Гишүүдэд зориулсан 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨХӨӨРӨМЖ хэвийн ажиллаж байна уу?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төрхөмд нь буцаалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч гишүүдийн 51.9 хувь нь татгалзсан юм. 

Тэгвэл дээрх багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтын явцад зарим гишүүний хурууны хээ уншигч төхөөрөмж ажиллаагүй талаар эх сурвалж мэдээллээ. Тэрхүү хурууны хээ унших төхөөрөмж нь ажиллаагүй гишүүдийн дунд Ашигт малтмалын тухай багц хуулийг парламентаар хэлэлцэхийг дэмжсэн гишүүд ч байсан гэнэ.

Хэрэв хурууны хээ уншигч төхөөрөмж нь хэвийн ажилласан бол дээрх хуулийн төслийг төрхөмд нь буцаахгүй байсан гэдгийг ярьж байгаа юм.

Тиймээс УИХ-ын зарим гишүүнээс дээрх мэдээллийн үнэн, эсэхийг тодрууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хурууны хээ уншигч төхөөрөмж гацаагүй юм билээ. Уг нь, би гацчихсан гэж бодсон ч андуурсан байна. Тиймээс дахин санал хураах горимын санал гаргасан. УИХ-ын дарга дахин санал хураалт явуулсан. Хэдий тийм ч хуулийн төсөл уналаа. Тэгэхээр хууль санаачлагчид нь энэхүү асуудалд дүгнэлт хийж, дахин асуудлыг эргэж харах, сайн авч хэлэлцэх шаардлагатай. Гишүүдийн олонх ч тэгж үзэж байх шиг байна. Угаасаа байнгын хорооны хуралдаан дээр нэлээн асуудал үүсч, зарим зүйлийг өөрчилж байж гарч ирсэн хуулийн төсөл л дөө" гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төхөөрөмжид ямар нэгэн асуудал байхгүй гэж харж байна. Энэ бол эрх баригч намын дотоод зөрчил нь зарим нэг хуулийн төсөл дээр гарч ирж байгаагийн илрэл" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад "Сүүлийн үед гишүүд дургүй хуулийнхаа эсрэг санал өгчихөөд түүнийгээ булзааруулахын тулд төхөөрөмж рүүгээ буруугаа чихдэг моод гарчихлаа л даа. Энэ бол төхөөрөмжийг ажиллуулж чадах, чадахгүй тухай ойлголт биш. Төхөөрөмж ажиллуулах маш хялбар. Санал хураах алх цохиход аль ч хуруугаараа санал өгч болно. Миний хувьд төхөөрөмжттой холбоотой алдаа гарсангүй. Аливаа нэг санал хураалтад эсрэг санал өгчихөөд түүнийгээ төхөөрөмж рүүгээ чихдэг моод гарч байна л гэж харж байна" гэх тайлбарыг өглөө.

Харин хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг Ашигт малтмалын газар өгөхөөр энэ хуулинд орж ирж байгаа учраас би дэмжихгүй. Элс, хайрга, давс, хужрыг Ашигт малтмалын газар өгөх нь. Тайлбарлахдаа түгээмэл тархацтай ашигт малтмал нэрийн дор өөр ашигт малтмал олборлоод байна гэдэг. Үүнийг өөр аргаар зохицуулж болно. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг төвд авснаар орон нутагт барилгын материал хөгжих боломжгүй болно” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хуулийн өөрчлөлт орсноор хариуцлагатай уул уурхай хөгжихөд ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ хуулийн ажлын хэсгийн гишүүд сайн ажиллах хэрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасны дараа экспортод гаргана гэж заасан нь хүндрэл чирэгдэл учруулсан байдал гаргах талтай гэж үзэж байна. Тэгэхээр томъёолол дээр сайтар ажиллах хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлэв. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Наранзаяа “Стратегийн ордыг ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн Засаг даргатай, стратегийн бус ордыг ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь сумын Засаг даргатай гэрээ байгуулахаар оруулж ирснийг дэмжиж байна. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж уул уурхайн хөгжлийг хангана гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Уул уурхайн зөвшөөрөл авсан компаниудын нийгмийн хариуцлагын асуудлыг хуульд тусгах нь зүйтэй. Уул уурхайтай холбоотой нийгмийн зөрүүтэй ойлголтыг арилгах чиглэлээр хариуцагч байгууллагуудын зохицуулалтыг хийж өгөх нь зүйтэй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Бид өнгөц өөрчлөлт хийгээд байна. Газрын тос, ашигт малтмалын салбарт 30 жил төрийн бодлогогүй явснаар төлөвлөлтгүй явж ирлээ. Баялгийн өгөөж ард түмэнд хүртээлгүй. Төрийн бодлого байхгүй болохоор ард түмэн ядуу байна. Баялагийн менежментийг зөв хийх хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүшинга амбан(202.9.43.77) 2019 оны 05 сарын 12

МАН бас 500 сая төгрөгөөр гишүүдийнхээ хошного алыг арчих цаас авах гэж байна.

0  |  0
z(112.72.12.8) 2019 оны 05 сарын 10

uuu ene tuhuurumj manaid bsandaa tiim untei bishdee

0  |  0
Хошного нам МАН(103.111.68.3) 2019 оны 05 сарын 10

МАН-ынхан бие биенийхээ хошногонд хуруугаа хийдэг байдлаас болж хээ танигч хүртэл ажилгүй болж байна.

0  |  0
Top