Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд уул уурхайтайгаа хөтлөлцөөд орох уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Хиймэл оюун ухаан. Жолоочгүй галт тэрэг, автомашин. 3D хэвлэгч. Тархи судлалын шинэ технологи. Ухаалаг орон сууц. Энэ нэрс бол аж үйлдвэрийн шинэ шат дөрөв дэх хувьсгалд хаягласан шинэ тутам хөгжиж буй салбарууд. Зарим нь эхнээсээ хэрэгжсээр буй. Гэтэл манайд энэ хэрхэн нөлөөлөх вэ? Аж үйлдвэрийн дөрөв дэх битгий хэл гурав дахь хувьсгалд ч хангалттай нэвтэрч чадаагүй улс шүү дээ. Дэлхий дахин хөгжлийн шинэ шат гэж буй дөрөв дэх хувьсгалд бид чухам хэрхэн хөл тавих вэ? Хариулт нь энгийн л дээ. Заримынх нь эгдүүг хүргэж, зарим нэгнийх нь эргэлзээг тайлж, бүр зарим нь “тийм байлгүй дээ” гэж толгой сэгсрэх байх. Чухамдаа аль нь ч байсан уул уурхайн салбар биднийг ойрын 20 жилдээ чирж, аж үйлдвэрийн шинэ хаалга руу хөтлөн орох нь тодорхой болоод байна.

Монгол Улсыг нэг том түрийвч гэж ойлговол энэ түрийвчинд өдгөө 10 тэрбум ам.доллар бий. Бидний эдийн засгийн багтаамж 10 тэрбум ам.доллар гэсэн үг. Үндэстэн дамнасан нэг том компанийн энд ч бид хараахан хүрээгүй. Нийт үйлдвэрлэлийн гарцаар нь аваад үзвэл уул уурхайн салбар 72 хувийг эзэлж байна. Үүнээс зөвхөн нүүрсний салбар л гэхэд дангаараа 26 хувийг эзэлж байх жишээтэй. Гэвч бид уул уурхайн энэ бүтээгдэхүүнүүдээ нэмүү өртөг шингээж бус түүхий эд хэлбэрээр нь шууд “зардаг” тул бусад улс орноос хөгжлийн хувьд хол хаягджээ. Эх орончид гэж өөрсдийгөө тодорхойлсон хүмүүсийн эгдүүг хүргэх бас нэг статистик байгаа нь уул уурхайн салбар хөгжиж байгаатай зэрэгцэн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа явдал. Өнгөрсөн 2018 онд л гэхэд бусад салбарын үйлдвэрлэл 27 хувь өсжээ. Мөнгөн дүнгээр хувилж үзвэл энэ хувь хэмжээ 3.3 их наяд төгрөг болохоор байна. “Цаашдаа уул уурхайн томоохон төслүүдийг дагаад жижиг дунд үйлдвэр болон бусад салбарынхан хамтдаа хөгжих шаардлагатай. Энэ бол амьдралаас урган гарсан асуудал. Тэгж байж уул уурхайн салбар илүү өгөөжтэй, нийт эдийн засаг нэмэртэй байх болно” гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин ярьсан юм.

Уул уурхайн салбар Монгол Улсын бусад салбаруудаас дэлхийд өрсөлдөхүйц ганц л салбар. Магадгүй тоглоомын дүрэм нь дэндүү тодорхой болж, хуулиар зохицуулагдсан цор ганц салбар ч байж мэднэ. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бусад салбартай зэрэгцэн хөл тавьж буй салбар нь уул уурхай болоод байна. Өдгөө эх орончдын шүлсэнд даруулж буй “Оюу Толгой” компани ч дөрөв дэх хувьсгалд хөл тавихаар зэхжээ. Уурхайн тэсэлгээ, ил уурхайн үйл явц, бүтээгдэхүүн олборлох шат дамжлагыг дрон буюу нисгэгчгүй төхөөрөмжийн тусламжтай хянадаг болжээ. Компанийн зүгээс хоёр сарын хугацаанд ажилчдаа сургалтад хамруулж, улмаар сертификаттай төгсдөг байна. Өдгөө 10-20 хүний бүрэлдэхүүнтэй дронын тусдаа баг ажиллаж буй. “Оюу Толгой”-н гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани 2025 он гэхэд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны 80-аас илүү хувийг хиймэл оюун ухаан бүхий технологи гүйцэтгэнэ гэж таамаглаж байна. Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын дөрвөнд тус компани бүтээгдэхүүн тээвэрлэлтийн салбартаа анх удаагаа машинистгүй галт тэргийг туршсан юм. Төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том төсөл гэгдэх “Пилбара” уурхайн тээвэрлэлтэд явж буй 200 зүтгүүр машинистгүй галт тэрэг төсөлд холбогдож, 1700 гаруй км төмөр замын сүлжээгээр 16 уурхайд тээвэрлэлт явуулахаар болсон нь уул уурхайн салбартаа анхдагч байлаа.

“Бид асуудлыг бодитоор харах ёстой. Уул уурхайн салбар дараагийн 10 жил магадгүй 20 жил Монгол Улсын тэргүүлэгч салбар байх болно. Үүнийгээ дагаад бусад салбар хөгжих ёстой. Магадгүй аж үйлдвэрийн хувьсгалд ч энэ салбар бусад салбараа уриалах болно” гэж “Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн ярьсан юм.

Өдгөө Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий, алтны хоёр ч том төсөл, уран боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж буй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх хувийг татдаг уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалттайгаар өндөр технологийн бүтээгдэхүүнийг туршиж байна. Энэ нь магадгүй айлсан ирж буй дөрөв дэх хувьсгалд монголчуудыг түүчээлэх салбар нь уул уурхай байхыг үгүйсгэхгүй.

Жич: Өнгөрсөн 2018 онд Монгол Улсад нэг тэрбум 867 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт оржээ. Үүний 90 гаруй хувь нь уул уурхайн цөөн хэдэн мега төслүүдэд төвлөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top