Тавдугаар сарын 15 болоход ЗУРГААХАН ХОНОГ үлдлээ, бэлэн үү!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Өнөөдөр тавдугаар сарын 9-ний өдөр. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахгүй байх Ерөнхий сайдын “лүндэн” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд ердөө зургаахан хоног үлдлээ. Тэгэхээр бидэнд Гүйцэтгэх засаглалын тэргүүний тушаалыг дагаж мөрдөхөд бэлэн байна уу гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна. Зуны сарыг зургаа юм шиг санаж байтал утааны улирал эхэлдэг жамтай. Тэгвэл энэ удаад хуучин арга барилаараа өвлийг халаглан угтахгүй хэмээн албаны хүмүүс хэлж байгаа ч бодит амьдрал дээр хийсэн ажил байна уу. Ядахад хийсэн гэх мэдээлэл байна уу гэх хариулт нэхсэн асуултууд ч чамгүй олон бий. Юуны өмнө нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг үүсгэж буй 200 гаруй мянган өрхийн нүүрсний хэрэглээг орлож чадахуйц зүйл юу вэ гэдгээс эхэлж таарна. Мөнхүү нийслэлийн агаарын бохирдлын 13 хувийг үүсгэгч тээврийн хэрэгсэл, тэр тусмаа дизель түлш хэрэглэдэг, насжилт өндөр нийтийн тээврийн хэрэгслээс гардаг утаа хэвээрээ байгаа зэрэг асуудал. Өдгөө нийслэлийн утааны долоон хувийг бий болгож буй дулааны цахилгаан станц, уурын зуухнууд байдаг. Тэгэхээр нэгэнт утаа бууруулах үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас уурын зуухнаас гарч буй долоон хувьд ч анхаарал хандуулсан байх учиртай. Гэтэл энэ тал дээр ямар нэг ажил хийсэн сураг чимээ алга. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гээд тээврийн хэрэгслээс гардаг 13 хувь, уурын зуухнаас гарч байгаа долоон хувийг долоохон гээд орхиж болохгүй. Өнгөрөгч онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн шийдэл, тээврийн хэрэгслээс гарч байгаа утааг багасгах гэсэн чиглэлээр гурван Дэд ажлын хэсгийг байгуулсан. Тиймээс Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, бусад холбогдох  шийдвэрийг ханган ажиллаж байх ёстой байгууллагууд хэрхэн ажиллаж байна, бодит үр дүн юу байна, хэрэгжих найдлага юу байгааг эргэн тойронд тандсан юм. 

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО: ШАХМАЛ ТҮЛШ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙГДСЭН, НАЙДВАРТАЙ

Одоогийн байдлаар Тавантолгой түшиг­лэсэн “Тавантолгой түлш” үйлдвэр ажиллаж нийслэлийн гэр хорооллын ирэх өвлийн түлшийг бэлдэж байгаа. Энэхүү түлш нь иргэдийг дулаан өвөлжүүлж чадах уу, үнэ өртөг нь иргэдийн амьжиргааны түвшинд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гээд олон асуудал шил шилээ даран хүлээж байна. Тэгвэл энэ талаар албаны байр суурийг сонирхосон юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлын үндэсний хорооноос өнгөрөгч өвөл Шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бодит амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тандсан судалгааг Морингийн даваа орчмын гэр хороололд хийсэн билээ. Тиймээс энэ тухай тус хорооны мэргэжилтнээс тодруулахад “Манай хорооноос Шахмал түлшний үйлд­вэрийг Морингийн даваанд туршсан. Энэ туршилтаар тус үйлдвэрийн шахмал түлш чанарын өндөр түвшинд хийгдсэн, найдвартай болохыг тогтоолоо” хэмээсэн. Албаны хүний өгч байгаа мэдээллээс харвал айсуй өвөл нийслэлчүүдийн түлэх шахмал түлш Налайхын нүүрснээс дутахгүй юм байна гэдгийг ойлгож болно. Мөн “Сайжруулсан шахмал түлш сайн, муу гэсэн гомдол санал байнга гардаг. Урьд өмнө Баянгол дүүргийн зарим хороонд туршигдаад муу гэсэн үнэлгээ авсан учраас шахмал түлшний үйлдвэрт иргэд итгэхгүй байгаа юм. Гэтэл тус үйлдвэр нь лабораторийн шинжилгээгээр стандартыг хангаж байгаа. Гэхдээ лабораторийн дүгнэлт нэг өөр, амьдрал дээр хэрэглээд ирэхээр бас өөр дүр зураг харагддаг учраас бодит судалгаа хийсэн” гэдгийг тус хорооны мэргэжилтнүүд хэлсэн. Шахмал түлшийг намар хавар гээд урин дулааны цагт туршиж болдоггүй учраас өнгөрөгч өвөл Морингийн давааны 570 өрх айлыг сонгон туршиж үзсэн нь үр дүнгээ өгснийг хэлж байна. Сонгож авсан айлууд ажлын тав хоногт тус үйлдвэрийн бүтээгдэхүүн болох шахмал түлшийг түлж эцсийн дүнг гаргасан аж. Шалгалтын зарим дүнгээс сөхөхөд шаталт сайн явагдаж, хүхрийн хэмжээ их байсан бол тоосонцор бага хэмжээтэй, ямар нэгэн шаврын агууламж байхгүйг тогтоожээ. Хамгийн эцсийн дүгнэлт нь судалгаанд хамрагдсан иргэдийн дүгнэлт учраас үүнийг хараахан нэгтгээгүй, ирэх баасан гаригийн чуулган дээр танилцуулах юм байна.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ: ОДООГООР 600 МЯНГАН ТОНН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХЭЭС 20 ХУВИЙГ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллээс харвал шахмал түлш нь Налайхын нүүрснээс дутахгүй дулаан өвөлжүүлэх нь. Гагцхүү үнэ өртөгийн хувьд ямар байх вэ. Иргэдийн амьжиргааны түвшинд нийцэх үү. Нийцлээ гэхэд нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангах хүчин чадал бий юу гэх асуудал зүй ёсоор хөндөгдөж таарна. Харин ”Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас энэ тухай тодруулахад “Манай гаргаж байгаа шахмал түлш Налайхын нүүрстэй ижил үнэтэй байна. Налайхаас гарч байгаа 350 орчим килограмм нүүрс 50-60 мянган төгрөг байдаг. Харин нэг портер буюу нэг тонн нь уурхайн аманд 150-160 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид сайжруулсан түлшээ үүнтэй ижил буюу 150 мянган төгрөгөөр борлуулах төлөвлөгөөгөө Засгийн газарт явуулсан байгаа. Одоогийн байдлаар нийт хэрэглэгдэх 600 мянган тонн түлшний 20 хувийг үйлдвэрлэсэн. Нийслэлийн хэрэгцээг бүрэн хангаж чадна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ: ЭНЭ ТАЛААР ЯАМ, АЖЛЫН ХЭСГЭЭС ЯМАР НЭГЭН ШИЙДВЭР ГАРАХ БАЙХ

Нийслэлийн агаарын бохирдлын 13 хувийг үүсгэдэг авто тээврийн хэрэгсэл, тэр тусмаа насжилт өндөр, дизель түлшээр ажилладаг автобуснууд үүнд гойд хамаатай. Тэгвэл Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн нийтийн тээврийн автобусыг дизел түлшээр бус хийгээр ажиллуулдаг болгож солих, авто тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа утаагаар татварыг нь ялгаатай тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авна гэсэн нь хараахан биелэлээ олоогүй явна. Харин нийслэлийн нийтийн тээврийг эко болгох ажлын хүрээнд “Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдаг хийгээр ажилладаг тэжээлийн системтэй зургаан автобусаар  үйлчилж эхэлсэн гэх мэдээгээр энэ ажил хязгаарлагдана. Энэ тухайд Авто Тээврийн Үндэсний Төвийн захирал П.Дэлгэрнарангаас тодруулахад “Манайх орон нутгаа хариуцан ажилладаг учраас энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Хотын нийтийн тээврийн утааг бууруулах асуудлыг яам мэднэ. Бидний хувьд орон нутгийн нийтийн тээврийн хэрэгсэлд шүүлтүүр тавих, евро-5 стандарт нэвтрүүлэх, байгалийн хий ашиглах зэрэг зүйлийг судалсан. Энэ талаар яам, Ажлын хэсгээс ямар нэгэн шийдвэр гарах байх” хэмээв. Харин хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар орон нутгийн тээвэрт явж байгаа нийтийн тээврийн хэрэгсэлд утааг бууруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг хэллээ.

ЗТХЯ: ОДООГИЙН БАЙДЛААР БЭЛТГЭЛ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙГАА УЧРААС БИДЭНД ДҮН МЭДЭЭ ИРЭЭГҮЙ

Утааг бууруулах хөтөлбөрт багагүй оролцоотой байх учиртай байгууллага бол ЗТХЯ юм. Тиймээс тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэнтэй холбогдож дараах мэдээллийг авлаа. Тэрбээр “Манай яам Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Агаар орчны бохирдлын үндэсний хорооны шийдвэрийг хангаж, энэ дагуу хамтран ажиллаж байна. Үүнээс гадна Нийтийн тээврийн газар, автобус компаниудад чиг үүрэг өгөн, хамтран ажиллаж байгаа. Бидэнд байгаа мэдээллээр бол одоогийн байдлаар парк шинэчлэл хийх боломжгүй.

Тиймээс евро-5 стандарт нэвтрүүлэх, байгалийн хийг ашиглах, утааг шүүх гэсэн чиглэл барьж байгаа. Яг одоогийн байдлаар бэлтгэл ажил явагдаж байгаа учраас бидэнд дүн мэдээ ирээгүй. Хагас жилийн ажлын тайлантай танилцаж, нөхцөл байдал тодорхой болно” хэмээсэн. Энэхүү мэдээллээс хар­вал өнөөдөртөө евро-5 стандарт ч нэвтрээгүй, байгалийн хий ч ашиглаагүй, утааны шүүлтүүр ч  тавиагүй байна. Бодит байдал дээр манай нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь насжилт өндөр, утаа хаялт тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү байгааг тогтоосон байдаг. Өнөөдөр нийслэлд 1798 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагаас 1260 нь том оврын автобус байдаг. Өнөөдрийн байдлаар 929 их багтаамжийн автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч, мөн туслах шугамын зургаан чиглэлд 22, буухиа үйлчилгээний 12 чиглэлд 18 бага оврын автобус үйлчилж байгааг статистикаас харж болно.

АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫН ХОРОО: ХЯНАЛТЫН 4600 АЖИЛТНЫГ БЭЛТГЭЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Үүнээс гадна олон жилийн турш хэрэглэж дадсан нүүрсийг хот руу оруулах иргэдийн цуваа үргэлжлэх нь ойлгомжтой. Энэ бүхнийг хянах цэг байрлуулсан уу, нийслэлийн олон мянган өрхийн хаана нь нүүрс түлж, хаана нь шахмал түлш, хаана нь хог хаягдал түлж байгааг хянах систем байна уу гэх зэрэг асуудал аанай л зүй ёсоор хөндөгдөнө. Энэ тухайд тэд хэлэхдээ “Орчны бохирдлын үндэсний хорооноос 4600 хяналтын ажилтанг бэлтгэж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр “Улаанбаатар палас”-т 3000 хяналтын ажилчдын чуулганыг зохион байгуулна. Энэхүү чуулганд үндэсний хэмжээнд утааг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Засгийн газрын төлөөллүүд, Ажлын хэсэг, агаар орчны бохирдол, утааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагын төлөөлөл, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагаас оролцох юм” хэмээсэн. Тэдний өгсөн мэдээллээс харвал нийслэлийн Баянзүрх, “22-ын товчоо” Нисэх гээд нэр бүхий хяналтын цэгүүд, товчоон дээр Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагаас хамтарсан хяналт тавихаар төлөвлөжээ.

ӨНГӨРӨГЧ ХУГАЦААНД УТААНЫ ЭСРЭГ 800 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Сүүлийн олон жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд чамгүй олон тэрбум төгрөг зарсан ч утаа нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Өтгөрсөн утаатай зарцуулсан мөнгийг дүйцүүлэн харвал аймшигтай тоо гарна. Бараг нэг их наяд шахам төгрөг. Сүүлийн үеийн албан мэдээллээс авч үзвэл утаанд зориулж нийтдээ 900 шахам тэрбум төгрөг зарцуулсан баримт бий. Тэгэхээр энд нэгэн баримтыг бас дурдах учиртай. 2008-2016 он хүртэл найман жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд аудит оруулжээ. Гэтэл өнгөрөгч найман жилийн хугацаанд  164 тэрбум төгрөг, 153 сая ам.доллар буюу 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх дүгнэлтийг Аудитын газраас өгсөн байдаг.

Нийслэл хотын 200 гаруй мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах үүргийг хүлээгээд байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил хэдэн хувьтай явж байгааг албаны хүмүүсээс тодрууллаа.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙН БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.МИНЯА:
ҮЙЛДВЭР БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАХААР 200 ГАРУЙ МЯНГАН ӨРХИЙГ 100 ХУВЬ ХАНГАНА

-Ирэх өвлөөс иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх ёстой болоод байгаа. “Тавантолгой түлш” компани нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах үүргээ биелүүлэхэд бэлэн үү?

-Энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлнэ. Энэхүү тогтоол эхний ээлжинд нийслэл хотын зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд хэрэгжих юм. Манай компани төвийн зургаан дүүргийн 200 гаруй мянган айл өрхүүдийг хангах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Ард иргэд маань намар болж сэрүүн ороход айх аюулгүй сандрах зүйлгүй өвөлжих бүрэн боломжтой. Яагаад гэвэл манай компани хуваарийн дагуу сайжруулсан түлшээ нөөцлөөд явж байгаа. Ирэх намраас үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр эдгээр 200 гаруй мянган өрхийг 100 хувь хангана гэсэн тооцоотойгоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшээ борлуулах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Борлуулалтыг албан ёсоор эхлүүлээгүй Засгийн газраас хэзээнээс борлуулах вэ гэдгийг шийдэх ёстой. Борлуулалтаа эхлүүлэхийн өмнө бид дэд бүтцээ шийдвэрлэхийн тулд сайжруулсан түлшний агуулах барих, түлшээ нөөцлөх, борлуулалтын цэгүүдийг бий болгох, цэгүүдийнхээ үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ажлыг хийж байна. Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд борлуулалтын жишиг цэгийг нээсэн. Энэ сард 50 орчим цэг нээгээд ирэх сард 400 орчим цэг, долоодугаар сард 100 орчим гээд нийт 500 гаруй сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг ажиллуулахаар тооцоолсон. 

-Нийслэл хотын нэг өвлийн түлшний хэрэгцээ хэдэн тонн байдаг юм бэ?

-Нийт өрхийн хүйтний улирлын түүхий нүүрсний хэрэглээ 900 мянган тонн байдаг. Манай компани зөвхөн айл өрхүүдийн түлшний хэрэглээг бүрэн хангах зорилготой. Харин үйлдвэрлэлийн зориулалттай түлшний хэрэгцээтэйгээ нийлээд нийслэл хотын өвлийн нүүрсний хэрэглээ 1.2 сая тонн байдаг гэсэн судалгаа байдаг. Манай компанийн зүгээс айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангахаар зорьж байна. Манай түлшний үндсэн түүхий эд маань Өмнөговь Цогтцэций сумын Ухаа худагийн хагас боловсруулсан илчлэг өндөртэй нүүрс юм. Багануурын нүүрстэй харьцуулахад хоёр дахин илчлэг өндөртэй байгаа нь айл өрхүүдийг хэмнэлттэй байдлаар дулааныг бүрэн хангана гэж тооцоолж байгаа.

-Нэг тонн хагас боловсруулсан нүүрсээр хэдий хэмжээний сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх вэ?

-Манай компани мидлинг буюу түүхий эдээ хангалттай хэмжээгээр нөөцөлж байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд дундын нүүрсний овоолго бий болгож байгаа нь хавар зуны туршид түүхий эдээр тасрахгүй байх төлөвлөгөө юм. Одоогоор “Тавантолгой түлш” компани 60 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлчихөөд байгаа үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр өдөрт 50-60 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлээд байх боломжтой юм. Нэг тонн түүхий эдээр 800 килограмм сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг. Манай сайжруулсан шахмал түлшний онцлог нь иргэдийн ашиглаж сурсан түүхий нүүрсний хэрэглээтэй яг ижил технологиор хэрэглэх бүрэн боломжтойгоос гадна бүх төрлийн зууханд түлэхэд тохиромжтой.

-Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд ямар нэг нэмэлт зүйл хэрэглэх шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Иргэд хуучин хэрхэн нүүрсээ түлж байсан яг түүн шигээ л сайжруулсан шахмал түлшийг ашиглаж болно. Түүхий нүүрсийг нэг галд хийхдээ хувингаар хийдэг бол шахмал түлшийг хоёр дахин бага хэмжээгээр түлнэ гэсэн үг. Харин айл өрхүүд маань гэрийнхээ дулаан алдагдлыг багасгах тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Хичнээн сайжруулсан түлш байгаад гэрийн дулаан алдагдал ихтэй бол их л хэрэглэгдэнэ гэсэн үг шүү дээ.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ТЭЭВРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЖИГЖИД:
ОДООГООР 60 ОРЧИМ МЯНГАН ТОНН ТҮЛШ НӨӨЦӨЛЧИХӨӨД БАЙНА

-Энэ сарын 15-аас нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй байх Зас­гийн газрын шийдвэр гарсан. “Таван­толгой түлш” ХХК нийслэл хотын агаа­рын бохирдлыг бууруулах үндсэн чиг­лэлтэйгээр байгуулагдсан учраас үүргээ хэрхэн биелүүлж байгаа вэ?

-Манай компанийн зүгээс нийслэл хотын гэр хорооллын 90 орчим мянган өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Энэ сарын 15-аас эхлэн нийслэл хотод түүхий нүүрс оруулахгүй байх Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан учраас бид өнөөдрийн байдлаар үйлдвэрлэсэн, сайжруулсан шахмал түлшээ нөөцөлж байгаа. Одоогоор 60 орчим мянган тонн түлш нөөцөлчихөөд байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн долоон шугам ажиллаж байна. Харин ирэх долоодугаар сараас нэмэлт шугам ажиллаж эхлэхэд  нийслэлийн иргэдийг  түлшээр бүрэн хангах боломжтой. Манай үйлдвэрийн мидлинг буюу түүхий эд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагаас тээвэрлэлтээ хийдэг, өнөөдрийн байдлаар 105 мянга гаруй тонн мидлинг буюу түүхий эд нөөцөлсөн. Өдөрт 40-50 машин Улаанбаатарт буулгана.  Мөн “Энержи ресурс” компанийн 50-60 машин түүхий эд бас бууж байгаа.

-Түүхий эд болох түүхий нүүрсийг нийслэл хот руу тээвэрлэхэд замын асуудал хөндөгдөж байгаа. Үүнийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Сая БОАЖЯ,ЗТХЯ, Мэргэжлийн хянал­тын газар, “Тавантолгой түлш” зэрэг байгууллагуудаас 43 хүний бүрэлдэхүүнтэй  Ажлын хэсэг яг энэ асуудлаар газар дээр нь ажилласан. А102, А103 улсын чанартай авто замтай нийлэх 59.6 километр замын ажил яригдаж байна. Мөн энэ замын голд байрлаж байсан айлтай тохиролцож нүүлгэн шилжүүллээ. Одоо Цогтцэций сумын Засаг дарга, ЗТХЯ, Өмнөговь аймгийн удирд­лагуудтай нэг түвшинд ойлголцоод шинэ маршрут гаргах ажил үлдлээ.  Энэ ажил тун удахгүй шийдэгдэж нүүрс тээвэрлэлтэд үүсээд байгаа асуудал шийдэгдэх байх. Шинээр маршрут хийж байгаа 59.6 км замын дөрвөн хэсэгт тоосжилт ихээр үүсч байгаа учраас ЗТХЯ-аас эдгээр газруудыг хайргажуулах, тоосжилтын хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээг шат дараатай авч эхэлж байна.

-“Тавантолгой түлш”  түүхий эдээр таслахгүй байх үндсэн чиглэл, бодлогыг “Эрдэнэс Тавантолгой” хариуцан ажиллаж хувиараа тээвэр эрхлэгчидтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа. Эдгээр тээвэрлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадаж байгаа юу?

-“Тавантолгой түлш” компани тээврээ эрчимжүүлэх Засгийн газрын хоёрдугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл гарсан. Үүний дагуу хувь иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн дээр нь “Эрдэнэс Тавантолгой” дэмжлэг үзүүлж байгаа учраас тээвэрлэлт жигдрэх шатандаа явж байгаа гэж хэлэхэд болно. Тээвэрлэлтийн тухайд төлөв­лөгөөнөөсөө 70 хувиар даваад явж байна.

-Өдөртөө “Тавантолгой түлш” компа­нид хичнээн тонн түүхий эд ирдэг вэ?

-Нэг өдөрт 3500-4000 мянган тонн угаагдсан нүүрс ирж нөөцлөгддөг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top