117.6 мянган тонн мах шаардлагатай байгаа аж. Үүнээс үзэхэд хүн амын махны хэрэглээ зохистой хэмжээнээс 2.6 дахин их байгаа юм. Монгол Улс 2018 онд 73 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 440 тэрбум төгрөг олсон нь мах экпортод нөлөөлөх стратегийн гол бүтээгдэхүүн болсныг харуулж байгаа аж. Иймд цаашид махнаас хуримтлагдах орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөгөөний төлөөлөгчид хүсч байсан юм.   

Хэдийгээр махны экспорт, дотоодын хэрэглээ өсч байгаа ч зохистой нийлүүлэлтийн систем бүрдэж чадаагүй байгааг зөвлөгөөний үеэр хэлж байлаа. Тухайлбал, манай улс жилд 178.2 мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй ч 50 хувийг нь үйлдвэрлэж чадахгүй байна. Махан бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэх боломжтой 13 нэр төрлөөс долоог нь үйлдвэрлэж байна.  Иймд малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн бүртгэл, баталгаажуулалтын системийг хэрэгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байна. Мөн байгаль цаг уурын онцлогтой боловсруулалтын систем тогтоож, нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилтийг түргэн шуурхай олгох, хадгалалт, тээвэрлэлт, ложистикийн хүрэлцээтэй байдлыг дэмжих, малаас гарч буй дайвар бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэгт төрийн бодлого дутагдаж байгааг зөвлөгөөнд оролцогсод хэлж байлаа.

МОНГОЛ УЛС ТӨМСНИЙ 113.4 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГООНЫ 41.8 ХУВИЙГ ДОТООДООС ХАНГАДАГ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гол нэрийн ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт дэвшүүлсэн. Мөн “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээн”-гээр монгол хүн өдөрт 120 гр төмс, 260 гр хүнсний ногоо идэх шаардлагатайг заасан.

Улсын хэмжээнд 2018 онд 16.2 мянган өрх, 950 гаруй хоршоо, нөхөрлөл төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэн 13.1 мянган га-д төмс тарьж 168 мянган тонн ургац, хүнсний ногоо 8.6 мянган га-д тарьж 102.2 мянган тонн ургац тус тус хураан авч дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээт төмсний 113.4 хувь, хүнсний ногооны 41.8 хувийг хангаж, импортоор 88.6 мянган тонныг авч бодит хэрэглээ нь дотоодын үйлдвэрлэл, импорт нийлээд 81.4 хувь байгаа юм.

Хүнсний ногооны таримлын бүтцийн хувьд нийт ургацын 20.3 хувийг байцаа, 33.9 хувийг лууван, 22 хувийг манжин, 9.1 хувийг сонгино, нэг хувийг сармис, 4.3 хувийг өргөст хэмх, 2.5 хувийг лооль, долоон хувийг чинжүү, тарвас, хулуу, салат зэрэг эзэлж байна. Харин үрийн хэрэгцээнд лууван, манжингийн үрийг 100 хувь, байцааны 40 хувь, сонгинын таван хувь, сармисны 30 хувийг тус тус дотоодоос хангаж байна. Зоорийн хангамж 60 хувийн хүрэлцээтэй байгаа ба нийт 16.2 мянган өрхийн 63 мянган иргэн хүнсний ногоо тариалж байгаагаас 210 мянган тоннын багтаамжтай 10 гаруй мянган зоорь ашиглаж байна.

Засгийн газраас хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд тодорхой анхаарал тавьж ирсний үр дүнд 34.3 га талбай бүхий нийлэг хальсан хүлэмжийг 1500 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосны зэрэгцээ “Чингис” бондын зээлээр 30 гаруй аж ахуйн нэгжид 25.8 тэрбум төгрөгийн зээлийг олгож 8.4 га өвлийн хүлэмж байгуулсан байна. Зөвхөн 2018 онд гэхэд ЖДҮХС-гаас гурван га талбайд өвлийн хүлэмж байгуулах 12 төсөлд 4.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн 2020 он гэхэд Улаанбаатар хотын ойролцоо дэвшилтэт техник, технологид тулгуурласан үйлдвэрлэл, үрсэлгээ бойжуулалт, хадгалалт, борлуулалтын сүлжээ бүхий 10-20 га талбайтай хүлэмжийн цогцолбор байгуулахаар ажиллаж байгаа аж.

Хүнсний ногооны тариан эрхлэгчдийн зүгээс улсын зөвлөгөөнд хандаж тариаланч, ногоочдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, хүн амыг жилийн турш дотоодын ургацаар хангах боломжийг дээшлүүлэх, агуулах болон тээвэрлэлтэд санхүүгийн дэмжлэг импортыг бууруулах , худалдан борлуулах сүлжээг бий болгох зэрэг шаардлагууд тавьж байлаа. Ингэсэн цагт эрүүл, аюулгүй хүнсээр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй монгол ногооны экспортод гаргах боломжтой болохыг хэлж байсан юм.

Х.БАТТУЛГА: 380 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ НОГОО МОНГОЛЧУУДЫН ХЭРЭГЛЭЭГ ХАНГАНА

"Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид мах, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, зоорь агуулах зэрэг сэдвээр 10 орчим илтгэл тавьсан юм. Тухайлбал, Монгол малын махны чанар, шим тэжээллэг байдал нь байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийхээ хувьд үнэт чанарт нь эргэлзэх шаардлагагүй болохыг профессор Б.Энхтуяа илтгэлдээ дурдсан бол Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг боловсруулагдаагүй, хууль хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа талаар Махны холбооны тэргүүн Б.Очирбат шүүмжилж байлаа. Түүнчлэн салбар хоорондын уялдаа муу байгаа тухай, нөөцийн махны борлуулалт, хуваарилалт, хүрэлцээ, хүртээмжид тавих хяналт, шалгалт тогтмол хийгддэггүй зэрэг багагүй шүүмжлэлийг зөвлөгөөнд оролцогсод хэлсэн юм.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан хүнсний үйлдвэрлэлд стандарт дутуу, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай дэд бүтэц байхгүй, мэдээлэл харилцан солилцох тогтолцоо бүрдээгүй, оруулж ирж байгаа вакцины чанар зэрэг шүүмжлэлтэй олон асуудал хэллээ. Монгол Улсын зөвлөх агрономич Ц.Оюунгэрэлийн илтгэлд хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, нийслэл болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөтгөн дэмжих, дотооддоо үйлдвэрлэдэггүй зарим хүнсний ногооны үрийг гааль, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг саналуудыг дурдаж байсан юм.

Түүнчлэн Монголын махны холбооны зүгээс малын худалдах үнийг зарлах санал гаргаж байлаа. Ингэснээр малын үнэ унах, үнэ хөөрөгдөх аюул арилна гэж тайлбарласан. Холбооны зүгээс махны шинжилгээний лабораторийг аймаг орон нутагт байгуулахыг шаардаж, төрийн байгууллага үйлдвэрийн аргаар боловсруулсан мах ашиглах замаар дотоодын боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлэхийг уриалж байлаа.

Хэлэлцүүлгийг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Би хэлэлцүүлгийг үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Харин хэлэлцүүлгийн дараа юу хийх вэ гэдэг асуудлыг бид тогтож ярих ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнсний асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудлаар гарах зөвлөмжид та бүхний үнэтэй саналууд тусгагдах ёстой. Энэ салбарт ажиллаж байсны хувьд хүнсний болон мах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаа. Энэ хүрээнд бэлтгэсэн төсөл, ТЭЗҮ-үүд бий. 380 мянга орчим тонн хүнсний ногоо байхад монголчуудын хэрэглээ хангагдана. Бүсчилсэн байдлаар үзэх юм бол Улаанбаатар хотод 1.2-1.3 сая хүн байгаа тул гол зах зээлээ гэж үзэх хэрэгтэй. Ирэх жил болох хүнсчидийн 90 жилийн ойгоор баярын хурал хийж, шагнал гардуулахаас илүүтэй хүнсний хангамжаа дотооддоо 100 хувь үйлдвэрлэх, үүгээр зогсохгүй хүнсний бүтээгдэхүүн экспортлосон дүнтэй хурал хийгээсэй гэж хүсэх байна” гэсэн юм.

МОНГОЛ УЛС МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БҮСГҮЙ ОРОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны малчин Л.Нямсүрэн:

-Би Хонхор болон Баянзүрхийн товчооны гол хэсгээр нутагладаг. Баянзүрх хайрханаа тойроод л малаа бэлчээж байна. 700-аад толгой малтай. Манай нутагт мал цөөнтэй болохоор бэлчээрийн даацын хувьд асуудал багатай. Энэ нутаг чинь бидний өвөг дээдсээсээ нутаглаж ирсэн нутаг. Хуучин Баянзүрх сум гэж байхаас л өвөө минь нутагладаг байлаа. Тиймээс би уугуул нутагтаа мал маллаж байгаа боловч хориотой бүсэд багтаж байгаа. Малаа аваад гарахаас аргагүй байдалд орчихоод байна. Тиймээс Хэнтийн Жаргалтхааны зүгт нүүх бодолтой байгаа. Ер нь зах зээлээсээ холдож зүрхлэхгүй байна. Хотын ойр орчимд мал маллах нь зах зээлтэйгээ ойр байхын давуу талтай. Малчны хотноос иргэдийн гарт хүртлээ мал, мах тав, зургаа дамждаг бол би хоёр дахь дамжлага дээрээс өгчихдөг. Харин маллагааны хувьд илүү хараа хяналт шаарддаг. Машинаас эхлээд замын хөдөлгөөн аюултай. Сүүлийн үед мал, махны хэрэглээний, аюулгүй байдлын талаар их ярих болсон. Би мал маллаад 20 жил болжээ. Сүүлийн үед малын өвчин ихэсч, дагаад малын тарилга, туулга ч хүчтэй боллоо. Ингэж эмийн хэрэглээг хүчтэй нэвтрүүлснээр эргээд мал, махныхаа чанарт нөлөөлж байх шиг санагддаг. Тэгэхээр малын өвчингүй бүс нутгийг тодруулж, тэндээ хараа хяналттайгаар малаа өсгөх хэрэгтэй. Ингэснээр эрүүл, аюулгүй мал, махыг нийлүүлэх боломжтой. Цаашдаа эрүүл бүсийн хүрээг нэмэгдүүлэх замаар Монгол Улс малын гоц халдварт бүсгүй орон болох хэрэгтэй. Түүнээс биш эм тариа хэрэглэх замаар эрүүл мал, мах бэлтгэнэ гэдэг учир дутагдалтай. Би гэхэд малаа тариулах дургүй. Гэхдээ хотын бүсэд байгаа хүн тариулахаас өөр аргагүй. 

НОГООЧИД ХУДАЛДАА ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ХҮСЧ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин Л.Банзрагч:

-Би үр хүүхдийнхээ хамтаар хүнсний ногоо тарьж, худалддаг. 2-3 га-д төмс, лууван, манжин, сармис гээд бүхий л хэрэгцээт ногоог тарьдаг. Намар хотод ногоогоо борлуулдаг. Манай хүүхдүүд ч ингэж амьдардаг. Улаанбаатар хотынхоо иргэдэд цэвэр, эрүүл хүнсний ногоог борлуулахыг хүсдэг. Гэсэн ч Улаанбаатарт байгаа том дэлгүүрүүд, ченжүүдийн урд хөршөөс оруулж ирсэн ногоонуудад цохиулах тал бий. Урдаас орж ирж байгаа ногоо эрүүл мэндийн шаардлага хангахгүй гэдгийг хүн болгон хэлдэг. Муу ногоог мэргэжлийн хяналт, хил, гаалийнхан оруулаад байгаад би гайхдаг. Гэхдээ хавар өндөр үнэтэй үр авч, намар Хятадын ногоонд цохиулаад үнэ нь бага болсон ногоогоо бид худалдах боломж гардаггүй. Бид ногоогоо “Барс”-ын ченжүүдэд худалддаг үнээр ард түмний гарт хүргэмээр байна. Гэтэл худалдан борлуулах цэг байхгүй. Бид “Барс”-ын ард хэсэгхэн газарт зогсдог. Тэндээс нь хөөгөөд, торгодог. Хамгийн гол нь иргэд худалдан аваад сурчихсан болохоор тэр газартаа худалдаа эрхлэхийг бид хүсдэг. Худалдан борлуулах системийг бий болгоод өгвөл иргэдээ чанартай, хямд ногоогоор хангахад илүү дөхөм байх болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(139.5.216.124) 2019 оны 05 сарын 08

hvneesee ilvv olon maltai bj...export hiij mungu olohool bodoh yum..tgd irgedni yu idej amidrah vee..geniin uurchlulttei mahantsar ideh bolj b.auu..tm bj ervll bj gj chalchihaa boliochee..yamni yu hiideg yumbee.

0  |  0
Иргэн(202.21.124.28) 2019 оны 05 сарын 08

Яагаад махны хэрэглээгээ бууруулж болохгүй гэж. Бидний өвөг дээдсийн махны хэрэглээ маш бага байсан. Сүү цагаан идээгээр хоолоо голчилдог байлаа. Одоо ногоо гэж ямарч хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдүүн байна.

0  |  0
зочин(66.181.179.135) 2019 оны 05 сарын 08

Нэг их их мэдэгчид гарч ирээд л махны үнэ буурчихна гэж юу байхав.Тогоо дүүрэн махыг хааяа л ззуны цагт найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг.Өдөр бүрийн ийм хэрэглээ гэж байхгүй.Жаахан бодож донгосмоороо.Махнаас гадна бусад зүйлийнхээ үнийг ч бас бодох ёстой.тахиа гахайныхаа махыг элбэг болго за

1  |  0
Top