Н.Оюундарь: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бид дахин алдах ёсгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдвүүдээр ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл их байгаа нь нийгмийн анхаарлын төвд орчихлоо. Нэг хэсэг ингэж ярьж байгаад мартагддаг. Дараа нь дахиад ийм хэрэг гарахаар дахиад л ярьдаг. Ярих биш хийж хэрэгжүүлэх боломж хэр байдаг вэ. Бас л төсөв мөнгөн дээрээ очоод таг сууцгаачих юм уу?

-Өр өвтгөсөн олон мэдээлэл гарч байгаа тул бид нийгмээрээ анхаарал хандуулах ёстой. Өмнө нь хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 900 сая төгрөг төсөвт суулгадаг байсан. Харин УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлан төсвийг нь тав дахин нэмэгдүүлж өнгөрөгч онд гэхэд таван тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ оны төсөвт найман тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж батлуулж чадсан. Нэг талаараа энэ амжилт. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээсээ бид мөнгө, хайр халамжийг харамлах ёсгүй. Хөгжлийн академи ТББ болон Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт, судалгааны төвөөс гаргасан судалгаанаас үзэхэд 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 буюу 48.7 хувь нь хүүхэд байгаа юм. Үнэхээр харамсалтай тоо баримт. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд 78.2 хувь болж зургаан хувиар өссөн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг харуулж байна. Хүчингийг хэргийн дийлэнх хувь нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь үнэхээр сэтгэл сэрдхийлгэж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэг ихэсч байгаа тул хуулийг чангатгах шаардлагатай. Мөн хохирогчоо хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогыг явуулах цаг хэдийн болчихоод байгааг сэтгэл өвтгөсөн энэ бүх мэдээллээс бид харж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд тогтолцоогоо өөрчлөх, хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, далд хэлбэрийг илрүүлэх, хохирогчийг тусгаарлах, хохирогчдод үзүүлэх үйлчилгээ, нөхөн олговор олгох, тусгай сан байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Зарим эмэгтэй гишүүдийн зүгээс цаазын ялыг сэргээх ёстой гэж байна. Цаазын ялтай боллоо гээд гэмт хэрэг буурах юм уу?

-Хүмүүс өөрдсийнхөөрөө байр сууриа илэрхийлж байгаа байх. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Учир нь манай улс НҮБ-ын ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт 2 дугаар протоколын УИХ-аас 2012 онд соёрхон баталсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний амьд явах эрхийг бодитойгоор хамгаалах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах зорилтыг хангахад чухал алхам болсон гэж үздэг. 2015 оны 12 дугаар сард батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан.

Хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэгтэнд тохирсон ялыг үүрүүлж чадахгүй байгаа юм биш. Бүх насаар нь хорих бол хангалттай хүнд ял. Энэ ялаар гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа. Хохирогчдын ар гэрийнхний уй гашуу тайлагдаж, хохирол арилах боломжгүй учраас дахиж олон хүнийг хохироохгүйн тулд онц хүнд гэмт хэрэг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь илүү чухал юм. Гэмт хэрэг гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал ядуурал, ажилгүйдэл, архидалт ихсэхээр гэмт хэргийн гаралт ихэсдэг нь тодорхой. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хүчирхийлэл тодорхой хэмжээнд буурна.

-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн хариуцлага тооцож таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн байна лээ. Ш.Раднаасэд гишүүн Удирдах зөвлөлдөө намаас гарах өргөдлөө өгсөн байна. Энэ процессийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюу толгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюу толгой компанийн удирдлагад явуулсан учраас түүнд таван жил намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гарсан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ процессийн талаар миний харж байгаагаар Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34.3-т зааснаар гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Хоёрдугаарт, хүний гэм буруутайг зөвхөн шүүх л тогтооно. Шүүх гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад МАН-ын хяналтын хороо сошиал мэдээгээр үндэслэн ингэж дүгнэлт гаргаж болохгүй.  Гуравдугаарт, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд төрийн бус статустай улс төрийн нам төрийн хууль тогтоох ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буруу жишиг тогтож болохгүй. Дөрөвдүгээрт, сонгууль болоход нэг жилийн л хугацаа үлдэж байна. Цаг үеэ олоогүй шийдвэр болсон гэж  үзэж байна.

-Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар сүүлийн үед УИХ-ын гишүүдийг буруутгах өнгө аяс харагдаж байна. Үүний буруутан Ш.Раднаасэд гишүүн болж таарсан. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахаар хуульд зааснаас болж авлигын болон томоохон хэргүүд хаагдаж байна гэсэн бухимдал байгаа л даа?

-Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс  эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэх явцад Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Эрүүгийн хуульд гэмт хэргийн ангилал хамаарахгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон. Зөвхөн торгох ялтай хуулийн этгээдийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан гээд хоорондоо зөрчилдсөн олон зүйлс байгаа. Үүнийг засахгүйгээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг албаар хэт удаашруулах, энэ үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаатай санал нэг байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Татварын хуулиудад хориг тавьчихлаа. МАН-ын бүлэг хориг хүлээж авах уу. Сангийн сайдын зүгээс хоригийг хүлээж авахгүй гээд мэдэгдчихсэн байгаа?

-Бидний хувьд хамгийн чухал зүйл бол татварын суурь баазаа бэхжүүлэх асуудал байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч 50 хувь нь X тайлан өгдөг. Мөн 20 хувь нь алдагдалтай гэсэн тайлан өгч байна шүү дээ. Үндсэндээ 30 хувь нь л татвар төлж байна гэсэн үг. Үүний цаана нуугдаж байгаа, далд эдийн засгийг бүрдүүлэгч зах зээл буюу зах дээр наймаа хийдэг, эсвэл ТҮЦ ажиллуулдаг, такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүс гэх мэтэд суурь баазаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүний тулд өмнө нь өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хүрээнд 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой компаниудад нэг хувийн татвар ногдуулж байхаар тусгасан. Үүний хүрээнд бодлого явуулбал татвар төлөх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Татварын багц хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд төр татвараа хураагаад зогсохгүй нэг сая хүнийг ажлын байраар хангаж байгаа 132 мянган аж ахуйн нэгжид зориулсан хууль байх ёстой. Тэр нь том жижиг гэлтгүй бүх аж ахуйн нэгжийн эрх ашгийг хангасан байх зайлшгүй шаардлагатай. Ингэж хувийн хэвшлээ дэмжиж байж татварын сангаа бүрдүүлнэ шүү дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд хандаж байгаа байдал нь эсрэгээрээ болчихоод байдаг. Өөрөөр хэлбэл, ялгавартай хандаад байгаа асуудал бий. Тухайлбал, бидний өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулиар 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудаас нэг хувийн татвар авахаар оруулж ирсэн. Жилийн 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн татвар төлөх боломж олгоод бусад хөнгөлөлтөд хамрагдах нөхцөлийг нь хаасан гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин Сангийн сайд “Ийм аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвар төлөх, эсвэл улирал бүр тайлан гаргаад бусад хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэх сонголт өгсөн. Тиймээс бусад боломжийг хаасан зүйл байхгүй” гэж тайлбарласан байсан.

-Удахгүй УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барих бололтой. Тавдугаар сарын сүүлээс эхлээд Үндсэн хуулийг хэлэлцэх бололтой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр таны байр суурь ямар байна вэ?

-Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анхны Үндсэн хуультай орон болсон гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг тунхагласанд энэ хуулийн түүхэн ач холбогдол оршино. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, 1960 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуульдаа хийсэн эдгээр өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ. Өнгөрсөн 27 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харуулсан. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм. Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Үндсэн хуулийн асуудалд алсыг сайн харахгүй, дутуу дулимаг, түргэн түүхий хандаж болохгүй гэдгийг бид энэ он жилүүдэд ухаарсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бид дахин алдах ёсгүй. Бас дутуу, буруу явсан хандлагад хөтлөгдөж цаг хугацаанд шахагдаж, судалгаа, тооцоо багатай сэтгэл хөдлөлөөр Үндсэн хуулиар оролдож болохгүй гэдгийг хатуу санаж “долоо хэмжиж, нэг огтлохын зарчим”-ыг хэрэгжүүлж уг төслийг боловсруулсан.

-Яг ямар ямар өөрчлөлт орох гээд байна вэ?

-Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх үзэл санаа бүр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд шингэсэн гэж үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дөрвөн гол асуудалд чиглэсэн. УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг нэмж, тогтвортой, хариуцлагатай болгох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах, орон нутгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгоно.

-Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ тэнгэрт хадаж байна. Тагнуул нь ч үүнийг шалгаж байна. Үнийн хөөргөдөлтөд зохицуулалт шаардлагатай юм биш үү. Шатахууны үнэ ч гэсэн нэмэгдээд байгаа. Үнийг хэрхэн барих вэ?

-Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагаас махны үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж тайлбарлаад байна. Тухайлбал, цаг агаар муудсан үечлэл, экспортод мах их хэмжээгээр гаргасан нь үхрийн махны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж байсан. Үйлдвэрүүд шууд зах зээл дээрээс махаа бэлтгэж байгаа нь махны хомсдол үүсч, үнэ хөөргөдөх шалтгаан болж байгааг тогтоосон байна. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд зах дээрээс мах бэлтгэхийг хориглож, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Цаашид үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах экспортолж байгаа компаниудад дотоодын зах зээлийн хангамжид тодорхой хэмжээний үүрэг хүлээлгэнэ. Экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэсгийг дотоодын зах зээлд нийлүүлсэн нөхцөлд мах экспортлох эрхийг нь баталгаажуулах журам тогтоож, энэ онд бэлтгэсэн махнаас 2-3 дахин их аюулгүйн нөөц бэлтгэхээр тодорхой зохицуулалтын арга хэмжээ авснаар махны үнэ цаашид тогтвортой байх болов уу. Ер нь  бол малчинаасаа шууд эцсийн хэрэглэгчид ирэх ложистикийн механизм дутууг харуулж байна.

-Үнийн хөөрөгдлөөс эхлээд иргэдийн бухимдал их байна. Ийм нөхцөлд ирэх жил МАН ард түмэндээ дүнгээ тавиулахад тун хүнд байх. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ?

-МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 21 их наяд төгрөг шаардлагатай гэж намын бүлгээс мэдээлэл гаргасан. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн тодорхой шаардлагатай заалтыг шийднэ. Бүгдийг шийдвэрлэх хоёр арга байна. Гаднаас зээл авах, эсвэл концесс гаргах. Энэ Засгийн газар, УИХ гаднаас авах зээлийг эрс багасгах зарчим барьж байгаа. Иймд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай гарах болов уу. Ер нь бид зорилго зорилтоо чухлаас нь эхлэн эрэмбэлэх нь зүйтэй.

 

Top