УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.
Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна хэмээн тооцжээ.
Үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээний саналыг холбогдох хуулийн дагуу салдбарын яамд боловсруулан Сангийн яаманд хүргүүлдэг байна. Энэ жилийн Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад 34 их наяд төгрөгийн өртөг бүхий 400 гаруй арга хэмжээний санал, жагсаалт ирсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байв. Эдгээрийг шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг харгалзан үзэж Сангийн яам нэгтгэн, төслийг эцэслэн боловсруулдаг гэлээ. Тэрбээр мөн Монгол Улс бизнес орчны индексээр 190 орноос 74-т, хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, өрсөлдөх чадварын индексээр 137 орноос 101-т эрэмбэлэгдэж байгааг хэлсэн.
БХБЯ-наас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөөд, ипотекийн зээлд хамрагдах сонирхол бүхий 43.000 иргэн бий гэдэг дүн гарчээ. Нийлүүлэх бэлэн орон сууцууд ч бэлэн байгаа. Харин хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бийг Х.Баделхан сайд хэллээ. 2019 онд ипотекийн зээлийг төсвөөс 116 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан. 2020 оны Үндсэн чиглэлийн төсөлд БХБЯ-наас нийт 12 мянган иргэнийг ипотекийн зээлд хамруулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг хүргүүлжээ. Харин төсөлд 60 тэрбум төгрөг байхаар тусгасан тул хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны гишүүдийг уг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодруулахад инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөвт энэ чиглэлээр санхүүжилт, хөрөнгө оруулалт тусгагдаагүй гэдгийг Х.Баделхан сайд мэдээлсэн.
2019 оны эхний таван сарын байдлаар Монголбанкнаас 170 тэрбум төгрөгийг 2500 орчим иргэнд олгох хүлээлттэй байгаа талаар Төв банк мэдээллээ. Энэ онд ипотекийн зээлийг нийтдээ 460 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд эко шийдэл бүхий 120 м2-аас дээшгүй талбай бүхий амины орон сууцыг 60 сая төгрөгийн зээлд хамруулахаар холбогдох шийдвэр гарсан юм байна. Түүнчлэн нийт санхүүжилтийн 30 хувийг орон нутагт олгох зохицуулалттай байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас тайлбарлав. Ипотекийн зээлийн талаар гишүүдийн асуултад Сангийн сайд нэмэлт тайлбар өгсөн. 2019 онд шинээр баталсан татварын багц хуульд орон сууц худалдан авсан тохиолдолд татварын хөнгөлөлтийг зургаан сая төгрөг болгосон, арилжааны банкны зээлээр худалдан авсан орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг төлсөн татвараараа буцааж авах шинэ зохицуулалтыг тусгасан байгааг тайлбарлаж байв. Энэ шийдлээр санхүүжилтийн тодорхой хувийг шийдэх хүлээлттэй байсны зэрэгцээ зах зээлийн зарчмаар ипотекийн зээл олгох үйл ажиллагаа тогтворжсон тохиолдолд энэ чиглэлэд хөрөнгө оруулалт хийх сан олон байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас өнгөрсөн онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнтэй байсан гэдгийг салбарын сайд С.Чинзориг тоон дүн мэдээлэл дурдан мэдээллээ. Түүнчлэн 2019 онд анх удаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд гадаадаас авах ажиллах хүчний тоо, хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа гэв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэх зохицуулалттай бөгөөд 2019 онд 320 мянган төгрөгөөр тогтоосон бол 2020 онд 420 мянган төгрөг болгон Засгийн газар шийдвэрлэсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцууллаа.
Орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн талаар Ч.Улаан сайд мэдээлэл өгсөн юм. 2018 оны байдлаар нэгтгэн дүгнэхэд 40 гаруй үйлдвэр ашиглалтад орсны 21 нь шинээр байгуулагдсан байна. Дээрх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь хувийн хөрөнгө оруулалт буюу гадаад эх үүсвэрээс төлөвлөгдсөн байгаа аж. Төвлөрсөн суурин газруудын махны хэрэгцээг хангах нөөц бүрдүүлэх чиглэлээр Үндсэн чиглэлийн төсөлд тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан бөгөөд 2019 онд багадаа 10.000 тн махыг нөөцлөх зорилготой ажиллаж байгаа гэлээ. 2018 онд харьцангуй бага хэмжээний мах нөөцөлсөн тул өнөөдрийн байдлаар өдөр тутмын хэрэглээний 30 орчим хувийг нөөцийн мах хангаж байгаа гэлээ. Үнийн хувьд зах зээлийн үнээс 20-25 хувь хямд байгаа, цаашид нөөцийн махны нийлүүлэлтийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаж байгаа гэв.
Энэ оны байдлаар валютын ханш харьцангуй тогтвортой байгаа бөгөөд эхний 5 сарын байдлаар 775 сая ам.долларыг Төв банкнаас зах зээлд нийлүүлжээ. Эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцэл 219 сая ам.долларын ашигтай, экспортын өсөлт сайн, импорт тогтворжин өсөлт саарах төлөвтэй байгаа гэв. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд арилжааны банкуудын зээлийн өсөлт буурч байгаа аж. Иргэдийн зээлийн өсөлт 2019 он гарсаар огцом буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )