УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Шилдэг бизнес төсөл 2019” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчдыг өнөөдөр /2019.05.15/ Төрийн ордонд хүлээн авч, амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулав.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес төсөл санаачилсан сурагчдад баяр хүргээд “Хүн болгон хичээж чармайж, ажиллаж хөдөлмөрлөж байж өрх гэрээ, улс орноо өөд нь татна гэдэг энэ үзэл санаа, сэтгэлгээг нийгэмдээ түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байгаа юм. Монголын ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн бодож сэтгэдэг, шинийг олж санаачилдаг, түүнийгээ ажил болгодог байж чадвал айл гэрийн амьдрал ч өөдрөг байна, улс орон маань ч хөгжин дэвжинэ. Сайн эхлэл гэдэг ажлын хагас байдаг. Та бүхэн ажлынхаа хагасыг хийчихлээ. Гэхдээ хамгийн чухал нь ажлын төгсгөл байдаг шүү. Ажлаа үр дүнд хүргээрэй. Санаачилга тань амьдралд хэрэгжиж, Монголын ирээдүй улам гэрэлтэй байх болтугай. Үүний төлөө бид чармайн ажиллаж, хүүхдүүд та бүхнийхээ дэмжих болно” гэв.
Сурагчдын дунд шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдаан явуулж, дүгнэсэн энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил 690 сурагч оролцсоноос 60 төслийг шалгаруулан, шагнал гардуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )