Багануурын ордын нийт нөөцийн 60 хувь, 530 сая тонн нүүрсийг ашиглах тусгай зөвшөөрөл ямар замаар хувийн хэвшлийнхний гарт орж, “шидэт дохиур”-ын хүч хэрхэн үйлчилж ирсний мөрөөр нэхэн сурвалжлав.
1950-иад онд Ф.К.Шипулин нарын судалгаагаар Чойр-Нялгын сав газар, Баяндэлгэрийн хотгорт цэрдийн настай нүүрсний хуримтлал байгааг тогтоон улмаар 1961 онд А.К.Матвеев Монгол орны хэмжээнд нүүрсний 4 муж ялгасны нэг нь Хэрлэнгийн хүрэн нүүрсний муж байсан юм. 1974-75 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ба жилд 6.0 сая тонн нүүрс олборлох ил уурхайг байгуулах шийдвэр гарч Зөвлөлт-Монголын барилгачид Багануурын түлшний томоохон цогцолборыг босгох ажлын эхлэл тавигдсан юм. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдснаар дараа жил нь Багануурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоол гарч байв.
ҮЙЛ ЯВДЛЫН ЭХЛЭЛ
1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ)-ын Геологи, уул уурхайн кадастрын газар (ГУУКГ)-аас “Багануур ХК”-д лицензийн төлбөрөө төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан боловч тухайн үеийн уурхайн удирдлагууд төлбөрийн эх үүсвэргүй байсан уу, ямартай ч “том толгойлж” зөвхөн олборлолт явуулж байсан газрынхаа жилийн төлбөрийг төлж, бусад Багануурын ордын хамрах бүсэд тооцогдох газруудынхаа лицензийн төлбөрийг төлөхгүй гэсэн шийдвэрийг гаргаснаар тус хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу лиценз эзэмших эрх алдагдах үндэслэл бүрджээ.
Маш нарийн тооцоо, төлөвлөгөөтэйгөөр орд газрыг хууль бусаар эзэмшилдээ авах үйл явдал ийн эхлэв.
2006 оны 6 дугаар сар.
УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэж Багануурыг стратегийн ордын жагсаалтад орохоос өмнө “Алтай Гоулд” ХХК-ийн зүгээс ГУУКГ-т Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сум, Баруунхонхорт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргажээ.
2006 оны 8 дугаар сар
Ашигт малтмалын тухай шинэчилсэн найруулга хэдийгээр 2006 оны 7 сарын 8-нд батлагдсан боловч редакцийн засвар хийх нэрээр “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдэлгүй хоёр сар шахуу хугацаа өнгөрсөн байдаг. Үүнийг далимдуулан ГУУКГ өмнөх хуулийн дагуу хянан 2006 оны 8 дугаар сарын 16-нд тухайн үеийн орон нутгийн удирдлагаас санал саналыг авах бичгийг хүргүүлжээ.
2006 оны 10 дугаар сар
Гэвч тухайн үеийн орон нутгийн удирдлагууд 30 хоногийн хугацаанд саналаа ирүүлээгүй тул “Алтай Гоулд” ХХК ГУУКГ-ын дарга Т.Занаширт албан бичиг хүргүүлж компанид нааштай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүний дараа 2006 оны 10 дугаар сарын 20-нд Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатаас “Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Баруун хонхор гэдэг газарт лиценз олгоход татгалзах зүйлгүй, дэмжиж байна” гэсэн 224 тоот санал АМГТХЭГ-т ирүүлжээ. (Энэ саналыг хожим хуурамчаар үйлдсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд үлдсэн байдаг.)
2006 оны 11 дүгээр сар
Улмаар Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатын дэмжсэн саналыг үндэслэн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ГУУКГ-ын дарга Т.Занашир гарын үсэг зурж Төв аймаг Баяндэлгэр, Улаанбаатар хот Багануур дүүрэг, Баруун хонхор гэсэн 12164Х тоот Ашигт малтмалын хайгуулын лицензийг олгожээ.
2007 оны 11 дүгээр сарын 15.
Багануурын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг гартаа авсан этгээдүүд нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажилгүй мөртөө хийсэн мэтээр хуурамч тайлан бичиж Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, нөөц тогтоолгожээ. Ингээд “Алтай Гоулд” ХХК 2006 онд хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын лиценз болгож шилжүүлэх өргөдөл гаргав. Тухайн үеийн АМГТХЭГ-ын дарга Л.Болд стратегийн орд болох Багануур гэсэн нэртэй тусгай зөвшөөрөл дээр гарын үсэг зурахгүй нь ойлгомжтой байсан тул лиценз дээр бичигдэх газар орны нэрийг будлиантуулан Багануур гэсэн нэрийг хасуулж Төв аймаг, Баяндэлгэр, Баруунхонхор нэртэй 12959А ашиглалтын тусгай зөвшөөрөлд хууран мэхлэх замаар гарын үсэг зуруулжээ. УИХ-ын гишүүн Л.Болд “Би Багануур гэсэн ямар ч лиценз дээр гарын үсэг зураагүй” хэмээн хэвлэлд ярьсан нь ийм учиртай аж.
2007 оны 11 дүгээр сар
“Алтай гоулд” компани Багануурын орд газарт 30 жилийн хугацаатай (2037 онд дуусах) ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан яг тэр өдөр “Алтайн гянт” гэх компани 2037 он хүртэл ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны тусгай эрх авчээ.
2008 оны 2 дугаар сар
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” УИХ-ын 27 дугаар тогтоол гарч Багануурыг улсын стратегийн ордод тооцов. АМГТХЭГ-ын дарга Л.Болд 2008 оны 2 дугаар сарын 11-нд 42 дугаар тушаал гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын хил хязгаарыг тогтоосон ажлын тайланг баталгаажуулж, ГУУКГ-ын зурагзүйн бүртгэлд бүртгэгдсэн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн хил хязгаарыг шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулснаар Багануурыг зохион байгуулалттай луйвар илэрч эхлэв.
2008 оны 4 дүгээр сар
АМГТХЭГ-ын дарга Л.Болд тушаал гаргаж Багануурын стратегийн ач холбогдол бүхий орд газрын хил хязгаартай бүхэлдээ давхцалтай “Алтай Гоулд” компанид олгогдсон 12959А тоот тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Улмаар хэсэгчилсэн давхцал бүхий 12164Х тусгай зөвшөөрлийн хил хязгаарт өөрчлөлт оруулж зохих засварыг оруулсан байна. Мөн сард АМГТХЭГ-ын дарга Л.Болд Багануур дүүрэгт өөрийн биеэр очиж тусгай зөвшөөрлийг нь Багануурын уурхайд гардуулж өгчээ.
2008 оны 9 дүгээр сар
“Алтай Гоулд” компани хууль бусаар олж авсан лицензээ дахин сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргалаа. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Х.Батсүрэн шүүх хуралдааныг даргалан нэхэмжлэлийг хянан хэлэлцэж, уг асуудалтай төдийлөн холбоотой бус Ашигт малтмалын 8 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 4 болон 5 дахь заалтыг үндэслэн “Алтай Гоулд” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргажээ.
2008 оны 10 дугаар сар
“Алтай гоулд” компанийн талд гарсан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 256 дугаар шийдвэрийг Дээд шүүхэд давж заалдах үед Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дамбапэлжээгийн гарын үсэгтэй гомдлоосоо татгалзсан албан тоот ирүүлсэн ба үүнийг үндэслэж Ч.Тунгалаг шүүгч Багануур ХК-ийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцож шүүхийн шийдвэрийг “Алтай Гоулд”-ийн талд үлдээв.
Чононд хонь хадгалуулна аа гэж. “Багануур” ХК-ийн удирдлагад “Сахал” Д.Эрдэнэбилэгийн худ гэгдэх Т.Бадамжунай, Д.Дамба-Очир нар өөрсдийн хамаарал бүхий этгээд, гарын хүнийг шургуулж томилуулж ирсэн гэж яригддаг. Тухайлбал 2011 онд Д.Дамбапэлжээ захирлыг тэтгэвэрт гарахад нь орны хүнээр нь Д.Дамба-Очирын “гарын хүн”, оюутан цагийнх нь нөхөр н.Мэргэнбаатар хэмээгчийг Эрдэнэтээс авчирч “Багануур” ХК-ийн Гүцэтгэх захирлаар томилсон гэнэ.
2008 оны 11 дүгээр сар
АМГТХЭГ-ын дарга Ж.Билэгсайханы 2008 оны 11 дүгээр сарын 27-ны 598 дугаар тушаалаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг үндэслэн 12164Х, 12959А тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг үүрэг болгосноор ГУУКГ-ын даргын шийдвэрээр сэргээсэн байна.
2010 оны 9 дүгээр сар
Айдгаа авдрандаа хийсэн “Алтай Гоулд” ХХК Багануурын ордод эзэн суусан лицензээ нөгөөх хачирхалтай давхцал бүхий Эрдэнэтийн 49 хувийг авсан “Монголын зэс корпорац”-ийн Ц.Пүрэвтүвшин захиралтай “Алтайнгянт” компани шилжүүлэн авчээ. 2010 онд Ц.Пүрэвтүвшин Худалдаа Хөгжлийн банкинд ажилд орж байсан тухайгаа хэвлэлд ярьсан байдаг.
2010 оны 12 дугаар сар
2010 оны 12 сарын 24-ний өдрийн 01/1577 тоотоор Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нь “Бид Алтай Гоулд ХХК-ийн хайгуулын лиценз хүссэн өргөдөлд санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт харьяалагдахгүй тул дэмжихгүй гэсэн санал өгсөн” хэмээн Багануур ХК-д мэдэгдлээ. (“Алтай Гоулд” ХХК нь Төв аймгийн Засаг дарга дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогдсон тухай шүүх хуралдааны тэмдэглэлд хожим үлджээ.
2012 оны 10 дугаар сар
Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл олгох журам, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 болон 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх заалтын дагуу илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон болохыг тогтоон Ашигт малтмалын газар (АМГ)-ын дарга Г.Алтансүхийн 615 дугаар тушаалаар “Алтай Гоулд” ХХК-д олгосон хайгуулын болон ашиглалтын лицензийг хүчингүй болгосон байна. Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 364 тоот шийдвэр гарч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул “Алтайнгянт”-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Гэсэн ч шүүхийн байгууллага, төрийн эрх мэдлийг гартаа атгасан бүлэглэлийн зарчим үйлчилж хэдийнэ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг шүүхээс сэргээжээ. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг хүртэл сэргээх хүчтэй нууц ноёнтон Д.Эрдэнэбилэг улстөрчид, хууль хяналтынхныг өөртөө “ажиллуулж” байна гэсэн хардлага эндээс төрнө.
2017 оны 8 дугаар сар
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Алтайнгянт” ХХК-ийн зүгээс АМГ-ын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож 12959А дугаартай ашиглалтын лицензийг сэргээлгэх хүсэлт тавьсаны дагуу Б.Адьяасүрэн даргатай шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээд АМГ-ын даргын дээрх тушаалуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
2017 оны 10 дугаар сар
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас “Алтайнгянт” ХХК-ийн өмнөх шатны шүүхэд нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Багануур наашлав уу... Болоогүй ээ.
2018 оны 2 дугаар сар
“Алтайнгянт” барьцаа тавьсангүй. Асуудал сунжирсаар Дээд шүүхэд очиход шүүхийн бүрэлдэхүүнд Худалдаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирал байсан М.Батсуурь орж ирэв. Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Х.Батсүрэн нар асуудлыг “Алтайнгянт” ХХК-ийн талд шийдэж, өмнөх хоёр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүх рүү шилжүүллээ.
2018 оны 11 дүгээр сар
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Алтайнгянт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр дахин гаргалаа. Багануур дахиад наашлав уу... Бас л болоогүй ээ.
2019 оны 2 дугаар сар
МАНАН дэглэмийн эсрэг нэгдсэн УИХ-ын таван гишүүн, иргэдийн шударга ёсны төлөөх жагсаал, тэмцлийг иргэд дэмжсэнээр шударга бусын хонгил, МАНАН бүлэглэлийн хууль, шүүхийн байгууллагын мафийн сүлжээ ээлж дараагаар задран унаж эхлэв.
2019 оны 2 дугаар сарын 20.
Давж заалдах шатны шүүх хуралдаан “Алтайнгянт” ХХК-ийн талд шийдвэр гаргаж өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. Багануурын ордын нийт нөөцийн 60 хувь буюу 530 сая тонн хүрэн нүүрсний төлөөх тэмцэл ийнхүү шүүхийн танхимд үргэлжилсээр, бүлэглэлүүд хүчээр түрсээр байв.
2019 оны 4 дүгээр сарын 8.
Хуулийн байгууллагыг шат шатанд нь гартаа атгасан МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэл, эрс өөрчлөлтийн үр дүнд Улсын дээд шүүхээс 2008, 2012 онд гаргасан АМГТХЭГ-ын дарга нарын шийдвэр зөв байсан гэдгийг дахин баталж Багануурын ордыг төр, ард түмний мэдэлд буцааж авч чадлаа. Улсын Дээд шүүхээс Ц.Пүрэвтүвшингийн “Алтайнгянт” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, төрийн өмчит компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай жинхэнэ эзэддээ үлдэв.
“Алтайн гянт” компанийн цаана “Монголын Зэс” корпораци, түүний цаана Худалдаа хөгжлийн банк байж ирсэн нь нэгэнт ил болсон. Шидэт дохиурын хүч үйлчилсэн мэт төр, түмний мэдлээс алдагдаж одсон Багануурын ордын асуудал аанай л Эрдэнэт дээр давтагдах шахсан билээ.
Чинбатын Буянбадрах
Сэтгэгдэл ( 2 )
Ойлгомжтой
Эрдэнэт, Дархан, Тост тосон бумба, Таван толгой, Багануур гээд л.. яасан цаддаггүй новшнууд бэ