Үүдээр нь ороход л их урлагийн үнэрийг хана туурга бүртээ нэвт шингээн, төдийгөөс өдийг хүртэлх хэдэн арван жилийн үүх түүхийг өөртөө агуулах нэгэн газар нийслэл хотод оршин байх ажээ. Тэр газар бол “Монголын театрын музей” юм. Театрын урлагийн үе үеийн нэрт зүтгэлтнүүдийн түүх хадгалаастай уг музейд өнгөрсөн баасан гарагт “Театрын урлагт зүтгэсэн 40 жил” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийв.
Театрын урлаг зөвхөн тайзан дээр оршдог зүйл биш. Тайзны ард маш олон хүний хүч, хөдөлмөр урсаж байдаг. Үүний үр дүнд л өнөөдөр театр, театр хэвээр бүрэн бүтэн байдлаа хадгалан байгаа билээ. Театрын бас нэгэн багана бол тайзны зураач. Бидний шимтэн үздэг олон жүжгийн тайзыг чухам энэ мэргэжлийхэн л хийдэг юм шүү дээ. Тайзны засал чимэглэл, жүжигчдийн хувцас, жижиг хэрэглэл зэргийг хийж гүйцэтгэх үүрэгтэй тайзны зураач жүжиг ид дундаа өрнөж байхад тайзны ард өөрийнхөө үүргийг гүйцэтгэн завгүй ажиллаж байдаг. Нэг үгээр тайзны зураач тухайн жүжгийн ертөнцийг тайзан дээр бүтээн амьдруулдаг хамгийн том үүргийг нуруундаа үүрдэг хүн юм. Энэ л үүргийг 40 жил тасралтгүй биелүүлж, Монголын театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын урчуудын эвлэлийн шагналт, тайзны зураач Ж.Ганбат өөрийн бие даасан уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгээ “Монголын театрын музей”-д тавьсан нь энэ. Тэрбээр 1993 онд “Монголын театрын музей”-д анх уран бүтээлийнхээ үзэсгэлэнг толилуулж байв.
НЭГЭН ХҮМҮҮН
Их тулгат овогт Жамсрангийн Ганбат нь 1955 онд нийслэл Улаанбаатар хотод нэрт зураач Ц.Жамсрангийн хоёр дахь хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1980 онд ДУДС-ийг театрын тайз чимэглэл, хувцасны зураач мэргэжлээр төгссөн. Ж.Ганбат нь олон ястны өлгий Ховд аймгийн Хөгжимт драмын театрт ерөнхий зураачаар хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн бөгөөд 1980-1992 он хүртэл 12 жилийн хугацаанд Ойрад түмний ёс заншил, зан үйл, хувцасны талаар арвин их материал цуглуулж судалжээ. Тэрбээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзан дээр тавигдсан дэлхийн болоод монголын сонгодог зохиолчдын шилдэг дуурь, драмын жүжиг, ардын язгуур урлагийн олон арван бүтээлийн тайзны болон хувцасны зураачаар ажиллажээ.
“Миний аав зураач, ээж хатгамалчин хүн байсан. Урланд л хүүхэд насаа өнгөрөөж, өсөж том боллоо шүү дээ. Би 2015 онд тэтгэвэрт гарсан. Гэвч уран бүтээлч хүн тэтгэвэрт гардаггүй юм байна. Учир нь авьяас хэзээ ч дуусахгүй” хэмээн ярьж буй Ж.Ганбат гуайн зураач хүнд л байх цэмцгэр байдлыг олж хараад ясны сэхээтэн, урлагийн хүн юм даа хэмээн бодогдож байсныг нуух юун. Тэрбээр “Ховд аймгийн Хөгжимт драмын театрын сэргэн мандалтын үед театрт ажиллаж эхэлсэн учир өөрийгөө их азтайд тооцдог. Ховд аймгийн театраас их зүйл сурч, дараа нь найрамдлын хот Эрдэнэтийн театрт 10 гаруй жил ажилласан. Ховд бол язгуур урлаг, ахуйгаа цэвэр тунгалагаар нь авч үлдсэн газар. Харин Эрдэнэт хот Орос, Монголын хамтарсан үйлдвэртэй учир их орчин үеийн соёлтой. Миний бүх зүйл өөрөөр хөглөгдөөд ирсэн дээ” хэмээн ярилаа.
НЭГЭН ҮЗЭСГЭЛЭН
Ж.Ганбатын үзэсгэлэнгийн гол зорилго бол театрын тайзны зураачийн хөдөлмөрийн тухай. Тэрбээр үзэсгэлэнгээрээ зураач тэр дундаа тайзны зураачаар суралцаж буй оюутан залууст уран бүтээл туурвих, уран бүтээлийг өвлөн хадгалах, судалгааны материал хэрхэн цуглуулах, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж үлдээх хүсэлтэй. Үүнийг өөрийн үүрэг хариуцлагаа хэмээн ухамсарлаж, нөгөөтэйгүүр ахмад уран бүтээлчдийн туулж ирсэн замналыг ирээдүй хойч үедээ үзүүлэх чин хүслийг өвөрлөжээ.
“Театрын урлагт зүтгэсэн 40 жил” үзэсгэлэнд ховор нандин гэрэл зургууд, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Д.Лувсаншаравын “Ард Аюуш” дуурь, Ч.Ойдовын “Далан худалч”, Д.Жанчивын “Ховорхон бэр” зэрэг хөгжимт драмын жүжгийн тайзны зургууд дэлгэгдсэн байхаас гадна Монгол туургатан, угсаатны үндэсний хувцас, олон ястны бүжгийн хувцас зэрэг ур ухаан, асар их судалгаа шаардсан театрын урлагийн үнэт өв бүхий бүтээлүүд дэлгэгдсэн байлаа.
Монголын театрын зураачдын хамгийн ахмад нь болох Ж.Ганбатын урлагаар цогцлоон босгосон амьдралын нэгэн үеэр аялж, Монголын театрын урлагийн үүх түүхийг тольдохыг хүсвэл Театрын музейг зорьж болно. Бидний ирээдүй өнгөрсөн үеийнхээ бүтээж босгосон дээр л биеждэг билээ.
Үзэсгэлэн тавдугаар сарын 16-ныг дуустал “Монголын театрын музей”-д гарна.
Сэтгэгдэл ( 1 )
САЙХАН ЗУРААЧ БАЙНА.АМЖИЛТ БУТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХУСЬЕ