УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.05.08/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамнаас оролцсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл оролцов. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг хөндөж байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гээд УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болсноо дуулгав.
УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлсэн. Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )