Монгол Улсын байгаль орчны үнэлгээ, аудитын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үнэлгээний арга зүйг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг /БОНБҮ/ олон улсын жишгийг харгалзан өөрийн орны онцлогт тохируулан хөгжүүлэх зэрэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бодлогын болон хэрэгжилтийн түвшинд хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой 2019-2022 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.
БОНБҮ-ний үр дүн нь улс орны хөгжил, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагааг байгаль орчинтойгоо хэрхэн уялдаж байгааг илэрхийлэх бөгөөд талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах гол хөшүүрэг болно гэж үзэж буй аж.
Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг шинэчлэн баталж, үнэлгээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байдаг.
БОНБҮ нь мэргэжил, мэргэшлийн ур чадвар, дадлага туршлага, шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг өндөр түвшинд шаардсан, тодорхой арга аргачлалын дагуу хийгддэг судалгаа шинжилгээний чиг хандлагатай онцлог ажил юм.
Өнөөгийн байдлаар тус яамнаас эрх авч үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий 181 мэргэжлийн байгууллага байгаа бөгөөд 2012-2018 оны хооронд нийт 2988 төсөлд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн байна. Эрх бүхий байгууллагуудаас 80 орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо”-ны гишүүнээр 42 мэргэжлийн байгууллага нь бүртгэлтэй ажиллаж буй юм.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд жил бүр гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж ажиллах бөгөөд БОНБҮ-ний ажлыг мэргэжил, мэргэшлийн шаардлага хангасан түвшинд хүртэл боловсруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга механизмыг үнэлгээнд оролцогч талууд болох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа, хариуцлагыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )