Ачааны хүндийг компаниуд үүрдэг

2019 оны 05 сарын 17

Дэлхий нийтийн эдийн засгийг тухайлсан улс орнууд гэхээсээ компаниуд нуруун дээрээ авч яваа гэх ойлголттой зэрэгцэн компанийн засаглалын асуудал улам бүр анхаарал татаж буй юм. Тэргүүлэгч эдийн засаг болох Америк дэлхийн эдийн засгийн 1/5-ийг бүрдүүлж буй бол тус улсын нийт баялгийн 90 хувийг компаниуд бүтээж байна гэсэн судалгаа бий. Энэ бол аливаа улсын эдийн засаг компани дээр  төвлөрч байгаагийн тод жишээ. Тэгвэл манай улсын тухайд Татварын ерөнхий газарт ашигтай тайлан гаргаж өгдөг 40 гаруй мянган аж ахуйн нэгж улсын төсвийг нуруундаа үүрч дүүрч явааг тус газрын дарга хэлж байсан. Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгой орд газруудаас  “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй дүйх хэмжээний мөнгө эдийн засаг руу орж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн ачааны хүндийг үүрч буй компаниуд нүүрс, зэс гэсэн газрын доорх баялагт тулгуурласан цөөн тооны компани байна. Энэ нь эдийн засгийн дархлаа тааруу байгаа гэсэн үг.  Цөөн компаниас эдийн засаг хамаарах нь компанийн засаглалыг бүх түвшинд сайжруулах, бат бэх болгох шаардлагыг дагуулж байгааг бас хэлэх хэрэгтэй.

Энэ долоо хоногт болсон “Шинэ эдийн засгийн форум”-д оролцсон санхүүгийн салбарын төлөөллүүд ойрын хоёр жилийн хугацаанд санхүүгийн хямрал болж магадгүй гэсэн таамаглал дээр санал нэгдэж байсан. Гадаад орчны хувьд Америк, Хятадын худалдааны дайн хурцадмал байдалд шилжиж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш уруудах прогнозыг ч шинжээчид хэлж буй нь, нөгөө хэдэн цөөн тооны нэр төрлийн ашигт малтмалын үнээс хамаардаг манай тухайд сэрэмж дагуулж байна. Хямрал айсуй цаг дор төр, хувийн хэвшлийн бүх л компаниуд засаглалын зарчмаа барьж ажиллах шаардлагыг  дагуулж байгаа болов уу.

Ер нь  дэлхий дахины эдийн засаг хямраад байгаагийн цаана компанийн засаглалын ямар нэг зарчим алдагдаж байгаа болоод тэр гэсэн байр суурийг илэрхийлэх шинжээчид ч цөөнгүй байдаг. Дэлхийн жишгийг харахад, 2008 оны санхүүгийн хямралын уг шалтгааныг Америк  1980-аад оны сүүлээр орлого багатай иргэдийг орон сууцжуулах зорилгоор банкуудаар дамжуулж хэт бага хүүтэй зээл олгож эхэлсэнтэй, тэр бодлого нь зах зээлийн бодит нөхцөлтэй уялдаагүйгээс шалтгаалсан, ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн захын хямралаас үүдсэн гэдэг ч нөгөө талд компаниуд засаглалын зарчмаа барьж ажиллаагүйтэй нь холбож харах ёстой юм.  2008 онд Холбооны Засгийн газар моргейжийн зээл олгож байсан “Fannie Mae & Freddie Mac”-ийг дампуурлаас аварсан ч хөрөнгө оруулалтын топ банкуудын нэгд зүй ёсоор багтаж байсан Lehman Brothers 48-хан цагийн дараа дампуурч, араас нь бусад нь дагаснаар хямрал нэгэнт нүүрлэчихээд байгааг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байв.

Тэгвэл Lehman Brothers нь эрчим хүчний акул байсан Энрон корпорацийн дампуурал эхэлж байсан 2000 онд мөн л аудитын Артур Андерсентэй хуйвалдагчдын нэгээр тодорч байсан байдаг. Ерөнхийдөө дампуурсан болоод аврагдаж үлдсэн банк, компаниудын дунд санхүүтэй холбоотой буурсан мэдээллээ дарсан нь, худал мэдээлэл гаргасан нь олонх. Зээлийн хэмжээтэй холбоотой мэдээллийг дарсан, хөрөнгө оруулагчдад чанаргүй зээлийн баталгаа гаргаж өгсөн, компанийн санхүүгийн уналтыг нуусан, бодит хөрөнгийн хэмжээгээ өсгөж мэдээлсэн, тайлан балансаа цагт нь зөв гаргадаггүй, ТУЗ дээр төвлөрч байх ёстой үйл ажиллагаа нь Гүйцэтгэх удирдлага дээр төвлөрчихдөг зэрэг олон асуудал нь компанийн мэдээллээ ил тод, нээлттэй, санхүүгийн тайлангаа үнэн зөв байлгах ёстой гэсэн хууль ёсны шаардлагаас гажиж ирсэний илрэл юм. Мөн аливаа компани, байгууллагын санхүүгийн үнэн бодит байдалд хяналт тавих үүрэгтэй аудиторууд ч шударга бус байдал гаргаж ирсний балаг нь дэлхий дахины эдийн засагт муу нөлөөллийг үзүүлж ирсэн гэхэд болох юм. Тэрчлэн хэрхэвч хуйвалдаж болохгүй компани болоод аудитын байгууллагын хэт дотно харилцааны бодит үр дүнгүүдийн нэг гэгддэг Энрон болон Артур Андерсены тухай товч өгүүлье.

100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ АРТУР АНДЕРСЕН 110 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ЭНРОНЫ БУЛХАЙГ МЭДЭЭГҮЙ ЮУ?

“Артур Андерсен”-ыг Энрон залгичихсан гэх нь бий. Тэгвэл бодит байдал дээр юу болсон юм бол гэдэг асуулт хариулт нэхнэ. Энрон, Уорлд Ком гэхчлэн томоохон компаниуд Америкийн санхүүгийн түүхэнд бичигдэн үлдсэн их дампууралд хүрэхэд нэмэр болсон нэг тал нь аудитын Артур Андерсен компанийг хэмээн шүүхээс үзсэн байдаг юм. Компаниуд санхүүгийн мэдээллүүдээ хуурамчаар гаргасан байхад, аудиторууд компанийн санхүүгийн үнэн бодит байдалд хүчирхэгээр, хараат бусаар хяналт тавьж чадсан бол нөхцөл байдал өөрөөр эргэж болох байж хэмээн үзсэн гэсэн агуулгатай. Өмнө нь төрийн мэдэлд байсан, Жорж Бушийг ивээн тэтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байсан Энрон корпорацийн санхүүд хүндхэн асуудал үүсчихээд байхад 1813 онд байгуулагдсан, Америкийн топ таван аудитын үйлчилгээ үзүүлэгчдийн нэг Артур Андерсены аудиторууд тэрийг нь олж хараагүй өнгөрчихсөн гэдэгт Холбооны шүүх итгээгүй. Олж илрүүлээгүйнх нь цаад шалтгаан нь хуйвалдаан байсан гэдэгт Холбооны шүүх эргэлзээгүй. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй Артур Андерсен 110 тэрбумаар үнэлэгдэх Энроны булхайг мэдээгүй өнгөрөх учиргүй гэж үзсэн. Холбооны шүүхийн Аудитын заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Харин WorldCom Inc, Sunbeam, Lehman Brothers, Tyco International, Global Crossing, Adelphia Communications, Waste Management, Washington Mutual зэрэг олон компанид аудит хийхдээ асуудал гаргасан гэх хэл аманд орооцолдсон Артур Андерсен компанийн зүгээс Энронд хууртагдсан хэмээн тайлбар хийсэн байдаг. Улмаар буруутаад ирэхийн цагт Энроныг шүүхэд өгсөн ч, Холбооны шүүх өршөөгөөгүй юм.

Артур Андерсены удирдлагууд Энрон корпорацийн Ерөнхийлөгч Жеффри Скилли, Санхүү хариуцсан захирал Эндрю Фастоу болоод түүний эхнэр Лиа Фастоу нарын удирдлагуудтай хамт хэрэгт татагдсан юм. Энрон болоод Артур Андерсены хууль бус хамтын ажиллагааны уршигаар Энроны дампуурах зам шулуудсан бол Артур Андерсен ч дампуурахаас өөр гарцгүй болсон. Гэхдээ өдгөө энэ нэрээрээ дахин байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэрбум, тэрбумаар хэмжигдэх долларын алдагдалтай ажиллаж байгаагаа нууж, нөхцөл байдлаа сайн байгаа мэтээр бусад талуудад ойлгуулж, Голдман саксаас 200 сая ам.долларын үнэт цаас гаргуулж, түүгээрээ хэд хэдэн газарт барьцаа хийн, залилсан хэргийг Энроны удирдлагууд болох эхнэр, нөхөр Фастоутой шууд холбодог. Нөхөр Эндрю нь ч хэдийнэ буруудчихсан. Харин Энроны Ерөнхийлөгч Жеффри Скиллиг шүүх гэм буруугүй гэж үзсэн. Бусад удирдлагууд нь ч гэмгүй салж байгаа нь өнгөрсөн жилүүдэд араасаа асуултын тэмдэг дагуулж ирсэн юм. Ямартай ч, энд нэр нь дурдагдаж буй компаниудын хууль бус үйл ажиллагаа дэлхий дахинд сэрэмж дагуулсан.  Энрон, Уорлд Ком болон Артур Андерсен компанийн олонд илчлэгдсэн хуйвалдаан нь олон улсад санхүүгийн тайланг баталгаажуулах үүргийг СEO, СFO болон гадаад аудиторуудад даалгахаас гадна жил болон улирал бүрийн санхүүгийн тайлан, тодруулгад ТУЗ-ийн дарга, эсвэл аудитын хорооны дарга, эсвэл дотоод аудитор шалгаж, баталгаажуулдаг байх шаардлагыг бий болгосныг нэг талаас өндөр үнээр ирсэн сургамж гэж харахад болохоор.

Тэрчлэн  манай улсын тухайд компанийн засаглал, компанийн үйл ажиллагаанд тавигдах аудитын хяналттай холбоотой асуудлууд төр болоод хувийн хэвшлийн алинд ч анхаарах ёстой том сэдэв юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top