Балет буюу бүжгэн жүжиг тэр дундаа модерн бүжгэн жүжгээр гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын тухай өгүүлнэ гэвэл та итгэх үү. Хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч ус, агаар, хөрс болон эдгээрийг сүйтгэгч хог хаягдал гэсэн сэдвээр салбар бүр өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр тэмцэж буй энэ цаг үед бүжигчид нийгмийн асуудлыг урлагийн хэл, хэлбэрээр хүмүүст хүргэхээр зорьж байна. Энэ хөтөлбөрийг санаачлагч Монгол балетын хөтөлбөрийн тэргүүн Д.Оргилтуяа болон "Амьдралыг тэтгэгч O2" тоглолтын бүжиг дэглээч Ё.Дамчаабадгартай ярилцлаа.
“Монгол балет хөтөлбөр”-ийн санаачлагч, тэргүүн Д.Оргилтуяа: Хүн бүхний эмзэглэж явдаг асуудлыг яагаад бүжгийн урлагаар хөндөж болохгүй гэж
-“Монгол балетын хөтөлбөр” хэзээнээс эхлэх болсон бэ?
-Миний бие Байгалийн шинжлэх ухааны мастер, НҮБ-ийн Байгаль орчны зөвлөхөөр ажиллаж байгаа. Би өөрөө урлагт хайртай, охин маань балетчин болохоор энэ урлагийг чадах чинээгээрээ дэмжихийг хичээдэг. Анх 2012 оноос “Монгол балетын хөтөлбөр” маань эхэлсэн. Балетын мэргэжлээр сурч буй хүүхдүүдийг тэтгэлэгт хөтөлбөрөөр зуны амралтаар нь Америкийн Нэгдсэн Улс болон европын орнуудаар сургах болсон. Хүүхдүүд маань есдүгээр ангиас дээш насных байдаг болохоор багш нартайгаа явдаг.
-Суралцагчдын зардлыг хаанаас гаргах уу?
-Зорчих тийз, байрлах газар, хоол унаа, сургалтын төлбөр гээд бүх зардлыг Монгол балетын хөтөлбөр”-өөс санхүүжүүлдэг. Нэг хүүхдэд 7000 мянган ам.долларын зардал гардаг.
-Энэ хугацаанд хэдэн хүүхэд сургав.Одоо хаана, хаана ажиллаж байгаа вэ?
-2012 оноос хойш долоон жилийн хугацаанд 30 шахам бүжигчид суралцуулжээ. Тэд маань контемпорари чиглэлээр суралцаж ирсэн болохоор шинэлэг байдлаар хөгжсөн байдаг. Ихэнх нь Дуурь Бүжгийн Эрдмийн театрт бүжигчнээр ажиллаж байна.
-Эндээс яваад ирсэн хүүхдүүд хэр өөрчлөгдөж ирж байна вэ?
-Маш их зүйл сурчихсан, бие даах чадвар суучихсан, зорилгоо тодорхойлчихсон ирдэг.
-“Амьдралыг тэтгэгч - Н2О” тоглолт 2016 онд болсон. Энэ талаар та ярина уу. Яагаад заавал байгаль орчны сэдвийг сонгох болсон бэ?
-Би өөрөө байгаль орчны мэргэжилтэй болохоор надад ойр санагдсан. Ер нь хүн бүхний эмзэглэж явдаг энэ асуудлыг яагаад бүжгийн урлагаар хөндөж болохгүй гэж хэмээн бодоод анхны сэдвийг усны тухай сонгосон. “Амьдралыг тэтгэгч-Н2О” буюу усны тухай балетаа “Корпорет конвеншин центр”-т тоглоход үзэгчид болон мэргэжлийнхэн маш сайхан хүлээн авч, өндөр үнэлгээ өгсөн. Усгүй бол байгаль дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөх үү, хүний сэтгэхүй, зан харилцаа хэрхэн хумигдах уу, устай болвол хэрхэн сэргэх үү, хэрхэн баярлах уу гээд бүжиг дэглэлт, дүр хувиргалт, устай бүжиглэх шинэлэг арга техникийг нэвтрүүлсэн тоглолт болсон. Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч Д.Баяртын дэглэлтээр тайзан дээр “бороо” оруулж бүжиглэсэн үзэгдэл анхных гэж хэлж болно. Нэрний тухайд бид судалгаан дээр үндэслэн, шинжлэх ухаанч байдлаар тоглолтын нэрээ өгсөн.
-Гадаадад сургасан бүжигчдээрээ багаа бүрдүүлсэн үү?
-“Nomadic ballet” Төрийн бус байгууллагын 10 бүжигчин, гадаадад суралцуулсан 10 бүжигчин, нийт 20 бүжигчин анхны тоглолтонд оролцсон. Энэ залуус маань эрч хүч оргилсон, бүжгийн бүхий л төрөл, урсгал чиглэлээр бүжиглэх чадвартай, авъяастай.
-Энэ удаагийн тоглолтын онцлог нь юу вэ?
-“Амьдралыг тэтгэгч O2" буюу Хүүхдийн эрүүл мэнд сэдвээр нийгэмд харанга дэлдэхийг хүссэн. Хүүхдийн эрүүл мэнд маш их хохирох болжээ. Ураг хэвлийдээ амьгүй болж байна. Тэр бүхий л өгүүлэмжтэй орчин үеийн бүжгэн жүжгийн тоглолт хийнэ. Дараа дараагийн тоглолтоо хөрсний бохирдол, хог хаягдал гэсэн сэдвийг хөндөнө.
-Ус, агаар, хөрс, хог хаягдал гээд дөрвөн цуврал тоглолт хийж буй нь хүмүүст сонирхол, хүлээлт үүсгэсэн дахин давтагдашгүй онцлогтой юм байна. Энэ удаагийн тоглолтыг ямар нэгэн байгууллага ивээн тэтгэх санал ирсэн үү?
-НҮБ-ийн Хүүхдийн байгууллага, Швейцарийн Хөгжлийн Агентлаг ивээн тэтгэж, хамтарч оролцож байгаа.
“Амьдралыг тэтгэгч O2" модерн балетын ерөнхий бүжиг дэглээч, найруулагч Ё.Дамчаабадгар: Хүний сэтгэл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлж, хүүхдийн дуу хоолойг хүмүүст хүргэнэ
-Өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Улсын гавьяат жүжигчин Ц. Алтанцэцэг багшийн удирдлага дор 2007 оноос бүжигчний гараагаа эхэлсэн. 2017 онд СУИС-н БУС-ийг бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалаад 2018 онд Солонгос улсад бүжиг дэглээчээр суралцаад ирсэн. Одоо Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажиллаж байна.
-Таны хувьд гадаад дотоодын олон улсад амжилт гаргасан байдаг. Тэр талаараа дурдвал?
-2015 онд ОХУ-н Улан-Үдэ хотноо зохиогдсон Ази номхон далайн орнуудын гоцлол бүжигчдийн олон улсын уралдаанд гуравдугаар байр, шилдэг эрэгтэй бүжигчнээр шалгарсан. 2016 ОХУ-н Улан-Үдэ хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд тайзны бүжгийн төрөлд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байр. 2017 онд БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон Seoul 2017 олон улсын гоцлол бүжигчдийн уралдаан ардын (этник) бүжгийн төрөлд тэргүүн байр. 2018 онд ОХУ-н Кемерова хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд модерн бүжгийн төрөлд тэргүүн байр. 2018 онд Монгол улсад зохиогдсон олон улсын балетын Монгол-2018 анхдугаар уралдаанд модерн бүжгийн төрөлд хоёрдугаар байр. 2019 он ХБНГУ-д зохиогдсон олон улсын комтемпорари бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн Solo-Dance-Theatre 23 дахь удаагийн уралдаанд шилдэг 17-д багтаж чадсан Монголын хамгийн анхны бүжиг дэглээч болсон.
-Гадаад улс орноор явж байхад тэднээс суралцах юм их байна уу?
-Маш их байдаг. Гадаадын улс орны бүжигчид аливаад туйлбартай, тэвчээртэй, үнэнч, хариуцлагатай байдаг. Мөн бид л хичээвэл боломжгүй зүйл байхгүй гэдгийг улам бүр мэдэрч байна.
-Хамгийн сүүлд ХБНГУ-д оролцсон тэмцээнд ямар төрлийн бүжиг дэглэж орсон бэ?
-Бий биелгээг орчин үеийн бүжигтэй хослуулж бүжиглэсэн.
-Танд энэ хугацаанд гадаадын уран бүтээлчид хамтарч ажиллах санал тавьж байв уу?
-Солонгост сурч байхад эндээ үлдээд хамтарч ажиллаач ээ, танай үндэсний урлагаас суралцах зүйл их байна гэсэн хүсэлт ирж байсан. Мөн Герман, Бразил, ОХУ-аас хамтарч ажиллаж санал ирж байсан. Гэвч надад эх орондоо хийх бүтээх зүйл их байна. Тэр ч утгаараа “Сүлд” чуулгад ажилд орсон.
-“Сүлд” чуулгад бүжиг дэглээчээр ороод хэдэн бүжиг дэглэв. Таны бүжиг дэглэх дэг, арга техникийн тухайд?
-Нэг жилийн хугацаанд 13 бүжиг дэглэсэн. Үндэсний бүжиг маань хөдөлгөөний баялаг техниктэй. Дээр дурдсан бий биелгээ гэхэд 20 гаруй төрөл байна. Уламжлалт бүжгийн урлагийг жаз, рок, этник урсгал болон контемпорари урлагтай хослуулаад найруулахад үндэсний бүжгийн урлагийн хэв маяг илүү хөгжинө гэж боддог.
-Монголын бүжгийн урлаг хэр хөгжиж байгаа гэж боддог вэ?
-Урлагаа хөгжүүлэх гээд зорьж яваа уран бүтээлчид олон болжээ. Хамгийн гол нь хуучинсаг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Урлаг гэдэг чөлөөтэй сэтгэхийг хэлнэ. Бүжиглэх гэдэг бол хөдөлгөөн хийхийн нэр биш. Онолын мэдэгдэхүүн, үүх түүхийг судлах, агуулга өгүүлэмжийг нь дотроо бясалгах гэх мэтээр тархиа цэнэглэж байж бүжигчний дөр сууна.
-Чөлөөтэй сэтгэлгээгээр агаарын бохирдлын талаар дуугарч буй бүжигчид маань дотоод сэтгэлээ хэр бэлддэг вэ?
-Аливаа бүжигт тоглох бол судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Онол, дадал, утга агуулгыг нь өөртөө төгс эзэмшсэн байхад бэлэн болно гэсэн үг. Ийм тохиолдолд балетчин хүн нь Ньюкласик болох боломжтой.
-Ньюкласик, контемпорари урсгалын ялгааг мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж өгнө үү?
-Ньюкласик бүжгийн урсгал нь балетын төвшинд яригдана. Жишээ нь балетын урлагт шинжлэх ухаанд суурилсан тавилт, тооны стандарттай байдаг бол ньюкласик бүжгийн урсгал нь илүү орон зайтай, илүү чөлөөтэй сэтгэж дэглэдэг. Контемпорари урсгал нь нэн сүүлийн үеийн бүжгийн урсгал юм.
-2016 онд “Тэгэрийн хүмүүн” хамтлагаараа “Авъяаслаг Монголчууд” шоунд шилдэг 32-т шалгарч үлдсэн. Одоо энэ хамтлаг нь уран бүтээлээ туурвиж байна уу?
-Бид оюутан байхдаа “Тэгэрийн хүмүүн” хамтлагаа байгуулсан. Одоо зарим нь Япон, Солонгос, Тайвань зэрэг улсад суралцаж, өөрийгөө хөгжүүлж байна. Зарим нь Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулгад, Улаанбаатар чуулгад ажилладаг. Бид цаашид уран бүтээлээ хамтарч хийнэ гэсэн зорилготой байгаа.
-Залуус нэгдэж уран бүтээл туурвихын сайхан нь юундаа байдаг вэ?
-Бие биенээсээ их зүйл сурдаг. Хамтарч нэгдэж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг мэдэрсэн.
-Удахгүй олны хүртээл болох “Амьдралыг тэтгэгч O2" буюу агаарын бохирдлыг харуулсан модерн балетыг та дэглэсэн. Энэ тоглолтынхоо дэглэлт болон үзүүлбэрээс товчхон танилцуулаач?
-Уран бүтээлчид маань бие махбодийн уран хөдөлгөөн, дуу хөгжим, аяз хэмнэлээр дамжуулан хувь хүн бүрийн эх дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагыг сануулж, олон нийтэд байгаль орчны мэдлэг хүртээн, мэдрэмжийг сэрээхээр зорьж байна. Хүний сэтгэл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлж, хүүхдийн дуу хоолойг хүмүүст хүргэнэ. Тоглолтонд хүүхдүүд бас оролцоно. Тайз засал, орчин ахуйг сэдвээ дагаад сонирхолтой бас хүний эмзэглэл төрөхүйц байдлаар шийдсэн. Зарим гэнэтийн бэлгийг задлалгүй үлдээе. Та бүхэн модерн балетын тоглолтыг тавдугаар сарын 19-ний өдөр 19 цагт “Корпорет конвеншин центр”-т хүрэлцэн ирж үзээрэй.
А.Сүглэгмаа
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )