Хаанаас машин гарч ирээд дайрчих бол гэж явган зорчигчийн замаар явахдаа хүртэл сэрэмжилж боддог болсон өнөө үед Улаанбаатарт авто машины зам дээгүүр ёстой л эрх дураараа алхах боломж жилд ганц л удаа тохиодог. Мэдээж энэ бол жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт болдог “Авто машингүй” өдөр. Гудамж талбай хүний хөлд дарагдаж, энд тэндгүй унадаг дугуй, рольк, скүүтэр унасан жаалууд хөлхөлдөнө. Тэд гадаах хүйтнийг ч анзаарах сөхөөгүй, аз жаргалтай харагдаж байлаа.
Загварлаг охидууд, “Free hug” гэсэн бичигтэй самбар барьсан хүүхдүүд, гэрэл зургийн аппаратаа дуугарган цаг хугацааг хальсанд буулгаж буй залуус зэрэг олон дүр зураг нүдний өмнө илт. Авто машингүй өдрөөр хотоос олон шинэ зүйлийг харж болохоор аж. Энэ өдөр мөн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 2014 онд 16 мянга гаруй хүн марафонд оролцож байсан бол энэ жил 30 мянга гаруй хүн оролцжээ.
Бидний амьдралын нэг өдөр, тэр нэг өдрийн ихэнх цаг ажлын ширээний ард өнгөрдөг. Сүүлийн жилүүдэд хүмүүс биеийн эрүүл мэнд гэж их ярих болсон. Спорт бол бидэнд зайлшгүй шаардлагатай хэрэгцээний нэг. Идэвхтэй хөдөлгөөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдгийг мэдэхгүй хүн цөөхөн ч тэр болгон дасгал сургуулилт хийж, эрүүл мэнддээ анхаараад байдаггүй. “Авто машингүй” өдөр хүмүүст тэр л сэдлийг өгөх зорилготой. Өдөр бүр алх, ууланд авир, дугуй уна, гүй, спортоор хичээллэ, амралтын өдрүүдээ өөртөө зориул! Эрүүл байх хамгийн энгийн зарчим бол ердөө л энэ.
Талбайг хөндлөн алхсаар дараагийн очсон газар минь “Аз хур” номын их дэлгүүр байв. Ер нь өнгөрсөн амралтын өдөр нийслэлчүүд “Улаанбаатар марафон”, “Аз хур”-ын хямдралтай номын худалдаанд дээр л өдрийг өнгөрөөсөн байх. “Аз хур”-ын гадаа бөөгнөрсөн олныг хараад хэсэгтээ л гайхаж зогсов. Хүмүүсийг дэлгүүрийн хашаа руу хэсэг хэсгээр таслаж оруулж байх агаад, тэд номонд маш эмх замбараатайгаар дугаарлан зогсож байлаа. Би ч мөн адил тэдний дунд ээлжээ хүлээн цаг дугаарласны эцэст дэлгүүр рүүгээ орж, номоо ч авлаа. Дэлгүүрийн ажилчид хямдралтай худалдааг маш сайн зохион байгуулжээ. Үүдээр орсон хүмүүс чирдэг сагснаас аван цаашлана. Өөрийн авахыг төлөвлөж байсан номоо аван цааш явсаар тооцоогоо хийн гарах хаалганд тулна.
Нэг бодлын яг л томоохон супермаркет, барааны дэлгүүрт хүнс цуглуулаад явж буй мэт хачин сэтгэгдэл төрнө. Хүссэн хүнсээ сонгоод сагс руугаа чидэн цаашлах худалдан авагчид шиг номын дэлгүүрт байх хүмүүс сонгосон номоо аван сагс руугаа шидэж байв. Мэдээж бид бүгд л худалдан авалт хийдэг л дээ. Харин ном бол өөр өө. Ном бол бидний оюуны хэрэгцээг хангагч. Хүмүүс номын хямдралаар худалдаж авсан олон номоо яг уншдаг болов уу? Эсвэл номын хямдралаар хямдарсан зарим номууд үнэхээр хүний оюуны хэрэгцээг хангаж чадахаар чанартай байна уу? Ямартай ч бид энэ хоёр асуултыг бодохгүй өнгөрөх ёсгүй. Дор бүрнээ нэг тунгаачихад илүүдэхгүй биз ээ.
Цахим хуудаснаа нэг охин “Аз хур”-ын гадаа 4 цаг дуугарлан зогссоноо “Аз жаргалын оочер” хэмээн нэрлэсэн байсныг уншсан юм. Нээрэн л хүмүүс аз жаргалтайгаар дугаарлан зогсоо харагдсан. Хэзээ Монголчууд ийм олноороо ном авахын тулд цуглаж байсан билээ дээ. Цаашлаад бидний соёлын нэг томоохон хэсэг болох учиртай энэ дүр зураг олон зүйлийг л бодогдуулсан билээ.
Дэлгүүрээс гарахад орой болж, замын хөдөлгөөн ч хэвийн байдалдаа эргэн оржээ. Явган хүний замаар унадаг дугуйтай хүүхдүүд зөрнө. Нийслэл хотын дугуйн замыг бүрэн шийдээд өгчихсөн бол эдгээр хүүхдүүд жилд ганцхан удаа тохиодог энэ өдрийг ингэж олноороо хүлээхгүй дээ гэх бодол толгойд зурсхийнэ. Урд минь тор дүүрэн номтой хэн нэгэн алхаж байна. Хажуугаар дугуйтай жаалууд зөрөн өнгөрсөөр...
Сэтгэгдэл ( 0 )