Байгаа хэрнээ “байхгүй” баялгийн сангуудын тухай

2019 оны 05 сарын 15

Үе үеийн Засгийн газрын шинэчлэн ярьдаг сэдвүүдийн нэг нь  Баялгийн сан юм. Уул уурхайн салбар эдийн засгийн нуман тулгуур болох нь гэдгийг хаа хаанаа танихтай зэрэгцэн Баялгийн сан байгуулж, дэлхийн жишгийг дагах тухай бид эндээ ярьцгаасан. Яг одоо ч ярьж байна. Уг нь манай улс эрдэс баялгийн орлогыг хуримтлуулах зорилгоор үндэсний баялгийн хоёр сан  байгуулсныг мэргэжилтнүүд хэлдэг. Нэг нь уул уурхайгаас хамаарах орлогын өсөлт бууралтын үед түшиг болж байх учиртай эрсдэлийн сан болох Төсвийн Тогтворжуулалтын сан бол нөгөө нь баялгийн орлогыг хойч үедээ үлдээхийг зорьсон “Ирээдүйн өв сан” юм. Гэвч эрх баригчид Баялгийн сангийн сонгодог хувилбарын эрэлд хатсан хэвээрээ л байна. Уг нь байгаа сангуудынхаа удирдлагын менежмэнтийг илүү тодорхой, хяналттай, өгөөжтэй болгох чиглэлд анхаараад явчихаар болмоор шиг. Гэвч засаг засгийн жишгээр Баялгийн сангийн тухай дундардаггүй сэдэв үргэлжлэх ёстой билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлснээр бол өнгөрсөн 2018 онд Баялгийн сангийн тухай хууль эцэслэгдэн батлагдах ёстой байв. Тэгвэл өнөөдрийн тухайд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний гар, сэтгэлийн оролцоотойгоор чуулганы босгоор давах тухай асуудал ид яригдаж байна. Тэрбээр  “Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэнэ” гэж ярина лээ. Ингэж ярих бол амархан гэдгийг өнгөрсөн жилүүдэд хөөс мэт замхарсан бусад нөхдүүдийн яриа  батална.

Ер нь хүн амынх нь 1/3  ядуу, шийдвэрлэх хүлээлттэй асуудлуудын тоо арвины сацуу эрх баригчид нь сонгуулийн мөчлөг даган поп шийдвэрүүд гаргадаг улс орны тухайд Баялгийн санг жинхэнэ утгаар нь  байгуулах амар биш гэдэг нь батлагдчихаад байна. Дэлхийн улс орнуудын жишгийг харахад ихэнх Баялгийн сангуудын тулгуур нь газрын тосны салбар байдаг. Харин манай тухайд 2006-2008 он хүртэл дэлхийн зах зээл дээрх  зэс, алтны үнийн өсөлтийг дагаж, төсвийн данс дүүрэхэд сан байгуулж, тооцсоноос давж гарсан мөнгөө хураах тухай ярьсан ч, чадаагүй. Эсрэгээрээ  төсвийн зарлагаа  600 гаруй тэрбумаар давуулан пологтож байлаа. Дараахан нь 2009 оны хямралын шуурганд өртөж, 2011 оноос хөрөнгийн урсгал сая нэг нэмэгдэж байсан билээ.  Эдийн засгийн нөхцөл байдал илааршаад эхэлсэнтэй зэрэгцэн Төсвийн Тогтворжуулалтын санг байгуулан  алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ  улсын  төсөвт тусгаснаас давж гараад байвал, тэрийг нь  “хадгалъя”  гээд хууль  баталсан. Тодруулбал, уг сангийн орлого нь эрдэс бүтээгдэхүүний үнээс хамаарсан төсвийн нэмэлт орлого, төсвийн ашиг, Засгийн газрын нөөц ба эрсдэлийн сангуудын үлдэгдэл, сангийн санхүүгийн үйл ажиллагааны цэвэр ашиг, мөн парламентаас тогтоосон бусад орлогоос бүрдэхээр заасан ч, Монгол Улсын төсөв дандаа алдагдалтай гарч ирсэн тул уг сан үүргээ гүйцэтгэж байгаагүй гэхэд болно.  2017 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж, уг сангаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор улсын төсөв рүү 570 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Сан байгуулагдсанаас хойш зургаан жилийн хугацаанд буюу 2016 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх хүртэлх ая таатай байсан он жилүүдэд яг хэдий хэмжээний хуримтлал үүссэнээс 570 тэрбум нь төсөв рүү шилжсэн бэ гэдэг нь бүрэн тодорхой биш байгааг хэлэх нь зөв байх.

Хуримтлуулах биш хуруу хумсаа хугалах дээрээ тулах цаг айсуй

Сангийн яамны мэдээллээс үзэхэд тус санд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 13.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 79 хувь буурсан үзүүлэлт аж. Дэлхийн зах зээл дээрх алт, зэс, нүүрсний ханш харьцангуй тогтвортой байгаа энэ үед Төсвийн Тогтворжуулалтын санд хуримтлагдах мөнгөний хэмжээ бууралттай байгаа нь анхаарал татаж буйгийн сацуу төсвийн тухай хуульд тусгасан зарлагын хэмжээг Сангийн яам нь дөрвөн их наяд төгрөгөөр хэтрүүлэн төлөвлөж оруулж ирдэг жишиг бийг Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг ярьж байна. Тэгэхээр хуримтлуулж, хадгалах тухай ярьдаг эрх баригчид хөшигний цаана юу л бол юу сэтгэж, шийдэж мэдэхийг албан тушаалтны энэ ярианаас эрхбиш ойлгож болохоор байгаа юм.

Эхэнд хэлсэнчлэн баялгийн сангийн хэв маягтай хоёр дахь сан бол “Ирээдүйн өв сан”. Засгийн газар энэ жил тус санд  нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулна гэсэн. Тэгвэл нэгдүгээр улирлын байдлаар 255.9 тэрбум төгрөг төвлөрсөн гэсэн мэдээлэл байна. Эхлээд Хүний хөгжил сангийн өрийг барагдуулах ёстой гэдэг утгаар нь харвал “Ирээдүйн  өв сан”-гийн данс өнөөдөр хоосон байгаа гэсэн үг.

Энэ сан бидний хувьд бас л  шинэ сэдэв биш. 2016 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу 2017 онд нөхөн сэргэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан хуримтлалын сан юм.  2017 онд сангийн орлого 358 тэрбум төгрөг байсан юм. Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар 2030 он хүртэл сангийн хөрөнгө зөвхөн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал болон хөндлөнгийн аудитын зардалд зарцуулагдах учиртай. Гэвч түрүүн хэлсэнчлэн сангийн орлогыг эхлээд Хүний хөгжил сангийн өрийг төлж барагдуулах болон 2022 он хүртэл төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулахаар журам гарсан юм. Тэгэхээр “Ирээдүйн өв сан” өнөөдрийн тухайд хуульд тусгасан хуримтлалын сангийн үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэсэн үг.

Ингээд аваад үзэхээр Төсвийн Тогтворжуулалтын сан болоод Ирээдүйн өв сангийн аль аль нь хэлбэрийн хувьд Баялгийн сангийн дүр төрхтэй ч агуулгын хувьд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. “Дүр эсгэсэн” гэдэг шиг ор нэрийн төдий сангууд дээрээ нэмж дахиад Баялгийн сан байгуулах тухай энэ цаг үеийн эрх баригчид ярьж байна. Үнэхээр сонгодог утгаар нь Баялгийн сан байгуулах суурь нөхцөл эдийн засаг болоод улс төр, нийгмийн хүрээнд байна уу гэдэг нь гол асуудал юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erguu mongol(112.96.194.140) 2019 оны 05 сарын 15

Mongolchuud bid chadahgue, ichih gj bga heremnees dor. Ugiin teneg baih ni zaya ni.

0  |  0
Top