Нэгдүгээр хэсэг
“ЮМ ҮЗЭЭГҮЙ” 76 ХҮН
“Монголын Үйлдвэржилт Инновацийн төв” ТББ үйлдвэрлэгч, худалдаачдад зориулсан амралт, бизнес хосолсон аяллыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Миний бие энэ аяллын 66 дахь удаагийнхад нь явах боломж тохиосон агаад аяллын сонин сайхнаас сонирхуулъя уу хэмээн үүнийг бичиж сууна.
Аялагчид бидний маршрут Занжиажэ, Гуанжоу, Ийвү, Шанхай хотоор аялж, туршлага судлах байв. Аяллын багийнхан дотор өмнө нь энэ маршрутаар аялж үзээгүй цөөн тооны хүн байсан. Харин зарим нь дөрвөөс таван удаа тус хамт олонтой аялж яваа гэнэ. Дэлхийн олон орныг үзсэн туршлагатай аялагчид ч байв. Аяллын ахлагч Б.Ангараг Монголоос хөдлөхийнхөө өмнө аялагчдад хандаж “Юм үзэж, нүд тайлцгаая. Эрэлхийлцгээе” гэсэн нь онигооны сэдэв болж, аяллын явцад хамт олноосоо “Тоорхон” хоч хүртсэн Б.Цэгмэд гэх хэлэмгий, алиа марзан нь дэндсэн залуу “Энд 76 юм үзээгүй хүн бий шүү” хэмээн замын турш марзганаж явав. Ийнхүү 76-уулаа унтлагын автобусны аяллыг сонгосон нь учир жанцантай. Унтлагын автобусаар аялах нь олон хоногийн хоол хүнс, бусад зардалтайгаа нийлээд онгоцоор ниссэнээс онцын ялгаагүй ч замд дайран өнгөрөх хот, тосгодоос эхлэн олон зүйлийг үзэж хардаг сонирхолтой төрөл тул үүн дээр бүгд санаа нийлж байлаа.
Ингээд өнөөх “юм үзээгүй 76” сайхан аялж хэрхэн “юм үзсэн 76” болсон талаараа жаал сонирхуулья. Би бээр Эко телевизийн “Тахианы өд” киног зургадугаар ангиас нь эхлэн үзсэн юм. Маршрутад Ийвү хот байгаа тул төсөөллөө бодит болгохыг зорьсон. Киноны үйл явдлыг харваас бодит хүний амьдралаас сэдэвлэсэн нь илт. Гол дүрийн эмэгтэй ёстой кино шиг амьдрал туулсан байх гэсэн бодол хатгаад болж өгөхгүй, аз таарвал тэр эмэгтэйг олоод уулзчих ч юм бил үү гэсэн зөн совиндоо хөтлөгдсөн хэрэг л дээ. Энэ 76 хүн тус бүрдээ яг л над шиг энэ мэт ямар нэг зорилго өвөртөлж аялалд гарсан биз ээ.
ЗАМД ГАРЛАА
Аялагчид БНХАУ-ын Эрээн хотоос нэгдэж, Шилийн гол аймагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг ганц Монгол компаний “Хишиг” ресторанд үндэсний зоогоо таатай нь аргагүй хүртэцгээгээд хөдөллөө. Замд ямар ч хоол таарч мэдэх учраас хилийн дээс алхангуутаа “монгол хүний хийсэн хоол шүү дээ” гэсэн аятай л бужигналдав. Өдрийн 15 цагт “Хишиг” зоогийн үүднээс хоёр автобусанд хуваагдаж суулаа. Унтлагын автобусны ор дэвсгэр нь ямар ч юм билээ гээд эндээс хямдавтар, хэдхэн хоног хэрэглээд хаясан ч болох шинэ цагаан хэрэглэл худалдан авсан билээ. Ороод л шал дэмий зүйл хийснээ ойлгов. Автобус тун цэвэр цэмцгэр, ор дэвсгэр нь ч боломжийн аж. Үүдэнд өлгөсөн гялгар уутанд өмсөж явсан гутлуудаа хийж бариад л хөл нүцгэн жирийлдэнэ. Хүмүүс яасан ч гавшгай юм. Урдах орнууд аль хэдийнэ эзнээ олчихож. Хамгийн арын эгнээ эзгүй тул тэнд байраа эзэллээ. Энэ автобусаараа Бээжин хүртэл яваад тэндээсээ унаагаа юүлэх бололтой. Аяллын өмнөх нэгдсэн хуралд суугаагүй хэнэггүйтсэнээсээ болж энэ мэт мэдээллээс хоцорчээ. Манай “автобус-1”-ийн ахлагч МҮИТ-ийн ажилтан Мийгаа гэх нүдний шилтэй, биерхүү залуу хүмүүсийнхээ нэрсийг эхнээс нь дуудаж бүртгэлжүүлснээр 1, 2, 3 гэсээр би 30 дугаартай аялагч боллоо. Үүнээс хойш ингээд дугаараар нь нэрлэхээр тохиролцов. “Санасан зорьсон хэрэг бүтэх, алтан шар зам тийшээ байна” гээд л хөдөллөө дөө. Эрээнээс Бээжин хүртэл 800 км. Автобус эгнээ тус бүртээ гурван ортой. Миний зэргэлдээ оронд Батуна гэх залуу, шаргал үст Халиун нар тухалжээ. Өмнө талд өндөр, туранхай шар залуу, түүний хажууд Үнэнбатзогсох гэх ховорхон нэртэй залуу, эхнэр Ганцэцэгийн хамт аяллын эхлэлээ тунхаглаж байгаа бололтой сээлфийдээд сүйд ээ. Хамгийн урд эгнээний 60 орчим насны эхнэр нөхөр, мань мэтийн зуугийн тал руу дөхөж яваа ганц хоёр эмэгтэйг эс тооцвол энэ автобусанд ихэнх нь залуус багтжээ. Биестэйгээ албан ёсоор танилцаагүй ч “Залуусын баг” хэмээх групп wechat-д нээж харагдав. Миний дээд оронд байрлалаа эзэлсэн өнөөх “Хишиг” рестораны Батхишиг гэх аманцар бүсгүй “Хол замд юу хийхэв дээ. Хөгжилтэй явна шүү” хэмээн бусдыгаа уриалан, өнөөдүүл нь ч хөхиүлэн дэмжиж харагдана. Батхишиг маань урд нь ажлын шугамаар танилцаж явсан тул ихэд өөриймсөглөн “Миний найз дарга шүү” гэж авдаг юм. “Үгүй шүү, үгүй Баагий. Миний тархи шууд амарчихсан” хэмээв. Нээрэн л өвөлжин хэт ачаалалтай ажиллаж, нэг сайхан амраад ирнэ дээ гэсэн бодолтой явсан тул “дарга” гэдэг үг үнэн тээртэй санагдсаныг нуух юун. Ингээд тархинд амралт гэдэг унталтын процесс явагдаж, чимээ аниргүйхэн, элдвийг эргэцүүлэн бодож, орчин тойрноо ажигласан шигээ явах нь сэтгэлд нэн таатай. Баагий маань аль эрт санаачлагыг гартаа авчээ. Залуус нэг мэдэхэд л хэд хэдээрээ хуваагдан хөзөрдөж эхэллээ. Зам хороох тохиромжтой хэлбэр мөөн. Зарим нь хөзөрдөж, хэсэг нь гар утсаа оролдон хууч хөөрч эхэлсэн бол дэрэн дээр толгой тавингуут нам унтах хүмүүс ч байв. Ийнхүү унтлагын автобус гээчид өнөөх 76 “юм үзээгүй” хүний амьдрал өрнөж эхэллээ дээ. Аяллын анхны өдөр хүмүүс ядардаг бололтой. Бээжин рүү дөхөж явна шүү гэлцээд байсан атлаа яг тэндээ очоод нам унтацгаачихаж. Үүр тэмдгэрч, хаа нэгтээ хүний хурхирах чимээнээр сэрвэл автобустайгаа харваас зогсоол болов уу гэмээр том оврын машинууд эгнэсэн газар саатжээ. Дээд орны Батчулуун бас сэрэв бололтой. “Oh my good. Зогсоол дээр унтаж байна” гэж тэр шивнэлээ. Бүх биеийг айдас хүйдэс эзэмдэх шиг санагдав. “Яахаараа зогсоол дээр унтаж байна гэж...” хэмээн бодох завсраа “Баагий автобусны хаалга онгорхой байна, гарах уу” гэтэл бүсгүй “тэгье” гэж байна. Үүр хаяарч эхлэв. Гадна талбайд хажуу орны Батуна, ахлагч Мийгаатай зогсож харагдав. Тэд автобус энд зогсонгуут гараад орчин тойрноо ажиглан, элдвийг ярилцаж байсан бололтой. Хуралд суугаагүй, мэдээллээс хоцорсны гор ахиад л гарах нь тэр. Унтлагын автобусны аялал ийм л байдаг гэнэ. Шөнийн 02 цагаас хойш автобус хурдны замаар давхиж болохгүй тул ийнхүү зогсолт хийдэг аж. Өглөө эрт бид Бээжингээс ахиад нэг автобусанд сэлгэж суулаа. Анхны “гэр”-ийг маань бодвол энэ автобусны цагаан хэрэглэл нэг их таатай санагдсангүй. Эрээнээс авсан шинэхэн даавуугаа ачааны нэмэр гэж ад үзсэн нь илүүц байж. Хэдий дараагийн унаа ч гэлээ анх эзэлсэн байрлалдаа очицгоож, “Тэмцэж амьдарна аа” гээд л цагаан хэрэгслээ сольчихлоо. Тухтай болсон мэт санагдаж, сэтгэл сэргэв. Замд яваа эрчүүд бол энэ зэргийн юмыг нэг их тоодоггүй нь анзаарагдана. Халиун “Цагаан хэрэгсэл авдаг байжээ” гэж үглэнэ. Дүүрсэн хэрэг. Хүнээр бол чөтгөртэй ч нөхцөнө гэдэг нь болох нь дээ. Аватар уул, бас ч гэж Сүн Ү Күний нутгийг зорьж яваа хүмүүс шүү дээ. Залуус ахиад л хөзөрдөж, замын турш бид гурван цаг тутамд цайлж явав. Эхний зогсоол дээрээс л өнөөх муу хятадынхаа хурдацтай хөгжлийг биширч эхэллээ дээ. Манайхан Замын-Үүд маань нэг боловсон 00-той болчихоосой гэж ярьсаар л суугаа. Хэдэн жил ч ярьсан юм бүү мэд. Эндхийн зогсоол болох амралтын цэг бүр боловсон 00-той. Дарга нар ингээд газраар яваасай гэж ерөөмөөр санагдав. Тэнгэрээр дэвээд байхаар юугаа санаж сэдэх вэ дээ. Замд аяншиж яваа хүмүүс төрөл бүрийн хоолноос дуртайгаа сонгож идээд, гар нүүрээ угаана, усанд орох шүршүүртэй газар ч таарсан. Зогсоол бүрт үндэсний сувенирууд худалдаастай. Хүн, машин багтах зай талбай хангалттай. Бүр нэг бүхнийг алсын хараагаар шийддэг нь илт. Дотоодын жуулчид битүү хөлхөөстэй. Мэдээж гадаадынхан ч их. Бид гурван цаг тутамдаа ийнхүү амсхийгээд л хөдөлдөг байв. Манай автобусанд энэ аяллынхнаас нэр нь яах аргагүй олон удаа дурьдагдах нийтэч хэдэн хүн бий. Өнөөх Үнэнбатзогсох өдрийн тал дундаас онигоо ярьж эхлэв. Онигоо ярих чинь бас урлаг гэдэг дээ. Яг тийм урлагтай хүмүүсийн нэг аж. Автобусанд монголчууд инээдээр цалгиж байна аа. Ямар ч их онигоо мэддэг юм бэ гэцгээгээд л инээлдээд байх нь тэр. Үүний завсар тасралтгүй үргэлжлэх тариалангийн талбай, бүгд эзэнтэй юм шиг нямбайлан тарьсан модод, гол мөрөн, үзэсгэлэнт байгаль, асар уудам талбай, жирэлзэн өнгөрөх зам харгуй, орчин цагийн хятад суурингийн дүр төрх, өндөр өндөр байшинтай хотуудаар болдогсон бол бүгдээр дайраад өнгөрмөөр санагдана. Уулга алдаад л бичлэг хийцгээх. “Манайх хэзээ ийм болно оо” гэх гомдлын үг хаа нэг сонстоно. Энэ шөнөдөө ахиад л зогсоолд нэг мэдэхэд морилжээ, өнөөх 76. Одоо үүнийг бэрхшээл гэж бодохоо больсон. Зарим нь унтлагын хувцсаа өмсөөд хөнжилдөө лав шигджээ. Хаалга мөн онгорхой. Өнөөх л ахлагч Мийгаа, Батуна хоёр зогсож харагдана. Нойр муутай хэдэн хүн ийнхүү аяллын туршид үүрийн таван жингээр яриа өрнүүлдэг болсон юм. Занжиажэд бид үдээс хойш ирлээ.
ЗАНЖИАЖЭ БА АВАТАР УУЛ
Эрээнээс 3000 км зайтай орших, БНХАУ-ын Хунань мужийн Улинюань хэмээх томоохон дархан цаазат газрын хойд хэсэгт, 1992 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Занжиажэ” үндэсний дархан цаазат цэцэрлэгт хүрээлэн оршдог. Энэ байгалийн үзэсгэлэнт газраас Аватар киноны Пандорра гарагийн дүрслэлийн санааг нэрт кино найруулагч Жэймс Камерун олсон байдаг. Аяллын контент бүтээхдээ гаргуун хятадууд энэ боломжийг хэрхэн алдах вэ дээ. Мужийн албан тушаалтнууд Шар уулыг Аватар хэмээн өөрчилсөн явдал дотоодын болоод дэлхийн жуулчдыг ховсдож эхэлжээ. Энэхүү бүс нутаг зургаан сая иргэнтэй ч, жуулчдын хөлд дарагдсан үед 16 сая болж өсдөг гэх. Төв хэсэг болох хуучны өнгө төрхийг хэвээр хадгалсан гудманд байрлах буудалд гурав хонохдоо шөнөжин дайрч өнгөрөх онгоцны чимээг сонсохнээ дайн тулаантай оронд иймэрхүү байдаг болов уу гэх содон дүрслэл буусныг нуух юун. Гэвч дорхноо л аялагчдаар өглөө оройгүй “шүршүүлж” буй эл үйл явдал байтугай бүх зүйлд дасан зохицсон. Хуучны гудманд ихэвчлэн хоолны газар, дэлгүүр хоршоо, зоогийн газар, жимсний мухлагууд үйл ажиллагаа явуулж, тэдгээрээр есөн шидийн хүмүүс хөлхөлдөнө. Сониноос энэ нутаг мандаринаараа алдартай юм билээ. Мөн гахайн махыг том томоор нь мөчилж, хуйхалсан байхтай хаа сайгүй таарна. Аялагчид гэнэтийн алхалт хийгээд хөл ядардаг учраас массажны газрууд олон цагаар үйлчлэх нь нэн таатай.
Занжиажэгийн байгалийн үзэсгэлэнт тогтоц одоогоос 100 сая жилийн өмнө мезозейн эрин үед газрын хагарал үүссэний дараа бороо, ус, салхины үйлчлэлийн нөлөөгөөр үүссэн гэдэг. Газрын чулуут давхаргын үе нь шохойн болон элсэн чулуунуудаас бүрдсэн тул ус салхинд элэгдэн байгалийн өвөрмөц үзэсгэлэнт төрхийг олоход нь нөлөөлжээ. Хятадын нэрт сэтгэгч, яруу найрагч, уран зураачид байгалийн сайхныг бүтээлдээ тусгасныг тоочивч барамгүй. Хавцлууд далайн төвшнөөс үнэмлэхүй өндөр өргөгдсөн тогтоцтой. Энд бид хоёр хоноод гурав дахь өдрөө Тэнгэрийн хаалга орчихоод шууд хөдлөх гэнэ.
Буудалдаа орж усанд оронгуутаа хувцсаа сольж гангалцгаагаад хэсэг хэсгээрээ зугаалцгаав. Газар дорх захыг нь үзнэ, сүм рүү явлаа, гол орно, баар бараадъя гээд бутарцгаалаа. “Энд зун болжээ. Гэхдээ маргааш Аватар уул руу явахад бороотой байх нь ээ, та минь” гэлцэнэ. Замын нөгөө талд л өндөр өндөр барилга буйг харахад энэ хэсгийг ингээд л хуучнаараа байг гэж онцгойлон үлдээсэн байх магадлалтай. Мөн замын нөгөө талын томоо зогсоолын дээш өлийвөл хүмүүс cable car-аар зогсоо зайгүй зорчин байхуйд бид маргааш зорих газрынхаа хажууханд, газар зүйн хувьд их л зохимжтой газар буудаллажээ. Олон жил аялал зохион байгуулсан хүмүүс тэрийгээ мэдэлгүй дээ. Буудлаасаа гараад, сүм рүү явах залуусын багтай нэгдлээ. Автобусанд нээсэн “Залуусын баг” группийнхэнтэйгээ амьхандаа фракцлаж байгаа ухаантай юм уу даа. Бээжингээс автобус хүлээх явцад нэгэн сонирхолтой “дүр” олж харсан юм. Ерөөс аяллын биш, хар драпан пальто, кепкэн малгайтай зүгээр л ажил хэргээр онгоцонд зорчиж яваа мэт 50 орчим насны эрэгтэй, гэхдээ харьцангуй овор багатай. Тэрбээр “автобус-2”-оос манай унаа руу шилжлээ. Өнөөхийг харчихаад “Загалмайлсан эцэг юм уу, хаашаа юм” гээд бас л хоржоонтой хүмүүс шүү. Түүнтэй бор үүргэвч үүрсэн, халзан толгойтой залуу оровч гаравч хамтдаа. Үүргэвчнээсээ салнаа нэг байхгүй. “Алт эрдэнэс энэ үүргэвчинд бий” гэж зарим нь цаашлуулна. Хар хүрэмтийн туслах маягийн ажилтай хүн юм даг уу даа. Занжиажэгийн гудманд сүмийн багаа хүлээх зуур буудлын үүдэн дэх ширээнээ хэдэн пиво өрчихсөн, хоёр дахь автобусны хөтөч Төрөө тэргүүтэй залуустай өнөөх хамтдаа сууж харагдлаа. Ахиулаад харвал миний төрж өссөн нутгийн залуу байна. Монгол хүн байна даа, мэнд усаа мэдлээ. Дорхноо л танай ангийн тэр, манай ангийн энэ гэлцэж байтал “Залуусын баг”-ийнхан гарч ирээд, өнөөх хэдийг орхиод хөдөллөө. Бид чинь дөрвөн уулын дундах Улаанбаатартаа бол бараг километрийн зайд л унаагаа зайдалчихаад түгжрээд явдаг шүү дээ. Аяллын турш хийсэн их алхалтын эхлэл энд тавигдсан юм даа. Cable car-тай талбайн наахнуур дөтөлж гараад сүм рүү алхацгаав. Замдаа яаж зүгээр байхав, хаа сайгүй зургаа даруулсан шигээ алхацгаалаа. “Ариун сүм”-ийн шат өөд өгсөхөөс л аахилж эхлэв. Залуус зургаа авахуулцгааж, тэндээс уруудахад замд таарах Лэ Шуэ голын эрэг дээр орой сууцгаана шүү гэж тохироод буудалдаа ирцгээлээ. Буудалд ирсний дараа бүгд хэсэг хэсгээрээ хооллоод, голын эргийн дэргэдэх асарт тухлан, дуу хуур болцгоов. Голын цаадах гоёмсог өндөр байшингууд гэрлэн чимгээ зүүчихсэн чинь бүр сүр орчихож.
ШИЛЭН ГҮҮР
Занжиажэд ирсэн хоёр дахь өдрийн өглөө. Энэ өдөр “Шилэн гүүр” рүү явцгаана. Буудлын хойд талбайгаас автобусанд суугаад найман километр замыг туулж тийшээ очих юм байна. Жуулчид буудлын гаднаас борооны цув худалдан авав. Жилийн дөрвөн улиралд зөвхөн энэ цувнаас хичнээн мөнгө олдог бол доо гэсэн өлбөг долбиго бодол өөрийн эрхгүй төрөх юм аа. Хятад инженерүүдийн эл томоохон бүтээн байгуулалтын тухай сураг сонссон төдийхөн. 300 метрийн өндөрт, 430 метр үргэлжлэх бөгөөд зургаан метр зузаантай аварга эд юм аа. Энэ гүүрийн бүс нутгийн үзэсгэлэнт байгалийн хэсгийг 2009 онд “Аватар” кинонд ашиглаж байсан гэдэг. Тус гүүрээр айдас хүйдсээ даван алхах сорилт бидний аяллын анхны өдөр тулгарсан юм. Шилэн гүүрийг Занжиажэ уулын хоёр дахь хавцлыг холбох зорилгоор барьжээ. Гүүрний наад талбайгаас өнгийхөд л хүмүүс шоргоолж шиг бужигналдана. Шилэн гүүрэн дээр ийм их хүн явна гэж бодохоор л дотор эвгүйцдэг юм билээ. Нэг удаадаа 800 хүн зорчиж, өдөрт 50 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Олуулаа яваа жуулчид гүүрний наад талбайд бөөгнөрч зургаа даруулцгаана. Анх хөл тавихад дотор эвгүйцэм ч жуулчид хээвнэг дээш өлийн, бичлэг хийж явахыг харахад нэг муу нэрэлхүү зан хөдөлмөр аядана. Аватар уулын үзэсгэлэнг ийн дээрээс тольдохдоо аажмаар нүдээ дасгаж, уулын хажуу энгэрээр эрийлгэж, мушгиралдуулан барьсан замаар уруудах нь тодорхой болов. Манайхан үсэрч, хэвтэн суун эсэн бусаар л зургаа авахуулж байна. Монголын Үйлдвэржилт Инновацийн Төвийн хамт олон энэ үед бидэнд нэгэнт зорьж очсон газраа цаг хугацаанд хавчигдахгүйгээр тухалж, тааваараа ажиглалт хийх боломж олгож байлаа.
Хадат өндөр уулнаас хүржигнэн урсах хүрхрээ, гайхамшигт тогтцуудыг анхааралтай ажиглаж, уулга алдацгаасаар эргэж байрандаа цуглацгаалаа. Энэ алхалт ямартаа ч гурван цаг орчим үргэлжилсэн байх. Үзэж харах зүйл мундах биш дээ. Цаг хугацаа хүүе гэхийн завдалгүй өнгөрнө. Жуулчид зугаалахтай зэрэгцээд битүү камержуулалттай зам харгуйн хаа нэгтээ хятад хүмүүс бөгтөгөнөөд ажиллаж харагдана. Энэ олон хүний урсгалтай газрыг үргэлж засч торддог нь илт. Биесээ хүлээх завсар зам зууртаа амралтын цэгт мөн л таарах хоол, зуушнаас хүртэцгээв. Энд өндөр үнэтэй зоогтой ресторан, мөн 10-20 юаньд өлхөн цадчихаар бүхий л сонголт байх аж. Автобус товлосон цагтаа биднийг ирж авснаар буудалдаа очицгоов. Эл өдрийн аялал хүн бүхний сэтгэлийг сэргээж, Занжиажэ гэгч нь нэг удаагийн ирэлтээр бүгдийг нь мэдчих төсөрхөн газар биш гэдгийг бэлхнээ гэрчиллээ. Орой нь бүгд хооллох завсраа бие биетэйгээ албан ёсоор танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг зохион байгуулагчид олголоо. Маргааш Тэнгэрийн хаалгаар диваажинд хүрцгээнэ. Хоёр өдрийн үзвэрт хүний 600 юань хураасан. Бид бороотой өдөр очсон учир гадаадын иргэд заавал амь насны даатгалд хамрагддаг юм байна. Ер нь тухайн өдрөөс шалтгаалж үнэ ханш зочид буудлуудтайгаа адил хэлбэлздэг гэлээ.
Үргэлжлэл бий.
Сэтгүүлч Н.ЭНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл ( 0 )