ЖДҮХС энэ сарын 27-ноос эхлэн зээл олгох төслүүдийг хүлээн авна

2019 оны 05 сарын 15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн шинэчилсэн журам,  махны нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэхүү хуралд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус яамны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, ЖДҮХБХЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг нар  оролцлоо  /2019.05.14/.


 

 900 ТН БЭЛТГЭСЭН МАХ БОРЛУУЛЖЭЭ

 ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч үнийн савлагаа үүссэн нь олон түмнийг бухимдуулсан. Энэ асуудлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Мөн Хүчит шонхор зах болон хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас улсын нөөцөөс махыг 127 хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Өдөртөө 30 орчим тонн мах тогтвортойгоор зах зээлийн дундаж үнээс 20-45 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар нийслэлийн удирдлагатай хэлэлцэж байна. Хүчит шонхор дамжиж зах зээлд нийлүүлэгдэж байгаа махны өдөр тутмын нийлүүлэлтийн хэмжээнд сүүлийн 3-4 хоног хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр саатал гарсан. Орон даяар цас орж, цасан шуурга шуурснаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт нийлүүлэх махны нийлүүлэлтэд нөлөөлсөн байна. Шатахууны үнийн өсөлт, нөгөө талаас зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан. Нийслэлд нийлүүлж байгаа махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйн улмаас мэргэжлийн хяналтын шалгалтаар тодорхой хэмжээний мах саатсан. Махны хангамж 30-50 орчим хувиар тасарсан нь өчигдөр оройны байдлаар махны үнэ ханш савласан.

Цаашдаа ийм байдал гаргуулахгүйн тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Зах дээр нийлүүлэгдэж байгаа махнаас дотоодод боловсруулах үйлдвэрүүд ялангуяа дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд махны хангамжид нөлөөлж байна. Бид энэ байдлыг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хоёр улс тохиролцсон протоколын дагуу итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс махаа бэлтгэж, дулааны аргаар боловсруулж экспортод гаргах тохиролцоотой. Гэтэл энэ журам зөрчигдсөнөөс болж зах зээл дээрээс шууд махыг боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлж байгаа явдал гарсан. Үүнийг бид зохицуулж цэгцлэх болно. Цаашдаа бид дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын хангамжтай зохицуулах квоттой болгох зохицуулалт хийнэ. 

Боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн хүчин чадлаас давсан хэмжээгээр мах боловсруулж экспортолж байгаа нь тогтоогдсон. Ийм учраас суурилагдсан хүчин чадалд нь тааруулж махаа бэлддэг байх шаардлага тавина. Манайд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Цаашилбал экспортод үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах гаргаж байгаа компаниудад экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэмжээг нь дотоодод нийлүүлсэн байх шаардлага тавих болно. Цаашдаа махны зах зээлийг тогтвортой байлгах үүднээс 2018 онд бэлтгэсэн махнаас хоёроос гурав дахин их нөөцтэй байх тодорхой зохицуулалтыг хийж байна. 2018 онд 4000 тонн мах бэлтгэсэн байсан.  2019 ондоо бид хамгийн багадаа 10-12 тонн мах нөөцлөхөөр ажиллаж байна.  Гадаад иргэд мах нөөцөлж аваад зах зээлд нийлүүлж байгаа гэдэг ч батлагдсан мэдээлэл алга байна" гэлээ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ОЛГОХ ШИЙДВЭРИЙГ ХХААХҮ-ИЙН САЙД ГАРГАХГҮЙ БОЛСОН 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэр, худалдааны манлайлал төрийн бус байгууллагуудаас төлөөлөл орсон. Журмыг боловсруулах, батлуулах үе шатыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авсан. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл заалтын дагуу 2019.03.01-2019.04.01-ны хүртэл тус яамны цахим хуудас болон ЖДҮХС-гийн цахим хуудас, ikon.mn сайтаар дамжуулан санал авсан.  Иргэн, ААН-ээс  нийт 1321 санал ирсэн байна. Мөн тус хуульд заасны дагуу ххэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, дээрх журмын төслийн талаар өөрсдийн саналыг илэрхийлсэн. Дээрх хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж,  УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо,  Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар танилцуулан санал авч баталсан. Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж хуульд заасны дагуу 2019.05.09-ний өдрийн Захиргааны хэм хэмжээний актын 14 дүгээр эмхтгэлд хэвлэгдэн гарснаар хүчин төгөлдөр мөрдөхөөр болж байна. Мөн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn цахим хуудсанд байршсан байна.

2019 оны Улсын  төсөвт-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сангийн журам шинэчлэгдсэнээр 2019 оны 5-р сарын 27-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авна. Зээлийн санхүүжилтийг банк болон ЖДҮХС-гаас олгоно. Зээл авах иргэн, ААН-үүд ХХААХҮЯ болон орон нутгийнхаа Хөдөө аж ахуй газрын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнд төслөө өгөх юм. Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно. Орон нутагт 20-200 сая хүртэлх төгрөг, нийслэлд 20 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох юм.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,  
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД

 

  1. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил  үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  5. Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  7. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах  шаардлагыг бий болгосон.
  8. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд  төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
  10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  14. Дээд хэмжээ -  ЖДҮХ сан  1.0 тэрбум хүртэлх

Дээд хэмжээ- Орон нутаг 200.0 сая хүртэлх

Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая

Доод хэмжээ- Орон нутаг 20.0 сая хүртэлх,

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.242.242.59) 2019 оны 05 сарын 15

Оюутны сургалтын зээл олгохгүй байна, асуухаар яам баталж өгөх ёстой гэх юм. Яам ажлаа хийгээч ээ, одоо сургууль тарлаа

0  |  0
Top