Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт /2019.05.12/ “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширийг БНХАУ руу нэг удаа экспортод гаргах шийдвэр гаргасан.
Ингэхдээ стандартад нийцсэн дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгосон. Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн, БНХАУ руу гаргах ажилд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болгосон юм. “Засгийн газрын энэ шийдвэр албан ёсоор баталгаажаагүй, албан бичиг ирээгүй байгаа учраас одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбарыг ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. “Эмээлт” захад дөрөвдүгээр сарын байдлаар 600 мянга гаруй адууны шир хуримтлагдаад байсан. Дээрх шийдвэртэй холбогдуулан тэдний төлөөлөл болох “Их Уул” компанийн захирал Н.Ганхуягтай холбогдож, дараах мэдээллийг авлаа.
-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар адууны боловсруулаагүй ширийг экспортод гаргах шийдвэр гаргасан. Та бүхэн шийдвэрийг таатай хүлээж авч байгаа байх?
-Одоо л хэрхэн гаргах асуудал яригдах байх. Гэхдээ муудсан ширээ бүгдийг нь хаясан. Манай компани нийт 20 мянга орчим адууны шир малчдаас худалдан авч хураасан байсан. Энэ адууны ширний 6000 гаруйг нь давсалсан байсан учраас муудаагүй. Одоо Хятад руу экспортод гаргахыг хүлээж байна. Харин үлдсэн 13 мянга гаруй адууны ширээ хог дээр хаясан.
-Засгийн газрын шийдвэр оройтож гарсан гэсэн үг үү. Арай эрт ийм шийдвэр гаргасан бол адууны ширээ муутгалгүй экспортлох боломжтой байсан уу?
-Тэгж ойлгож болно. Засгийн газар эрт шийдвэрээ гаргаад адууны түүхий ширээ экспортлох боломжоор хангасан бол муутгахгүй байх боломжтой байлаа.Бид адууны ширээ хаяхдаа хүртэл төлбөр төлж ачуулж хаясан.
-Адууны дэл, сүүлийг дотоодын үйлдвэрүүд та бүгдээс худалдан авч байгаа биз дээ?
-Дэл, сүүлийг түүхийгээр нь гадаад руу экспортолдоггүй. Угааж, боловсруулж байж экспортод гаргаж байгаа. Тиймээс бид дотоодын үйлдвэрүүддээ түүхийгээр нь хямд үнэтэй өгч ирсэн. Үйлдвэрүүд биднээс авч байгаа дэл, сүүлээрээ бүгдэнгээр нь бүтээгдэхүүн хийдэггүй учраас угаагаад экспортод гаргах зорилгоор авч байна. Иймд угаагаад экспортод гаргавал илүү үнэ хүрэх учраас манай компани өөрсдөө дэл, сүүл, сарлагийн саваг угаах, боловсруулах үйлдвэр барьж байна. Үйлдвэрийн ажил 60-70 хувьтай явж байгаа. Ирэх зургаадугаар сарын эхээр ашиглалтад оруулна.
Сэтгэгдэл ( 0 )