УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд байгаа билээ. Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэсэн болохыг хууль санаачлагч Я.Содбаатар гишүүн тайлбарлаж байгаа. Ингээд хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Я.Содбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Дэгийн хуульд яагаад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн бэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэрхэн хэлэлцэхийг зохицуулсан хуульгүй байсан хэрэг үү?
-2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг УИХ-аас баталсан. Ийм бие даасан хуультай боловч бусад хууль, тогтоолыг хэлэлцдэгээс арай өндөр босгоор Үндсэн хуулийг хэлэлцэх ёстой гэж бид үзсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхэд гишүүдийн ирцийг дөрөвний гурваар буюу нийт 19 гишүүний 14 нь байлцах ёстой. Дээрээс нь тухайн асуудлыг хэлэлцээд дэмжлэг авах тухайд мөн өндөр босготой байхаар заасан. Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүдийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс үг хэлэх, асуулт асуух, хариулт өгөх хугацааг 10 хүртэлх минут болгож нэмэгдүүлнэ. Мөн хэлэлцүүлгийг гурван үе шаттай байхаар тооцож байна. Одоо аливаа хуулийг хоёр хэлэлцүүлгээр оруулж баталдаг гэх мэт нарийвчилсан заалтыг тусгасан.
-Ард нийтийн санал асуулга явуулах талаар хэрхэн тусгасан бэ?
-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ шийднэ. Хэрвээ явуулахаар болбол ямар байдлаар санал авах вэ гэдгийг хуульд тусгасан. Тухайлбал, ард нийтийн санал асуулгаар дэмжсэн саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дэмжвэл шууд батлагдсанд тооцдог. Энэ бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн нэг процедур. Ард нийтээс асуух томьёоллоо яаж хийх, байнгын хороон дээр хэлэлцээд хэрхэн санал гаргах, саналын томьёоллыг яаж эцэслэх вэ гэдгийг Байнгын хороогоор хэлэлцэхэд дөрөвний гурваар дэмжихийг нарийвчилсан. Мөн ард нийтийн санал асуулгын дүн гарахаар СЕХ-ноос байнгын хороонд хэрхэн танилцуулга хийж, албажуулах вэ гэдгийг нарийвчилна. Товчхондоо, хуульд байхгүй зарим зүйлийг дэгэнд оруулж байгаа юм.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганы хугацаанд багтаад өргөн барихаар бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд олон хурал зөвлөгөөнийг зохион байгуулсан. Холбогдох төрийн байгууллагууд болон улс төрийн намууд, төрийн бус байгууллагын саналыг авсан. Ингэснээр таван багц асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар багцалсан.
Нэгдүгээрт, УИХ-ыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа нь илүү боловсронгуй болгох чиглэлээр томоохон өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хоёрдугаарт, гүйцэтгэх засаглалыг тогвортой хариуцлагатай ажиллуулах чиглэлээр өөрчлөлт оруулна. Гуравдугаарт, нутгийн өөрөө удирдлага, засаг захиргааны нэгжийн томилгоотой холбоотой асуудлаар өөрчлөлт оруулах. Дөрөвдүгээрт, шүүх засаглалыг хараат бус, бие даасан болгох тухайд өөрчилнө. Тавдугаарт, Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой буюу бусад асуудлыг оруулахаар бэлтгэж байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд дордуулсан гэх долоон өөрчлөлтийг эргэж харах уу?
-Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөж буй нэг томоохон асуудал нь 2000 оны өөрчлөлт буюу дордуулсан гэх долоон өөрчлөлтийг эргэж харна. Ингэхдээ зургааг нь бүтнээр буюу хэсэгчлэн сэргээнэ. УИХ-аар аливаа хууль батлахад УИХ-ын гишүүдийн 51-ээс дээш хувь нь ирсэн бол ирц бүрддэг, энэ ирцийн 50 хувиар буюу 26 гишүүн саналаа өгч байж хууль баталдаг байсан. Шинэ төслөөр УИХ-ын ирцийг 39-өөс дээш гишүүн ирж байж бүрдүүлнэ. Ингэхдээ нийт гишүүдийн 50 хувиар хууль баталдаг байхаар тусгасан. Хамгийн багадаа 39 гишүүн ирж оролцож байж аливаа хуулийг батлан гаргадаг байя гэсэн үг. Энэ бол дордуулсан гэх долоон заалтыг нэгийг буцаана гэсэн үг. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлийг зөвшөөрсөн байсан. Одоогийн төслөөр харин хязгаарлалт хийнэ. Ингэхдээ Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүний зэрэгцээ Засгийн газрын сайдаар ажиллаж болно гэж үзсэн. Энэ мэтээр засч залруулах шаардлагатай гэж олон нийтийн ярьсаар ирсэн дийлэнх асуудлыг энэ удаад эргэж харахаар төсөл боловсруулсан.
-Нэг нам хэт олонх байхад Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэх шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?
-Энэ удаагийн парламентын түүхэн үүрэг бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж би хувьдаа боддог. Улс төрийн намууд төдийгүй улстөрчид элдвээр ярьдаг. Гэхдээ УИХ-д нэг улстөрийн хүчин дийлэнх олонхыг бүрдүүлж буй энэ үед өөрчлөлт оруулахгүй бол олон намтай, цоохор парламентын үед зөвшилцөлд хүрч, Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн жилүүдэд хангалттай харлаа.
Харин энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол ойрын 2-3 сонгуулиар бүрдэх парламент үүнийг хийж чадахгүй гэсэн төсөөлөлтэй байна. Тийм учраас боломжит хугацаа нь энэ хаврын чуулган. УИХ-ын 76 гишүүний 57-гоос дээших нь дэмжиж байж Үндсэн нуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Одоогийн байдлаар 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тиймээс хуульд заасан хязгаараас дээш тооны гишүүний дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах болов уу гэж харж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913