ТОЙМ: ТОП 100-тай, Хоригтой, Тайлбартай долоо хоног

2019 оны 05 сарын 19

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого ДНБ-ий 96 хувийг эзлэв

2018 оны ТОП 100 аж ахуйн нэгж өнгөрсөн баасан гарагт тодорлоо.  Засгийн газар, МҮХАҮТ хамтран 18 дахь жилдээ ТОП 100 ААН-ийг эрэмбэлж байна. Энэ жилийн жагсаалтыг харахад 2018 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 5 их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна. ТОП 100 ААН-ийг салбараар нь дүгнэвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй байгаа юм. Ирэх жилээс  компаниудын нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг шинэчилсэн хэлбэрээр, илүү чухалчлан үзэх болно гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн. ТОП 100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван  үзүүлэлтийг чухалчилдаг юм.


Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам хариу тайлбар хийв

Татварын багц хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд ээлжит бус чуулганаар хуульчлагдан батлагдах хүртлээ ХҮЛЭЭЛТ үүсгэсэн. Эдийн засагчдын зүгээс багц хуулийг дагасан үр дүн хагас жилийн дараачаас эдийн засагт мэдрэгдэх байх гэж тооцоолж буй. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа. Жил гаруйн хугацаанд хэлэлцүүлгийн шат дамжлагуудыг дамжсан багц хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн 1783 санал хүлээн авч  тусгасны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн хэд хэдэн санал  тусгагджээ. Тодруулбал, хуулийн төслийг Төсвийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Ерөнхийлөгчийн  ирүүлсэн саналыг тусгайлан хэлэлцэж, зургаан  саналыг хүлээн авч тусган, баталсан болохыг Сангийн яамнаас мэдэгдэж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө болон бусдын санаа оноо тусгагдаж,  шигшигдэж, хэлэлцэгдэн батлагдсан Татварын багц хуульд хориг тавиад байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй, гүтгэлэг гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Мөн тэрбээр “Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуульд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм” хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Тэгвэл эдийн засагч Т.Доржханд Ерөнхийлөгчийн хоригийн талаар “Энэ төсөв, татвар болон эдийн засгийн чиглэлийн хуулиуд дээр тавигдаж байгаа Ерөнхийлөгчийн хоригууд үндэслэл муу, мэргэжлийн бус хэт субьектив байдлаар гарч байна” гэж буй бол эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Татварын багц хуулийн зүйл, заалтууд өнөөгийн эдийн засгийн орчинд нийцэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж шударгаар татвараа төлдөг бол төрөөс олон боломж олгохоор заасан нь хэрэгжих боломжтой, сайн хуулийн төсөл болсныг харуулж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлээд байна. Мөн Татварын багц хуулийн шинэчлэлд төдийгөөс өдийг хүртэл оролцоотой явж ирсэн эдийн засагч Б.Лхагважав хэлэхдээ  онолын суурь зарчмууд багц хуульд тусгагдаж, батлагдсан гэж буй. Ерөнхийдөө бол эдийн засагчдын дунд Татварын багц хуультай холбоотой эерэг байр суурь илүүтэй ноёрхож байгаа гэхэд болно. Тэрчлэн Ерөнхийлөгчийн хоригт дурдагдаад буй асуудлууд багц хуулийг үнэгүйдүүлэх үндэслэлүүд мөн үү гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Сангийн яамнаас Ерөнхийлөгчийн хоригт дурдсан асуудал тус бүрээр тайлбар гаргасан юм.     


Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ долоо хоногт  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар ямар үзүүлэлтүүдтэй байгааг мэдээлсэн юм.

Инфляцийг өсгөхгүй байх, иргэдээ үнийн дарамт дор зүдрээхгүй байх нь төр засгаас анхаарах ёстой гол асуудал. Инфляци буюу үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл нийгмийн анхаарлын  төвд байдаг. Тэгвэл  энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас нэг  хувь, өмнөх оны эцсээс 2.8 хувь, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн жилийн өдийгөөс  долоон хувиар өсөхөд нь хүнсний бараа, ундаа, ус, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг,  согтууруулах ундаа, тамхи,  орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ нөлөөлснийг ҮСХ-ноос мэдэгдлээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар 2019 оны нэгдүгээр улиралд  нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 мянга буюу 11.3 хувиар өссөн байна.

Нэг хүнд ногдох сарын дундаж бодит орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс улсын дунджаар 68 хувь, Төвийн бүсэд 88.6 хувь, Зүүн бүсэд 80 хувь, Улаанбаатар хотод 71.4 хувь, Хангайн бүсэд 58.2 хувь, Баруун бүсэд 44.3 хувиар тус тус их байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ  оны эхний дөрвөн  сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 286.5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 22.5 мянга буюу  68.1 хувь нь  бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952 хүнээр буурч, өмнөх сараас 717 хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн долоон мянга нь Улаанбаатарт, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд, 3.6 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байгаа аж.


“Монгол Улс метан хийн гол хэрэглэгчдийнхээ зах зээлд ойрхон байгаа нь маш том давуу тал”

Эдийн засагт өгөөж дагуулах боломжтой олон гарц манайд бий. Тэдгээрийн нэг нь метан хий. Тэгвэл энэ долоо хоногт “Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г  байгууллаа.  “Жейд Метан” компанийн гүйцэтгэх захирал Жосеп Бүркэ “Монгол Улс метан хийн гол хэрэглэгчдийнхээ зах зээлд ойрхон байгаа нь маш том давуу тал юм. Байгалийн хийн нөөц Улаанбаатар хотоос 600 гаруй км буюу харьцангуй ойр орших учраас үүнийг өрсөлдөх гол давуу тал гэж харж байна. Хятад улс байгалийн хийг бусад улсаас авахдаа далайн хамгийн хойд боомтоороо дамжуулан авдаг. Үүний оронд Монголоос байгалийн хий, метан газыг экспортлох юм бол Хятад хамгийн бага зардлаар үндсэн хэрэглэгчдэд хүргэх боломж байна” гэж байна.

 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол Улсад метан хийн зах зээл хөгжих бүрэн боломж, бас ирээдүй бий. Өнөөдөр бид нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлын эхлэлийг тавилаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан. Манай компани энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь метан хийн чиглэлийн хайгуул судалгааны ажил юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт босгох, нөөцөө тогтоох, ТЭЗҮ-ээ олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хийх боломж бүрдэж байна. Хөрөнгө оруулагч Австралийн компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан нөөцийг нарийвчлалтай тогтоох, бусад гарч болох эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллах юм. Гэхдээ энэ удаа нөөц тогтоох чиглэлд илүү баталгаатай, бодитой судалгаа хийгдэх бөгөөд хамгийн чухал нь нь  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл болно” гэсэн юм.


Эдийн засгийн бодит өсөлтийг  зургаан хувь байхаар тооцов

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэгдэж байна. Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хуний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн гээд эдгээр бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудыг товч танилцуулсан юм. Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2020 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах; төсөв, мөнгөний бодлогыг хослуулах замаар инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийг дунд хугацаанд эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Харин Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимтэй хөгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах; хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх; бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэж Сангийн яам үзэж байна.

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгажээ.  Зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдлээ.


Эдийн засгийн сорилтуудын өмнө бид бэлэн үү?

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж гарцыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэх зорилготой “Шинэ эдийн засгийн форум” энэ долоо хоногт боллоо.  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Өнөөдөр маргааш цаашдаа өрнөх үйл явцад бид бэлэн үү гэдэг асуудлын талаар ярилцахаар энд цуглаад байна. Хувьсан өөрчлөгдөж байгаа зүйлд улс төрийн нөлөө, улс төрийн намуудын гаргаж байгаа мэдэгдэл, үйлдлүүд хамгийн хүчтэй нөлөөлдөг. Гадаад эдийн засаг бидэнд таатай хэвээр байна. Асуудал хаана байна гэхээр бидэнд л байгаа юм. Хувийн хэвшлийнхэн, бизнесийнхэн өөрсдөө асуудлаа нэгдэж ярьж, хамтарч чадахгүйгээс бидний дуу хоолой төрд хүрэх төдий зогсож байгаа талаар Дэлхийн банк групп судалгаандаа танилцуулсан байдаг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн бид нэгдэж, асуудлаа нийлж тавьдаг байх ёстой” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эдийн засгийн тэлэлт юу юунаас чухал байгааг Та бүхэн ярьж байна. Бид уул уурхай гэж олон жил ярьж явсан. Уул уурхайн салбар байх ёстой хэдий ч энэ салбараас олж буй хуримтлалаа бид юунд зарцуулж байгаа вэ гэдэгт анхаарах цаг болсон гэдгийг юун түрүүнд сануулмаар байна. Мөн хөдөө аж ахуй маш том, уламжлалт салбар хэдий ч энэ салбарт үндсэндээ ямар ч ажил хийгдээгүй өдийг хүрч байна. Өнөөдөр арьс, хонины нэхий 500 төгрөг хүртэл буурч, үхрийн цул мах нэг кг нь 16 мянган төгрөг хүртлээ өслөө гээд наад захын маш олон асуудал гарч байна. Төр бодлого, чиглэлээ гаргаж, түүнийгээ бизнесийн салбартай хэрхэн уялдуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Монгол Улсын төр өнгөрсөн 30 жилд маш олон тогтоол, шийдвэр гаргасан. Гэвч хэрэгжиж байгаа зүйл алга. 2010 онд хамтарсан Засгийн газар ажиллаж байхдаа маш сайн тогтоолууд гаргасан хэдий ч 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ганцхан тогтоол л хэрэгжсэн. Бусад нь эхлээгүй, ажил болоогүй. Ингээд сонгуулиар дараагийн УИХ, Засгийн газар бүрэлдэж өөр чиглэл рүү явчихдаг. Бодлого ийм тодорхой биш байхад бодлого дагаж хөгждөг бизнесүүд өндийхгүй л болов уу. Өнөөдөр бид жилдээ 14-16 сая ширхэг арьсыг түүхийгээр нь буюу боловсруулахгүй экспортолж байна. Хэрвээ нэмүү өртөг шингээх юм бол маш том валютын урсгал нэмэгдэнэ. Тиймээс эдгээр ажлуудыг ярихаас илүүтэй хийж эхлэх хэрэгтэй байгаа юм.

Мөн төмөр замын асуудал бий. 2010 онд анх удаагаа Монгол Улс өөрсдөө Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо баталсан. Харамсалтай нь “нүүрсний” хамааралтай олон бизнес эрхлэгч, улстөрчдөөс болж дээрх бодлого гацсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудалд анхаарч, хөндлөн төмөр зам буюу Цогтцэций /Тавантолгой/-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг тавих Засгийн газрын шийдвэр ямартай ч гарлаа. Харин хөрөнгө оруулалтын хувьд хүүтэй мөнгө зээлж, зээлийг дагасан гадаадын ажиллах хүчний зэрэг асуудлаас үүдэн өртөг өндөр байдаг тул бид энэ удаад төмөр замын хөрөнгийг дотооддоо шийдэж байна.

Тавантолгой, Эрдэнэт, нүүрс гэсэн хэдхэн зүйлээр УИХ-ын гишүүд нь бизнес хийдэг байдал зогсохгүй байна. Улс төр рүү орж байж амьдардаг, бизнес нь бүтдэг тогтолцоог бид халах ёстой. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  одоо шинэчлэгдэж, мэргэжлийн холбоо болох ёстой. Мэргэжлийн холбоо улс төрийн, намын харьяалалгүй байж, үнэн бодит мэдээллийг өгч байх шаардлагатай. Тэдгээр нь Америкийн худалдааны Танхим шиг Танхим байж, холбоод шиг хүчтэй, УИХ, Засгийн газартаа лобби хийж, нөлөөлж чаддаг байх хэрэгтэй” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top