Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох мэдээллүүдээс тоймлон хүргэж байна.
“Оюутолгой”-д ойлголцол хэрэгтэй
Нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш санхүүжилттэй, урт хугацаанд хэрэгждэг, төр хувийн хэвшлийн аль аль оролцдог, тухайн улс, бүс нутгийн эдийн засагт хүчтэй нөлөөлдөг төслүүдийг МЕГА гэж тодотгодог. Үүнд хамаарах 10 гаруй төсөл манай улсад бийг судалгаанаас харж болно. Тэгвэл цаасан дээрх МЕГА-нуудаас тодорч яваа төсөл нь Оюутолгой. Тэр хэрээр эдийн засагт нөлөөлөл дагуулах болсон Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг дагаж орж ирэх ёстой хөрөнгө оруулалт цаашид зогсонги байдалд орох уу гэдэг асуудал ид яригдаж байна.
2018 онд манай улсын Мега төслүүдэд 1.75 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол ирэх хоёр жилд 1-1.5 тэрбум ам.долларын урсгал наашаа чиглэх мэдээлэл бий. Үүнд, Оюутолгойг дагаж орж ирэх хөрөнгө мэдээж багтсан байгаа.
Тэгвэл Оюутолгойн гэрээнд ямар ч өөрчлөлт оруулах ёсгүй гэсэн байр суурийг хөрөнгө оруулагч тал илэрхийлж буйн нөгөө талд бүтэн жилийн хугацаанд гэрээнд, гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлт мөн яригдах ёстой. Ажлын хэсгийн экс ахлагч Д.Дамба-Очир хэлэхдээ шалгалтын дүгнэлтийг хөрөнгө оруулагч талд өгөөгүй гээд байгаа. Харин Рио-гийн тухайд өөрчлөлт байх ёсгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогсож байна. 34 хувиа өр тавьж санхүүжүүлж өнөөдрийг хүрсэн манай тухайд өөрсдийн үүц баялгаасаа авч үлдэж буй үр ашгаа тооцох, нягтлах нь зүй ёсны асуудал гэдгийг энд дурдах нь зөв байх.
Оюутолгой зогсох ёсгүй, урагшлах ёстой гэдгийг нийгмийн олонх нь мэдэж буй. Түүнчлэн 10 жилийн өмнө үзэглэгдсэн гэрээнд эргэж харах ёстой асуудлууд бийг, талууд ойлголцлын журмаар асуудалд хандах ёстой гэдгийг ч сануулж хэлэх мэргэжилтнүүд бас байна. Хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал энэ долоо хоногт манай улсад ажиллаж буй. Ирэх долоо хоногт ч Оюутолгой халуун сэдэв хэвээр байх болно.
ОУВС-гаас ингэж зөвлөв
Эдийн засагт үүр гийснийг илтгэх тоон үзүүлэлтүүд байгаа ч нар хараахан мандаагүй байгаа билээ. Засгийн газар, Олон улсын ваютын сантай /ОУВС/ хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр дахиад нэг жил үргэлжилнэ. Дахиад нэг жил бид тэдний үгийг анхааралтайгаар сонсох үүрэгтэй байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд сүүлд хийгдсэн активын чанарын үнэлгээ нь Монголын банкны салбарт эргэлтийн цэг байсан гэж хэлж болохоор байгааг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан Паскаль Н.Нгану хэлсэн. Мөн тэрбээр цөөн тооны банкуудын өөрийн хөрөнгө тийм ч хангалттай биш, банкны зохистой харьцааны үзүүлэлтийг чанд мөрдүүлэх асуудлууд, чанаргүй зээлийг бууруулах, сайн менежмент хийх асуудлуудыг сайтар анхаарах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм. Банкны салбарын асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бийтэй зэрэгцэн Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг хууль батлагчид хэлэлцэхээр болоод буй. Тэгвэл ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер энэ асуудалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр “Зээлийн хүүгийн дээд хязгаар гэдэг нь зээлдэгчийн зээллэгийн зардлыг бууруулах, тэдгээрийг мөнгө хүүлэлтээс хамгаалах зорилгоор зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох явдал юм. Зээлийн хүүгийн түвшинд ийнхүү хяналт тавих тухай асуудал дэвшүүлж байгаа нь зарим талаараа ойлгохоор зүйл. Гэхдээ олон улсын туршлагаас харахад хүүгийн дээд хязгаар тогтоох нь ихэвчлэн сайнаас илүү хор хохирол учруулдаг гэж үздэг. Өндөр өртөгтэй сөрөг үр дагавар бүхий зээлийн хүүгийн дээд хязгаарыг ашиглахын оронд хүүгийн түвшин өндөр байгаад нөлөөлж буй гурван үндсэн суурь шалтгааныг шийдвэрлэх нь чухал юм.
Нэгдүгээрт, Монгол Улсын эрсдэлийн түвшин өндөр байгаа учраас хадгаламж эзэмшигчид эсвэл хөрөнгө оруулагчид хөрөнгөө ам.доллараар эсвэл гадаадад байршуулахын оронд төгрөгт хөрвүүлэн хадгалахдаа илүү өндөр өгөөж шаардахад хүрч байна. Засгийн газрын болон гадаад өрийг бууруулах, банкны салбарын хяналт шалгалтыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын найдвартай, тогтвортой орчныг бүрдүүлэх замаар эрсдэлийн нэмэгдэл түвшинг бууруулах боломжтой.
Хоёрдугаарт, Монгол Улсад инфляцийн хэлбэлзэл өндөр буюу өсөх давтамж олон байгаагаас хадгаламж эзэмшигчид төгрөгөөр байршуулсан хадгаламжаа ханшны өсөлтөөс хамгаалахын тулд өндөр нэрлэсэн хүүг шаарддаг. Нөгөө талдаа банкууд энэхүү хадгаламжийн зардлаа нөхөхийн тулд зээлийн хүүгээ өндөр тогтоох шаардлагатай болдог. Инфляцийн түвшинг нам, тогтвортой болгосноор банкны санхүүжилтийн өртгийг бууруулж, улмаар Монголын өрх гэр, бизнес эрхлэгчдийн төлөх хүүгийн зардлыг багасгах боломжтой.
Гуравдугаарт, чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх хууль эрхзүйн орчны хангалтгүй байдал, шүүхийн тогтолцоонд тулгардаг бэрхшээл зэргийн улмаас банкууд чанаргүй зээлийн төлбөрийг барагдуулахдаа олон хүндрэлтэй тулгардаг. Иймд банкууд зээл төлөгдөхгүй байх эрсдэл, зээлийн барьцаа хөрөнгийг хураах чадваргүй байдлыг хаахын тулд зээлийн хүүгээ өндөр тогтоох шаардлагатай болдог гэхчлэн зөвлөөд байна.
Агаарын бохирдол шийдэл нэхсээр...
Утаа, агаарын бохирдол нь нийгэм, эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудал болоод удаж буй билээ. Тэгвэл утаа ойрын таваас арван жилд шийдэгдэхгүй ТОМ асуудал гэх хандлага “Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" чуулганы хэлэлцүүлгийн үеэр ноёлж байсныг тодотгоё. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд дунд болон урт хугацааг илүү онилж эрчим хүч, дэд бүтцийн салбарт төвлөрч буйгийн нөгөө талд эрүүл агаараар амьсгалах хүлээлттэй иргэд эрүүл мэндийн хохирлыг хэдий хугацааны туршид бие махбодиороо мэдрэх вэ гэдэг асуулт яригдах ёстой. МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил “Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд хоёр өдөр болж, агаарын бохирдлыг хэрхэн яаж бууруулах вэ, агаарын бохирдлын хор нөлөөнөөс хэрхэн сэргийлэх вэ гэхчлэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Манай улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын нэг болсон. Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцор буюу РМ 2.5-ийн өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас даруй 25 дахин их болсноос гадна зарим аймгийн төвд ч агаарын бохирдол сэтгэл түгшээсэн түвшинд хүрчихээд байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Улаанбаатар хотын гадаад орчны бохирдол ба эрүүл мэнд 2019” эмхэтгэлээс үзэхэд Улаанбаатар хотод 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол хүйтний улиралд буюу 1-3 дугаар сарын хооронд хамгийн өндөр байдаг байна. 2017 онд хийсэн НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамтарсан “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны тайланд нийслэлд хатгалгаа өвчнөөр нас барж буй таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байна гэж дүгнэжээ. Улаанбаатарт ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд тусгажээ.Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл 2.7 дахин нэмэгдсэн зэрэг олон тоо баримтууд нь агаарын бохирдлоос учирч буй эрсдэл, хохирлын хэмжээг хэрхэн яаж багасгах вэ гэдэг асуултыг дагуулсаар байна. 2018 оны хувьд жилийн 365 хоногийн 322 хоногт нь иргэд бохирдолтой агаараар амьсгалсан гэсэн анхаарал татсан статистикийг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хэлсэн бол “Нутгийн шийдэл” ТББ-ын төлөөлөл Б.Дашням “Улаанбаатар гэдэг хар нүхэнд бид амьдарч байна. Системтэйгээр, тууштайгаар ажиллахгүйгээр энэ өөрчлөгдөхгүй. Үүний зэрэгцээ иргэний нийгмийнхэн нь төрийн авч буй санхүүжилтүүд зохих ёсны дагуу зарцуулагдаж буй эсэхийг хянах шаардлагатай байна” гэсэн юм.
Дэлхийн улс орнуудад УТАА бохирдлын гашуун түүх, баримт олон бий. Шийдэж, ангижирч чадсан жишээ ч зөндөө бий. Гэтэл Монголын төрд түмнийг төлөөлж байгаа хүмүүс том бодлого ярьсаар. Утаа бол МӨНГӨ. Хүссэн хүсээгүй энэ тодорхойлолтыг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ. Аудитын байгууллагын дүгнэлт үүнийг гэрчилнэ. Шийдвэр гаргагчид энэ оны төсвийг эцэслэхдээ утаа, бохирдлыг бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн, 147.9 тэрбум төгрөгийг 80 тэрбумаар танаж, 67.9 тэрбум байхаар баталсан билээ. Гамшиг гэдэг үг ч багадахаар хэмжээнд тулсан утааны эсрэг одоо энэ улстөрчид мөнгө харамлах нь утгагүй. Нөхцөл байдал хүссэн хүсээгүй хөрөнгө мөнгө нэхэж байна. Харин ХЯНАЛТ хэрхэн яаж тавигдах вэ. Үр дүнг хэдий хугацаанд шаардах вэ гэдэг асуудлыг хариуцлагатай түвшинд авч үзмээр байгаа шүү дээ. Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг ТББ-ууд нь төрийн байгууллагуудтай тав, арван цаасаар тохиролцдоггүй байхын тулд юуны төлөө яах гэж бид агаарын бохирдлыг бууруулъя гэж хэлж, яриад байна вэ гэдгээ ухамсартайгаар эргэн харах ёстой байна.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж байх юм. Харин энэ мөнгөний 11 хувь нь л орон сууцны санхүүжилтэд зарцуулагдахаар байгаа юм.
“Алдарт 30 гэр бүл” шиг мянга мянган 30 гэр бүл хэрэгтэй...
Баялаг хийгээд боломжийн тэгш бус хуваарилалтын тухай сэдвийг энэ долоо хоногт хөндсөнөө тоймд онцолж байна. Манай улсын 3.2 сая иргэдийн хоёр хувь нь чинээлэг, гурван хүн тутмын нэг нь буюу 30 хувь нь ядуу гэсэн тоо баримттай зэрэгцэн баялаг болон баялгийг бий болгох боломжийн хуваарилалт шударга бус байгаа талаар олонх нь ярьсаар байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 5.4 хувиар өсчээ. Тэгвэл ядуурлын түвшин 2016 оны байдлаар орон нутагт 34.9 хувь байсан бол хот, суурин газарт 27.1 хувьтай гарчээ. Дэлхийн банкны зүгээс манай улсын ядуурлын түвшнийг 29.6 хувь, цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгч дөрвөн хүн тутмын нэг нь нэн бага цалин авч байна гэж дүгнэсэн байдаг. Ийм мэдээлэлтэй зэрэгцэн “Монголын эдийн засаг, улс төрд нөлөө бүхий 30 гэр бүл”-ийн тухай сэдэв хэвлэлүүд хийгээд сошиалаар байнга яригдах болсон. Хөдөө аж ахуй, мал аж ахуй гэсэн уламжлалт салбаруудаас хальж уул уурхай гэсэн шинэ тутам үүц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж эхлээд тэгтлээ удаагүй манай улсын тухайд өрмийг нь цөөнх идээд, хусмыг нь олонх долоож байна гэдэг асуудал нийгмийн бүхий л түвшинд анхаарал татсан асуудал болоод байна. Газар болоод газрын доорх баялгийн үр шимийг бүх нийтээрээ хүртэх тухай ойлголт эцэг хуульд бий тул баялгийн шударга хуваарилалтын тухай сэдвийг зах зээлийн зарчим өөрөө хатуу гэдэг томъёоллоор халхавчлаад дараад байх нь хэр зохистой вэ гэдэг асуудал ч дагаж яригдах ёстой юм. Хуучин нийгмийн тогтолцоог халж, ардчиллаар суурь хийн, чөлөөт эдийн засгийн замаар замнаж буй гэж Монголчууд бид итгэдэг ч яг өнөөдрийн тухайд эрх мэдэлтнүүд болоод тэдний хамаарал бүхий этгээдүүдэд боломж илүү ойр байдгийг ил тодоор харж буй билээ. ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон нэр бүхий улстөрчдийн амнаас “Мэдээлэлтэй ойр байгаа нь л зээл авна шүү дээ” гэсэн үг унаж байсан даа. Нэг талаас тийм байж болно. Гэхдээ тэр мэдээллийг нь иргэдэд биш эрх мэдэлтнүүдэд ойртуулж, шивнээд байгаа нь баялаг хийгээд боломжийн хуваарилалт шударга бус байгаагийн нэгэн тод жишээ мөн л дөө. Баялгийн хуваарилалт гээд ярихтай зэрэгцээд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг яагаад үзэн ядаад байгаа юм бэ? Мөнгөтэй болсныхоо төлөө тэд чичлүүлэх ёсгүй гэдэг асуудал яригддаг. Мэдээж тийм. Хүнийг мөнгөтэй байгаагийнх нь төлөө харааж, буруутгах нь зүй бус асуудал. Харин ажилтай, орлоготой, амьжиргааны түвшин хангалттай хэмжээнд байх боломжийг нь олонхоос булааж буй төрийг, шийдвэр гаргагчдыг, холбоо хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөр давуу боломж гартаа атгасан бүлэглэлүүд болоод буруу тогтолцооны эсрэг дуугарах эрх энэ нийгэмд байх ёстой. Хэвлэлийнхэн бидэнд ч байх ёстой. Өчигдөр, өнөөдөр, маргааш ч хэвлэлийн хуудаснаа бичигдэж л таарах “30 гэр бүл” гэх ойлголтын тухайд тэнд нэр нь багтсан хүмүүсийг үзэн ядахад асуудлын гол ерөөсөө байгаа юм биш. Харин энэ улс оронд тэдгээр 30 гэр бүл шиг хэдэн арван 30 гэр бүл нэмэгдээсэй, тэгж өсч өндийх боломжийг нь эрх мэдэлтнүүд бий болгоосой, хэдхэн хүнд давуу боломж олгодог завхарсан жишгийг халаасай гэсэндээ энэ талаар дуугарах ёстой юм. Амьдралаа өөд нь татах гэсэн иргэд бор зүрхээрээ хэчнээн зүтгээд ч давуу боломж атгасан хэсэг нь дандаа ялагчийн туг өргөж л таарна. Тэгэхээр хуваарилалт шударга байгаа цагт л бусад нь өндийж таарах билээ.
Төрийн санд татварын орлогын 5137 данс НЭЭЖЭЭ
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Энэ удаагийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Татвар- Хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын төсөв ашигтай тайлан ирүүлж буй 40 мянган аж ахуйн нэгжийн нуруун дээр тогтож буйг энэ өдрүүдэд албаны хүмүүс тодотгон ярьж байлаа. Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиг үүргийн хүрээнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг 2000 оноос хойш 20 дахь жилдээ улсын хэмжээнд ирээдүйн татвар төлөгч оюутан сурагчдад татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт, мэдээлэл, үйлчилгээг хүргэж байна.
Татвар төлөгчдийн өдрүүдээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан, түүнчлэн хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгч гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодрууллаа.
Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулга батлагдсан. Багц өөрчлөлт татвар төлөгчдөд ээл дагуулах уу гэдэг асуулт анхаарал татсан хэвээрээ байгаа. Тэгвэл Татварын ерөнхий газраас мэдээлэхдээ “Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгч таны төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдах бол татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэх болно” гэсэн юм.
Дэлхийн банкнаас Doing business буюу “Бизнес эрхлэхүй” тайланг жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын хаана нь бизнес эрхлэхэд илүү таатай орчин байгаа талаарх судалгааны дүнг танилцуулдаг. 2019 оны тайлангаар манай улс судалгаанд хамрагдсан 190 улсаас 74-т жагсаж байна. Энэхүү тайланд компани байгуулах, барилгын тусгай зөвшөөрөл авах, цахилгаанд холбогдох гэх мэт 10 төрлийн асуудлаар бизнес эрхлэхэд хялбар байгааг үнэлдэг нэг үзүүлэлт нь “татвар төлөх” асуудал байдаг. Монгол улсын хувьд “татвар төлөх” үзүүлэлтээр 190 улсаас 61-д орж байна. ААНОАТ, НӨАТ, ХХОАТ (НДШ) гэсэн гурван гол төрлийн албан татварыг тайлан бэлтгэх, тайлагнах, төлөхөд ихээхэн цаг хугацаа шаарддаг гэсэн үнэлгээг бууруулж чадвал бизнес эрхлэх орчин сайжирч, эзлэх байр урагшлах боломжтой гэж мэдэгдсэн.
2019 оны гуравдугаар сарын 1-нээс арилжааны 14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг 20-45 дансыг хааж, Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр татварын орлогын 5137 дансыг нээж татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн нэхэмжлэлд суурилсан татварын цахим төлөлтийн системийг иж бүрнээр нэвтрүүлснийг мөн онцолж байлаа. Ингэснээр татвар төлөгч нь татварын албанд ирэхгүйгээр татварын үйлчилгээг цахимаар авах, татварын ил тод байдлыг хангах, татвар төлөгчийн өөрийн мэдээллийг бүрэн харах, хянах боломжийг бүрдүүлэх ажлын эхлэл тавигджээ.
Олон улсын “Frontier Fintech Summit 2019” Улаанбаатарт анх удаа боллоо
Олон улсын “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа. Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбоо хамтран “Хөгжиж буй зах зээл дэх финтекийн инноваци” сэдвийн дор зохион байгуулсан арга хэмжээний үеэр сонирхогч талууд, оролцогчид, дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа санхүүгийн технологийн өнөөгийн байдал болон манай оронд хэрхэн хөгжиж буй талаар, финтекийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцов. Чуулганд финтекийн салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэв. Тухайлбал, тус хуралд урилгаар Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын конгрессын гишүүн Дэвид Сорэс, Хонг Конгийн “Инпут Аутпут” компанийн гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон, БНСУ-аас “Трасс Чейн Koрea” компанийн гүйцэтгэх захирал Хан Санг Вү зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.
Финтек нь санхүүгийн үйлчилгээг уламжлалт бус аргаар буюу онлайнаар, шуурхай, зардал багатайгаар хүргэх зорилготой санхүүгийн технологи юм.
Сэтгэгдэл ( 2 )
монголчууд өөрсдөө хийсэн холион бантан дээрээ халтрих нь тэр дээ монголчууд өөрсдийнхөө боломжийг зуу хувь алдсан хэдэн попчид оюутолгойг Хятадад найр тавиж өгөх гээд улаарч байгаа юм
мань ерөнхий сайдыг хөдөө орон нутагт сонгуулийн ажилаар манаргаж байх хойгуур наана монголын төр Рио Тинтоод цэвэр далаараа тавиуллаа үлдсэн хэдэн маангууд нь ард түмнийхээ өмнө бүлх залгисан юм шиг зог тусах нь тэр