Агаарын бохирдол уур амьсгалын өөрчлөлтийг дэврээж, манай гараг дээрх амьд бүхэнд заналхийлж буй энэ үед технологиор зэвсэглэсэн эрдэмтэд агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж байна. Тухайлбал АНУ-д “механик модны” тусламжтайгаар агаарыг CO2 буюу нүүрсхүчлийн хийгээс цэвэрлэх технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай гэрээнд Аризона мужийн их сургууль, Silicon Kingdom Holdings компани гарын үсэг зурав.
Аризона мужийн их сургуулийн профессор Клаус Лакнерын бүтээсэн төхөөрөмж, өөрийнх нь хэлснээр механик модны зарчмаар ажилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, салхины урсгалыг шүүж, нүүрстөрөгчийн молекулыг авч хуримтлуулдаг бөгөөд эдгээр молекулыг дахин ашиглах боломжтой аж. Хорт хийтэй тэмцэхэд ашиглаж буй одоогийн арга, технологийг бодвол энэ технологи эрчим хүчээр ажилладаг төхөөрөмж ашиглалгүйгээр мөн агаарыг механик аргаар сорж авалгүйгээр агаар мандлаас нүүрстөрөгчийг тунгаан авдаг байна. Үүний оронд агаарын урсгалыг шүүдэг байна. Профессорын хэлснээр, энэхүү технологи СО2-г тогтоох хамгийн хямд өртөгтэй арга бөгөөд нэг тонн СО2 хийг хуримтлуулахад 100 ам.доллар шаардагдах гэнэ. Шинэ технологийг багцаар нь нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Баг бүрт хоногт нэг тонн СО2 хийг зайлуулах 12 ширхэг “механик мод” орно. Эл системийг хоногт 100 тонн СО2 хийг шүүх хүчин чадалтай туршилтын аж ахуй дээр туршихаар бэлдэж байгаа бөгөөд цаашид жилд 3.8 сая тонн хүчилтөрөгч хуримтлуулах хүчин чадал бүхий хэд хэдэн ийм ферм байгуулахаар зорьж байгаа аж. Энэхүү хүчилтөрөгчийг шүүж, хадгалах технологи дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдолтой тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.
АНУ-д агаарын бохирдолтой тэмцэхэд механик модыг ашиглах санааг дэвшүүлж байгаа бол агаарын бохирдлын эсрэг хийж буй тэмцлээрээ дэлхийд жишиг тогтоосон Их Британийн нийслэл Лондон хот долоо хоногийн долоон өдөр, хоногийн 24 цагт хорт хийн хэт бага хэмжээтэй бүс /Ultra Low Emission Zone/ болсон бөгөөд тээврийн хэрэгслүүд хорт хийн хамгийн доод түвшинг тогтоосон хатуу стандартыг мөрдөх эсвэл төлбөр төлөх болж байна.
Дөрөвдүгээр сарын дундуур нэвтрүүлсэн энэ дүрэм журам агаар дахь хорт хийн хэмжээг багасгах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ юм гэж Лондон хотын захирагч Садик Хан мэдэгджээ.
Тээврийн хэрэгсэл Лондонгийн агаар дахь азотын ислийн нийт хэмжээний тал хувийг ялгаруулж, астм, хорт хавдар, ухаан самуурах зэрэг өвчний эх үүсвэр болж, цаг бусын үхэлд хүргэж байна. Хорт хийн хэт бага хэмжээтэй бүс нь Лондонгийн агаарыг цэвэршүүлэх төлөвлөгөөний хамгийн гол зорилго бөгөөд дэлхийн бүх хот Лондонгийн жишгийг дагана гэдэгт итгэж байна гэж Садик Хан онцолжээ.
Өнгөрсөн сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн энэхүү журмын дагуу энэ бүсэд нэвтрэхэд суудлын автомашин, мотоцикл, жижиг оврын тээврийн хэрэгслүүд 16 ам.долларын төлбөр төлөх бол ачааны тэрэг, автобус зэрэг том оврын тээврийн хэрэгслүүд 130 ам.долларын төлбөр төлж байна.
Тээврийн хэрэгсэл нь тус бүсэд тогтоосон стандартад нийцэж буй эсэхийг Лондонгийн тээврийн газраас гаргасан онлайн хэрэгслийг ашиглан шалгах боломжтой гэнэ. Энэ бүс нь Лондон хотын агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хоёр дахь шатны арга хэмжээ юм. Нэг дэх шатны хүрээнд 2017 оны хоёрдугаар сараас эхлэн хотын төвөөр явж буй хорт хийг ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслээс нэмэлт төлбөр авч эхэлсэн. Үүний үр дүнд хотын төв рүү нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт дунджаар 11 мянгаар буурсан байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Лондон хотын нэрийн хуудас болсон улаан автобуснуудад хорт утаа шүүх төхөөрөмж суурилуулсан байна. 2020 оны аравдугаар сар гэхэд 9200 тээврийн хэрэгсэл хорт хийгүй бүсийн стандартыг хангана гэж хотын захиргаанаас тооцоолжээ.
Одоогийн байдлаар Лондон хотноо хоёр сая орчим оршин суугч агаар дахь азотын ислийн хэмжээ нь Европын холбооноос зөвшөөрсөн хэмжээнээс давсан агаар бүхий орчинд амьдарч байгаа ба дээрх арга хэмжээний үр дүнд зургаан жилийн дотор агаарын бохирдлын хэмжээ буурч, зөвшөөрөгдөх хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байна.
2018 оны арваннэгдүгээр сард 2008 онд нэвтрүүлж байсан хорт хий багатай бүсийн үр дүнгийн талаар судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзвэл, Лондон хотноо энэхүү бүсийг бий болгосноос хойших хугацаанд хүүхдүүдийн уушгины өвчлөл, астмын шинж тэмдэг багасаагүй болох нь нотлогджээ. Иймээс хүүхдийн амьсгалын замын өвчнийг бууруулахын тулд илүү идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалжээ. Лондонгийн хатан хааны коллежийн судлаач Даниэла Фехт хорт хийн хэт бага хэмжээтэй бүс нь үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа ба үр дүнг нь маш нарийн хянаж байх учиртай гэв. Хорт хийн хэт бага хэмжээтэй бүс нь маш зөв санаачилга бөгөөд тээврийн хэрэгсэлтэй холбоотой агаарын бохирдлыг багасгахад ач холбогдолтой юм гэж тэрбээр онцолжээ. Лондон хотын өмнөх туршлага бусад хүчин зүйлсээс үүдэн үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн санаачилгын үр дүн, явцыг маш сайн хянах хэрэгтэй гэж тэрбээр сануулж байна. Хорт хийн хэт бага хэмжээтэй бүс нь Лондонгийн төвд сурдаг хүүхэд, сурагчид, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчтэй хүмүүс болон Лондон хотод ажиллаж, амьдардаг хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт судлаач эргэлзэхгүй байна.
Агаарын бохирдлын эсрэг олон улсын хүчин чармайлтад манай хойд хөрш болох ОХУ-ын эрдэмтэд мөн өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Тус улсын судлаачид дулааны цахилгаан станцыг экологийн цэвэр үйлдвэр болгох шинэ технологи бүтээсэн байна. Оросын эрдэм шинжилгээний сантай хамтран хийсэн судалгаагаар Орост олборлож буй хатуу түлшний 45 хувь нь орон сууц, үйлдвэрүүдийн дулаан хангамжид зарцуулагддаг нь тогтоогджээ. Оросын цаг агаарын нөхцөлд дулаан үйлдвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь дулааны цахилгаан шугам гэнэ.
Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрчим хүчний системийн хүрээлэнгийн эрдэмтэд салхины эрчим хүчээр түлшний зарцуулалтын хэмжээг багасгах аргыг санал болгожээ. Салхины эрчим хүчний үүсгүүрийг дулааны цахилгаан шугамын уурын турбинтай холбосноор уламжлалт цахилгаан эрчим хүчний системийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хослуулах үр дүнтэй хувилбарыг боловсруулсан байна. Энэ нөхцөлд үйлдвэрлэгдэж буй эрчим хүч нэгдсэн сүлжээнд нийлүүлэгддэг. Эрчим хүчний урсгал салхины хурднаас хамааран системийн ажиллагаанд тогтворгүй байдлыг үүсгэдэг тул салхины эрчим хүчний үүсгүүрт нэмэлт тогтворжуулах төхөөрөмж суурилуулах шаардлага гардаг. Харин тус хүрээлэнгийн эрдэмтэд үүнээс өөр хувилбарыг санал болгожээ. Салхины эрчим хүчний үүсгүүр дулааны цахилгаан шугамтай зэрэгцэн ажиллах, эсвэл орлохгүй ба харин түүний ажиллагаанд шууд оролцох гэнэ. Салхины эрчим хүчний үүсгүүрээс гарах цахилгаан эрчим хүч түлш шатах явцад тогоонд бий болсон уурыг халаахад зориулагдах гэнэ. Дулааны цахилгаан станцад уурыг халаахын тулд нэмж түлш зарцуулдаг байна. Үүнээс гадна салхины эрчим хүчний үүсгүүрийн илүүдэл цахилгаан эрчим хүчийг ус халаахад зарцуулах боломжтой бөгөөд ингэснээр түлшний зарцуулалтыг багасгах бүрэн боломжтой гэнэ. Салхины хурд саарч, уурыг халаахад хангалттай эрчим хүч хүрэхгүй тохиолдолд эрчим хүчний нөөц эх үүсвэрийг ажиллуулах боломжтой. Ингэснээр цахилгаан болон дулааны үйлдвэрлэл салхины хурдны өөрчлөлтөөс хамаарахгүй, тогтвортой байх боломжтой аж. Салхины эрчим хүчний үүсгүүрийг зөвхөн уурын турбинтай төдийгүй, уур, хийн дулааны цахилгаан шугамтай хослуулах боломжтой гэнэ. Энэ тохиолдолд салхины эрчим хүчний үүсгүүрийн цахилгаан эрчим хүчийг хийн турбины нягтруулсан агаарыг халаахад ашиглах аж. Энэхүү технологийг патентжуулсан байна. Эрдэмтэд 500 кТв хүчин чадалтай салхины эрчим хүчний үүсгүүрийг дулааны цахилгаан шугамтай холбосноор жилд 187 тонн дизель түлш буюу 380 тонн нүүрсийг хэмнэнэ гэж тооцоолж байгаа бөгөөд салхины дундаж хурд 6 м/с байхад хангалттай гэнэ. Салхины дундаж хурд 10 м/с байхад 468 тонн дизель тулш буюу 950 тонн нүүрс хэмнэгдэнэ. Ингэхдээ агаарт хаягдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээ жилд 1500 тонноор багасах аж. Оросын эрдэмтдийн санал болгож буй технологи өндөр чанарын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна, түлшний зарцуулалтыг багасгаж улмаар нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм байна. Энэхүү хосолмол цахилгаан эрчим хүчний эх үүсвэр таван жилийн дотор өөрийн өртгөө нөхөх боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )