Өдгөөгөөс арваад жилийн өмнө Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл, томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан Хөгжлийн банк нь өнгөрөгч 2016 оныг хүртэл үйл ажиллагаа нь хангалтгүй явж ирсэн гэдгийг Аудитын дүгнэлт болон бусад үйл ажиллагаанаас мэдэх билээ. Харин 2017 оноос Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагаандаа хяналт тогтоож, дотоод зохион байгуулалт, менежментээ өөрчлөн ажилласны учир хангалттай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Гэхдээ Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар хуульд зааж өгсөн чиг үүрэг нь хэвээрээ байгааг дурдах нь зүйн хэрэг. Үүнийг дурдахын учир нь Хөгжлийн банкны энэ оны Аудитын шалгалтын дүн зөрчилгүй гарсан ч урьд өмнөх жилүүдийн зөрчилтэй дүгнэлтийг хамтатган ойлгогдож байгаа нь буруу юм. Тодотговол, Үндэсний аудитийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудитын шалгалт хийсэн байна.
Шалтгалтын эхний үе шат 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны аравдугаар сарын 24-нөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэлийн аудит хийснээ өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлаар танилцуулжээ. Тэгэхээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны есдүгээр сараас өмнөх, түүнээс хойшхи гэж ангилж үзэх хэрэгтэй юм. Аудитын тайланд дурьдсанаар холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд гурван их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг тайланд дурьдсан нь бий. Аудит хийсэн хугацаанд нийт 16 зөрчил, найман алдаа гарснаас хоёр зөрчил нь одоогийн удирдлагын үед гарчээ. Харин 22 зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотойг мэргэжлийн байгууллагаас хэллээ. Хамгийн өндөр алдагдал нь Сангийн яам 2013 онд “Чингис” бондын эх үүсвэрээс 1,2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас үүссэн байна. Үүнээс үүдэж өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарсан аж. Энэ нь төсвийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” хэмээснийг зөрчжээ. Үүнээс дурдвал арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед 1,0 их наяд төгрөгийн зээл олгосон нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д заасан “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэх хуулийг зөрчсөн гэх мэт өмнөх удирдлагын үед гарсан хэд хэдэн зөрчил байгаа юм.
Гэхдээ Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь 2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илрүүлсэн зөрчлүүд юм. Тиймээс Хөгжлийн банкны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлууд хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байгааг ч бид бүхэн мэднэ. Харин Хөгжлийн банкны өдгөөгийн удирдлагын баг өмнө нь үүсээд байсан алдаа дутагдлыг засч, залруулах, банкыг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөний дагуу ажиллаж, ийнхүү үр дүнд хүрсэн гэдгийг энд дурдах хэрэгтэй.
Өнгөрөгч 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа нь үүнийг харуулна. Тэгэхээр авч хэрэгжүүлж буй ажлын тухайд дурдах нь зүйн хэрэг байх.
Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Энэ бол олон алдаа дутагдалтай байсан банкны хувьд богино хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн нэгээхэн хэсэг юм. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6,1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2,4 тэрбум ам долларын өр барагдуулсан байна. Гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн хоёр жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн зэргээс ч харж болно. Мөнхүү зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлсэн аж. Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий гурван зээл дээр шүүхийн шийдвэр гарч, энэ нь Хөгжлийн банкны талд эцэслэн гарсан гэдгийг ч дуулгах хэрэгтэй. Үүнээс гадна Хөгжлийн банкны хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэг дээр шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна. Өнгөрөгч 2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн хоёр жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын баталгаагүйгээр босгож чадсан нь бас л нэгэн том амжилт юм.
Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллаж байгаа зэргээс харвал тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна гэж хэлж болно. Тэгэхээр Монгол Улсын бүтээн байгуулалтад томоохон үүрэг бүхий Хөгжлийн банкны өнөөгийн үйл ажиллагаа, амжилтыг өнгөрсөн жилүүдийн удирдлагын багийн зөрчилтэй хутгаж ойлгох нь буруу юм. Тус банк нь хуулиар олгогдсон эрхийн дагуу өмнөх алдаа дутагдлыг засч залруулаад ажиллаж байна. Нөгөө талаар дээр миний дурдсан дүгнэлт баримтууд ч Хөгжлийн банк хэмээх айлын өнгө төрхийг нэгэнтээ илтгэсэн биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )