90   хувийн буцаалт 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой татвар төлөгчдөд хамаатай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 11

Татварын багц хуулийн өөрчлөлт ээлжит бус чуулганаар орохоосоо өмнө ч, батлагдсаныхаа дараа ч олон талын байр суурийг дагуулж буй. Өнгөц харахад жижиг аж ахуйн нэгжийг дэмжиж байгаа мэт боловч цаанаа төсвийг бүрдүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай гол аж ахуйн нэгжийн татварыг бууруулсан хууль баталсан гэж С.Эрдэнэ гишүүн хэлж байсан. Тэгвэл Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт мэдээлэл хийхдээ “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэлүүд хэрэгжсэнээр татвар төлөгч иргэдийн  төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдана гэлээ. Түүнчлэн татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэх болно гэж байна. Татварын багц хуулийг дагаж ирэх өөрчлөлтүүдээс танилцуулъя.

Татвар төлөгчдийн  3.4 хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой

Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4 хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан байна. Тэгэхээр нийт ААНОАТ төлөгчдийн 96.6 хувь  нь нэг хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, төлөөд дараа нь буцаан авах тогтолцоо бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн тул зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90   хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө. Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү нэг хувиар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25 хувиар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго гурван тэрбум байсныг зургаан  тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурах юм.

Татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн

Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилж өгсөн. Ингэснээр зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал нь үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ. Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна. Түүнчлэн Татварын маргаан таслах зөвлөл хоёр шатлалтай байсныг цөөрүүлж нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсныг бууруулж дөрвөн  жил болгосон, татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн хоёр дахь шатны шинэчлэлд тусгасан.

Бичил татвар төлөгчид жилд нэг  удаа татварын тайлангаа тушаана

Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд дөрвөн удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд хоёр удаа, харин бичил татвар төлөгчид жилд нэг  удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын гурав  хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болж байгаа юм.

Татварын алба ил тод болно

 Татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн технологид суурилах зарчмаар хангах болно. Түүнчлэн татварын алба анх удаа татвар төлөгчийн хүсэлтээр татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргахаар болсон гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top