С.Насанбат: Дархан хотод арьс ширний үйлдвэр байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай ярилцлаа

-Дархан-Уул аймгийн 2019 оны төсвийн онцлог ямар байна. Орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг багасгах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?  

-Дархан-Уул аймгийн 2019 оны нийт төсөв 27,3 тэрбум төгрөгөөр батлагдаж ирсэн. Аймгийн тусгай зориулалтын шилжүүлэг 33,8 тэрбум төгрөгөөр батлагдаж сургууль, цэцэрлэгийн цалин хөлс гээд бусад төрийн байгууллагуудын бүх зардлыг санхүүжүүлэхээр боллоо. Үүнээс хөрөнгө оруулалт 4,9 тэрбум, Орон нутгийг хөгжүүлэх сангийн 4,6 тэрбум төгрөг шийдэгдэж ирлээ. Аймгийн Засаг даргын нөөц сан 214,2 сая төгрөгөөр батлагдсан.

-Урьд оны төсвөөс өссөн гэсэн үг үү?

-Өсөлгүй яахав. Урьд онд бид 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 27,3 тэрбум төгрөг зарцуулна. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төсвийн байгууллагын албан хаагчдын цалин хөлс найман хувиар нэмэгдүүлэхээр тооцон Хувь хүний орлогын албан татварыг 593,1 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Манай аймгийн хувьд 2018 онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт 458.9 сая төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд 3,010.2 сая төгрөг төвлөрүүлдэг болсон.

Эдийн засаг сэргэж, төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газар, Сангийн яамнаас төсвийг үр өгөөж хэмнэлттэй байх тал дээр маш их анхаарч төсвийг хуваарилсан. Өмнө нь бид орон нутгийн төсвийн орлогоос халамжийн сангаа санхүүжүүлдэг байсан бол энэ онд халамжийн сангийн үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг өрхийн мэдээллийн санг түшиглэн улсын төсвөөс санхүүжихээр тооцож орон нутгийн төсвөөс 8.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, орон нутгаас амьжиргаа дэмжих мөнгөн тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний 139,0 сая төгрөгийг олгохоор тооцсон.  Нөгөө талдаа соёл урлаг, спортын байгууллагыг тусгай зориулалтаар санхүүжүүлдэг байсан бол орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх байдлаар зохицуулалт хийж өглөө. Тэгэхээр орон нутгийн музей, театр, соёлын төв, номын сан, хүүхдийн номын ордон, биеийн тамир спортын байгууллагуудын үйл ажиллагааны зардал 2.4 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусгасан гэсэн үг. Мөн Өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах зорилгоор цэцэрлэг, сургууль, эмнэлэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын байрны ашиглалттай холбоотой зардлыг орон нутаг хариуцна. 2019 онд 3.4 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусгасан. Урьдчилан төлөвлөх боломжтой зардлыг төсвийн нөөц хөрөнгөөр зарцуулахгүй.

-Дархан-Уул аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих тухай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар ямар шийдвэрт хүрч байна вэ?

-Хотуудын өмнө тулгамддаг зүйлийн нэг бол хог хаягдлын менежментийг сайжруулах асуудал. Шийдэл олохоор, бодит ажил хийхээр үе үеийн аймгийн дарга нар л ажиллаж ирсэн. Бид Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хог хаягдлын төсөл”-д хамрагдах хүсэлтээ тавьж, Барилга хот байгуулалтын яамны дэмжлэгийг авсан. Төслийн багийнхан манай аймагт ажиллаж аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын хог тээвэрлэлтийн 17 мэргэжилтэнг хог хаягдлын ангилан ялгах сургалтад хамрууллаа. Нийтийн зориулалттай орон сууцны 12, гэр хорооллын 12 нийт 24 өрхийг сонгон, долоо хоногт ямар төрлийн хог хаягдал гарч буйг судаллаа. Мөн Дархан Төмөрлөг, Дархан нэхий, Бараат хогийн цэгийн хог хаягдлыг үзэж судалсан.

-Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил дуусч байгаа юу?

-Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Герман, Италийн хамтарсан Пфайфер болон ЭМИТ түншлэл үндсэн гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 45 хувьтай байгаа. 2019 онд тус төслийн тоног төхөөрөмжийн угсралт, барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж 2020 оны эхний хагаст туршилт тохируулгын ажил хийж тус оны зургадугаар сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Дархан хотын цэвэрлэх байгууламжийн найдвартай ажиллагаа бүрэн дүүрэн хангагдах ёстой.

-Дарханчуудад хүлээлт үүсгэсэн нэг ажил бол УБ-Дарханы замын зас­вар шинэчлэлийн ажил. Энэ бүтээн байгуу­лалтад Дарханаас ямар үүрэг оролцоотой ажиллах вэ?

-Улсын хэмжээнд 2019 онд таван аймгийг нийслэл хоттой холбох замын ажил хийгдэнэ. Үүний нэг бол Улаанбаатар-Дарханы чиглэлийн шинэ зам юм. Зам тавихтай холбогдуулан түр зам гаргахаас гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, иргэдтэй хууль, журмын дагуу хамтран ажиллахыг орон нутгийн удирдлагуудад Зам, Тээврийн хөгжлийн яамнаас чиглэл болгосон.

-“Дархан-Шарын гол” чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажил та бүхний төлөвлөсөн дараагийн нэг том ажилд тооцогдох байх. Энэ ажил хэзээ эхлэх вэ? 

-Шарын голын уурхай нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж 1,2 сая тн нүүрс олборлож хэрэглээнд гаргаж байна. Эдгээр нүүрсний тодорхой хэсгийг жижиг хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд авто замаар зөөвөрлөдөг. Тус суманд 8000 гаруй хүн ажиллаж амьдардаг. Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн дагуу аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг энэ зам дагуу хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Дархан-Шарын гол чиглэлийн 47.9 км авто замыг хатуу хучилттай болгох 24 урт метр гүүрийг шинээр барих ажлын зураг, төсвийг 2013 онд “Мөнхийн Тод Зам” ХХК  боловсруулсан. Нийт төсөвт өртөг нь 32.7 тэрбум төгрөг. Бид төсөв хөрөнгөдөө тулгуурлан энэ замын ажлыг гурав хувааж барих юм.

2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Шарын гол чиглэлийн авто замын эхний үе шатны ажлыг 12.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн. Үүний 6.0 тэрбум төгрөгөөр эхний ажлууд хийгдэнэ. Шарын гол сум талаасаа энэ онд 18 км авто замыг хатуу хучилттай болгоно. Энэ тендерийг Улаанбаатар хотод Зам тээврийн хөгжлийн яаманд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. 2020 онд дээрх ажлыг 100 хувь хийж гүйцэтгэснээр олон жил яригдсан Дархан-Шарын гол чиглэлийн авто зам хатуу хучилттай болж стандартын шаардлагад нийцсэн гүүр ашиглалтад орно. Ингэснээр хөдөөгийн гурван сум маань хатуу хучилттай хар замаар холбогдох юм.

-Нэгэнт замын бүтээн байгуулалт ярьж байгаа учир хотын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажлуудаа ч мөн тодруулж ярих уу?

-Эхний ээлжид Дархан сумын 13 дугаар багт АШУҮИС-ийн урдах дөрвөн замын уулзвар болон авто замыг 233.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөөд байна. Ингэснээр замын нэвтрэх чадвар сайжирлаа. Дархан сумын 15 дугаар баг Олон улсын худалдааны төвөөс 15 дугаар баг хүртэлх 1.5 км хатуу хучилттай авто замын ажлыг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Мөн Дархан сумын 15 дугаар баг Мангирт хорооллын 10 дугаар хэсгээс дөрөвдүгээр хэсгийг тойрч төв замтай холбогдох 2.084 км хатуу хучилттай авто замыг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина. Дархан сумын 6, 7 багийн доторх 1.83 км шороон замыг хатуу хучилттай болгох  ажлыг 2.3 тэрбум  төгрөгөөр, Хараа голын гүүрнээс Ширээ нуруу хүртэлх 1.7 км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэх мэтчилэн энэ онд авто замын салбарт нийт 24 төсөл арга хэмжээг 17.3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Ингэснээр 22.6 км авто замыг хатуу хучилттай болгоно. Мөн нүхэн болон гүүрэн гарцыг хоёр байршилд хийж гүйцэтгэнэ. Долоон байршилд 193 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 авто машины зогсоол шинээр гаргана.

-Зогсоолуудыг яг хаана, хаана барихаар төлөвлөв?

-Дархан 50 цогцолборын авто зогсоолыг 50.0 сая төгрөгөөр өргөтгөнө. Дархан сумын 13, 11, 4, 5, 12, 9 дүгээр багт гээд нийт долоон байршилд 193 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 авто машины зогсоол шинээр гаргана.

-Хоёр том замын байгууламж барина гэж байна. Үүнийг тодруулж өгнө үү?

-Дархан сумын наймдугаар багийг нэгдүгээр багтай холбосон авто замын гүүрэн гарцын ажлыг 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина. Өнгөрсөн жил энэ ажлыг төлөвлөж нүхэн гарц хийхээр зураг төсөв гаргасан боловч хөрсний илүү гарсан усыг зайлуулах талбай байхгүй. Энэ замын усны нэвчилтээс болоод олон улсын төмөр замын байгууламжууд усанд автах аюултай зэргээс үүдэн төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй. Тэгээд бид энэ жил нүхэн биш гүүрэн гарцаар шийдэхээр төлөвлөж зураг төслөө гаргаж байна. Он дамжиж хөрөнгө оруулалт хэлбэрээр шийднэ гэсэн хүлээлттэй байна. Хоёр дахь байгууламжийн хувьд Дархан сумын 6, 7 дугаар баг Биржийн дэргэдэх авто зам доогуур нүхэн гарц шинээр байгуулах ажлыг 650.0 сая төгрөгөөр хийнэ.

-Авто замын салбарт хэрэгжих нийт 24 замын ажлыг нэгэн зэрэг эхлүүлээд явахад гүйцэтгэгч компаниудын чадавхын хувьд асуудал гарч ирэх болов уу?

-Оролцогч компаниудын чадавхын хувьд манай аймагт хийгдэх авто замын ажлуудын ихэнх нь хэсэгчилсэн ажлууд учир төдийлөн хүндрэл гарахгүй. Гол нь компаниуд ажлаа хийгээд гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авахад бидний зүгээс олгоход бэлэн эсэхдээ л анхаарах нь чухал юм.

-Дарханд өнгөрсөн жил дахин төлөв­лөлтийн ажил эхэлсэн. Эхний ажлаа хэзээ албан ёсоор хүлээж авах вэ? Энэ ажил цаашид үргэлжлэх үү?

-2018 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдсан нэг томоохон ажил бол ашиглал­тын шаардлага хангахгүй болсон хуучин барилгуудыг буулгаж дахин төлөвлөх байсан. Энэ ажлын эхлэл болгож Дархан сумын зургаадугаар багт хоёр давхар хоёр барак барилгыг буулгаж 60 айлын орон сууцыг 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Энэ оны зургаадугаар сард ашиглалтад өгнө. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж Дархан сумын 4, 5, 6 дугаар багт дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 40.0 сая төгрөгөөр энэ онд хийж гүйцэтгэнэ. Ер нь энэ ажлыг аймаг өөрөө бие дааж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгээд байх нь төсвийн хувьд хүндрэлтэй учир Дархан сумын дөрөвдүгээр багт Хувийн хэвшлийн оролцоотойгоор дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн хуучин Дарханы өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 10 давхар 180 айлын орон сууц барихаар тендерийг нь зарлаж гэрээ байгуулсан. Удахгүй ажил нь эхэлнэ. Цаашид дахин төлөвлөлтийн хүрээнд суларсан газруудад дуудлага худалдаа явуулж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл барьж байна. Аймгаас шугам хоолойг шинэчлэх, дэд бүтцийг өргөтгөхөд анхаарна. -Шугам хоолой гэснээс гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажил ямар түвшинд байна вэ?

-Дархан сумын тавдугаар багт хамрах хүрээ бага байгаа учраас гудамж бүрт, айлууд гудамжнаасаа салаалаад гэр рүүгээ оруулах боломжтой байдлаар тендерийн зургийг хийж байна. Нийт төсөвт өртөг нь 4,6 тэрбум. Энэ онд санхүүжих нь хоёр тэрбум төгрөг байгаа. Мөн Дархан сумын 6, 7 дугаар багийн айл өрхийн хувьд хамрах хүрээ том учраас гудамжуудын аман дээр буюу үндсэн магистрал шугамуудыг оруулах зураг төсөв хийгээд тендерийн ажил зарлахаар бэлтгэл ажил хангаж байна.

-Гэр хороолол руугаа инженерийн шугам сүлжээг өргөтгөж эхэлсэн байна. Ер нь дулаан хангамжийн хүчин чадал, нөөц ямар байгаа вэ?

-Дарханы дулааны цахилгаан станц нь Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг, 48 мВт/ц суурилсан хүчин чадалтай. Өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорон­дын хэлэлцээрийн дагуу “ДДЦС” ТӨХК-ийг 35 МВт-аар өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлэх Турбины шинэчлэлийг хийж байна. Төсөл энэ онд дуусна. Ингэснээр тоног төхөөрөмжийн тодорхой хэсгүүд шинэчлэгдэж, үйлдвэрийн найдвартай үйл ажиллагаа дээшилж, тус станцын насжилт уртсах бөгөөд цорын ганц эх үүсвэртэй Дархан хотын маань цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ найдваржих юм.

-Гэр хорооллын айл өрхүүдэд гэрэлтүүл­гийн асуудал тулгамддаг. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Хотын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сайжруулах хүрээнд 2016-2018 онуудад 327 сая төгрөгийн өртгөөр төв гудамжныхаа гэрэлтүүлгийг бүгдийг нь “Лэд” болгосон. Мөн төв зам дагуух нийтийн орон сууцны байруудын гадна фасадыг гэрэлтүүлсэн. Одоогоор хотын доторх 5300 гаруй замын гэрэлтүүлгийг аймгийн НААҮГ хариуцан ажиллаж байна. Энэ онд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дархан-Уул аймгийн төв төдийгүй хөдөөгийн гурван сумандаа 1983 ширхэг гэрэлтүүлгийг тавихаар шийдвэрлэсэн.

-Дархан-Уул аймагт агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байна?

-Манай аймагт өвлийн ид хүйтрэлийн зарим үед агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс давж байгаа нь үнэн. Гэхдээ энэ хэмжээ аюултай, онц аюултай, гамшгийн гэж бүлэглэлээр нь хувааж үзвэл аюултай түвшинд нь хүрээгүй. Цаашид аюултай түвшинд очихоос өмнө бид гэр хорооллоо нэмж тэлэхгүй байх, газар олголт хийхгүй байх, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Дархан сумтайгаа хамтран хийж байна. Бид оны эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний төвийг агаарын бохирдлыг хэмжих хяналтын багаж хэрэгслээр хангаж, суурилагдсан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Урьд нь зөвхөн нар, агаарын тоосонцорыг хянадаг байсан бол энэхүү хөрөнгө оруулалтаар хөрсний бохирдлоо хянаж чаддаг болсон. Энэ нь аймгийн иргэд, байгаль орчиндоо хийсэн томоохон хөрөнгө оруулалт юм. Агаарын бохирдлыг бууруулах бас нэг хүчин зүйл бол гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эх үүсвэрээр хангах асуудал. Энэ хүрээнд шөнийн хэрэглээний тарифаа 50 хувь хөнгөлсөн. Цаашид шөнийн тарифыг тэглэх асуудлаар судалгаа хийж, агаарын бохирдол өндөр давтамжтай үеийнхээ мэдээллийг нэгтгэн Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлт хүргүүлсэн. Одоо Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна.

-Арьс ширний үйлдвэрийг Дарханд байгуулах тухай яригддаг. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 21x100 төслийн хүрээнд аймаг бүрт нэг үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар болсон. Энэ хүрээнд Арьс ширний үйлдвэр байгуулахад бид Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хонгор сумын удирдлагуудтай ярьж арьс ширний үйлдвэртэй холбоотой газрын асуудлыг шийдвэрлэсэн. Орон нутгийн орол­цоог хангах үүднээс “Дархан арьс шир” орон нутгийн өмчит хувьцаат компани болон төлөөлөн удирдах зөвлөлийг орон нутгийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Испани улсын мэргэжлийн багаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн  эх үүсвэрийг улсын төсөв болон гадаадын зээл, тусламжид суулгахаар ажиллаж байна. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжсэнээрээ арьс шир­ний үйлдвэрийг түшиглэсэн олон жижиг үйлд­вэрлэгчид төрөн гарч улмаар орон нутагт байнгын ажлын байр бий болох давуу талтай.

-2019 оныг Дархан-Уул аймаг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна. Ямар ажлууд хийж байна вэ?

-Хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон талт ажлыг төр дангаараа биш иргэд, иргэ­ний нийгмийн байгууллага, төрийн бус байгуул­лагуудтайгаа хамтран хийж хэрэгжүүлэх нь зүйтэй. Эхний ээлжид бид гэрлэх ёслолын өргөөг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартайгаа хамтран орон нутгийн төсөв, Хүн ам нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтаар засаж засварлаад ашиглалтад орууллаа.

Хүүхдийн зуслангаа энэ жил дахин нэмж засварлахаар төсвөө батлаад явж байна. Энэ зорилтын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Жишээ нь Дэлхийн зөн олон улсын байгууллага Хүүхдэд ээлтэй сум хөтөлбөрийг хэрэгжүүлж амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийг орон гэртэй болгох ажлыг хийж байна. Бид тус байгууллагад хандан гэр олгохын оронд залуусыг түрээсийн байртай болгоё гэдэг саналыг дэвшүүлж дээд байгууллагадаа уламжлахыг хүссэн. Энэ хүрээнд аймгийн зүгээс газар олголтыг Дархан сумын тавдугаар багт шийдэж олон давхар гэхээсээ илүү метр квадрат багатай орон сууцыг барьж олон айлуудын нийтийн байруудыг бий болгож залуу гэр бүлийг түрээсийн байраар хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

-Дарханд энэ онд хэдэн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 46 цэцэрлэгт 8513 хүүхэд хүмүүжиж байна. Мөн шинээр есдүгээр багт 100 хүүхдийн ортой 26, наймдугаар багт 150 хүүхдийн ортой 27 дугаар цэцэрлэгийн барилгыг тус тус ашиглалтад оруулж, хамтран сургалтыг 250 хүүхдээр нэмэгдүүлж, шинээр 46 ажлын байр бий болголоо. Энэ онд нэг цэцэрлэг шинээр барьж, таван цэцэрлэгийн өргөтгөл, хоёр барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, Хонгор суманд 150 хүүхдийн цэцэрлэг тус тус ашиглал­тад орно. Ингэснээр хамран сургалт 1100 хүүхдээр нэмэгдэж 128 ажлын байр шинээр бий болно. Харин сургуулийн хувьд Дархан сумын 15 дугаар багт 960 хүүхдийн хүчин чадалтай иж бүрэн эко сургуулийн барилгыг 2020 оны есдүгээр сард барьж ашиглалтад оруулах төлөвлөлттэй байна.

-Дарханчууд Шинэ төрөх эмнэлгээ хэзээ ашиглалтад оруулах вэ?

-50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил дууссан. Энэ долоо хоногоос шинэ иргэдээ хүлээж авахад бэлэн боллоо. Хуучин төрөх эмнэлгийн байраа хүүхдийн тасагт шилжүүлж байгаа. Ингэснээр тус тасаг стандартын дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top