Доналд Трампын хурц мэдэгдлийн цаана юу байгаа вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө Иран, БНХАУ болон ОХУ руу чиглэсэн эрс мэдэгдэл хийв. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын сонгуулийн үйл явцыг хамгаалахын тулд Оросын компаниудад хориг тавьсан билээ. ОХУ кибер дайралт хийсэн гэж Трамп үзэж, Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй гээд Бээжинг худалдааны гэрээг нураасан хэмээн буруутгажээ. Тэрбээр мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний өрсөлдөгч болж мэдэх Жо Байденыг Хятадтай холбоотой гэж мөрдлөг явуулахыг дэмжсэн байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Трампын эдгээр мэдэгдэл нь дэлхийн томоохон тоглогчдод шахалт үзүүлэх, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намын байр суурийг сулруулах хэрэгсэл аж.

Доналд Трамп дайныг хүсэхгүй байгаа ч гэсэн Тегераныг цөмийн зэвсэгтэй байлгахыг хүсэхгүй байгаа юм. Энэ талаар Цагаан ордоны тэргүүн “Fox News”-д ярихдаа “Би дайтахыг хүсэхгүй байна. Гэхдээ Ираны асуудал байна. Тэдэнд цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрч болохгүй. Энэ бол байж боломгүй зүйл” гэв.

Вашингтон, Тегераны сөргөлдөөн нь Трампын ярилцлагад сөхөгдсөн олон улсын тавцанд байгаа цорын ганц том асуудал биш. АНУ-ын Ерөнхийлөгч түүнчлэн Бээжинг буруутгаж, АНУ-ын дунд хугацааны сонгуулийн үеэр кибер дайралт хийсэн гэж Оросын компаниуд руу давшлав. Трамп мөн дотоод бодлогын сэдвийг хөндөв. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нь болох магадлалтай байгаа Дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг Хятадын засаг захиргаатай холбоотой гэх мөрдлөгийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн юм. Шинжээчдийн үзэж буйгаар түүний эрс мэдэгдэл америкчуудад хаяглагджээ. Улстөрч одооноос 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. Түүний ярианы зарим хэсэг нь гадаадын улс орнуудад нөлөө үзүүлэхэд чиглэгджээ. Вашингтон АНУ-ын дайснууд гэж үздэг улс орнууд руу Трамп давшлав.

Эдийн засгийн шахалт

Цагаан ордоны тэргүүний ярилцлагаас харахад тэрбээр Ирантай зэвсэгт мөргөлдөөн хийхийг хүсээгүй, харин эдийн засгийн шахалт үзүүлэх аргаар үзэлцэх гэж байгаа бололтой. “Би Ирантай цөмийн гэрээгээ таслан зогсоосон. Ингээд тус улсын эдийн засаг бүрэн хоосорсон” гэж Америкийн Ерөнхийлөгч хэлжээ. Эргэн санахад, 2018 оны тавдугаар сард Доналд Трамп АНУ-ыг Ираны цөмийн гэрээнээс гаргаж, тус улсын эсрэг хоригийг сэргээсэн билээ. Үр дүнд нь Ираны үндэсний валют үнэгүй болж, хориг эдийн засгийг нь сулруулжээ. Гэхдээ бодит байдал дээр Цагаан ордон эдийн засгийн хоригоор хязгаарлагдаагүй. Бас хүчний шантааж хийжээ.

АНУ-ын гадаад бодлогын хурцадмал байдлын бас нэг асуудал нь Хятадтай үүсгэсэн худалдааны сөргөлдөөн юм. Доналд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Бээжинг буруутгаж байв. Түүний дүгнэж байгаагаар БНХАУ экспортоо нэмэгдүүлэхийн тулд валютын ханшийг идэвхтэй удирдаж байгаа аж. Үүнээс гадна Цагаан ордоны тэргүүн Хятад улс “корпорациудын оюуны өмчийг арилжаалах” шударга бус үйлдлийг ашигладаг гэж буруутгаж байна.

АНУ, БНХАУ-ын хоорондох гадаад худалдааны сөргөлдөөн улам бүр нэмэгдсээр байгаа нь Азийн орнуудын зах зээлд нөлөөлжээ. Бээжин, Вашингтон хэлэлцээ хийж эхэлж, энэ нь өнгөрсөн жил болон энэ оны эхний саруудад үргэлжилсэн ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй байна. Доналд Трамп “Fox News”-д өгсөн ярилцлагадаа Хятад, АНУ нь боломжит тохиролцоог хамгийн сайн сонголт гэж үзсэн боловч БНХАУ-ын удирдагчид татгалзсаныг хэлжээ.

Дайсныг өдөөх тактик

Олон улсын хүмүүнлэгийн ба улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Брутер хэлэхдээ “Трамп гадаад бодлогын хатуу шугамыг өөртөө ашигтай гэж үзэж сонгосон” гэжээ. Иран, Хятад улсуудын хувьд Вашингтон Тегераныг цөмийн зэвсэгтэй байхыг зөвшөөрдөггүй. АНУ цөмийн асуудлыг шийдэхийг хүсч, Ираныг буруутгаж байна. БНХАУ-ын хувьд ч үүнтэй төстэй нөхцөл байдал илэрч байгааг шинжээч “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа тайлбарласан байна. Бээжин хэлэлцээр хийхэд бэлэн байсан ч Вашингтоны үзүүлэх хөнгөлөлтүүд хангалтгүй, зөвхөн шинэ үүрэг хүлээхийг зөвшөөрсөн аж. “Энэ нь ерөнхийдөө Трампын засаг захиргаанд байдаг онцлог. Тэд өмнө нь янз бүрийн хэлэлцээрийг тасалдуулсан. Энэ нь АНУ-ын зүгээс дарамтын хэрэгсэл болж байна” гэж Брутер онцлов. Түүний дүгнэж буйгаар Трампын ярилцлага нь АНУ-ын хуучин байр суурь дээр суурилсан бөгөөд тэд өөрсдөө буулт хийдэггүй, харин бусад улс орнуудаас нэр хүнд, давамгай байдлыг нь хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. “Үүнд л Америкийн хатуу байр суурь байгаа юм. Дайснаа хатуу хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж, дараа нь үүнийх нь төлөө тэднийг шийтгэнэ” гэж Брутер дүгнэж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Трампын хамгийн чухал чиглэл бол Хятад, Иран аж. “Түүний тэргүүлэх зорилт бол АНУ-ын эдийн засгийн гол өрсөлдөгч Хятадыг эсэргүүцэх юм. Мөн АНУ-ын зүгээс ОХУ-ыг сонгуульд нь хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж байна” гэж шинжээч өгүүлжээ.

Дотоод зөрчил

Хятад, Америкийн хоорондох сөргөлдөөн АНУ-ын дотоод улс төрд тусгалаа үзүүлж байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байдены гэр бүлийнхэнтэй холбоотой мөрдөн байцаалт эхлэх гэж байна. Дэд ерөнхийлөгч асныг Хятадын эрх баригчидтай холбоотой гэж буруутгаж буй. Хэдэн жилийн өмнө АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээлэхдээ “Байдены хүү Хантер Хятадын банктай нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Байдены хүүгийн хөрөнгө оруулалтын компани Хятадын эрх баригчдын иргэдээ тагнахдаа ашигладаг Face ++ технологийг хөгжүүлж байна. Хятад улс эхний ээлжинд Шинжаан-Уйгурын бүс нутаг дахь мусулман шашин шүтдэг хүмүүсийг тагнана” гэжээ. Сонгуулийн кампанит ажлын өмнө сэтгүүлчид энэ түүхийг эргэн сөхөж буй.

“Энэ бол зуун хувь ичгүүр шүү дээ” гэж Доналд Трамп хэлжээ. Цагаан ордоны тэргүүн Байдены гэр бүлийн арилжааны сонирхол нь түүний Хятадтай харилцах харилцаанд нөлөө үзүүлж магадгүй гэж үзэж байгаа аж. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден америкчуудын дэмжлэгийг одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампаас илүү ихээр хүлээдэг нэгэн.

“Жо Байден Хятад улс бидний өрсөлдөгч биш гэж ярьдаг. Гэхдээ тэд бол манай том өрсөлдөгч. Тэд дэлхийг захирахыг хүсч байна. Ойлгож байна уу? Тэдэнд 2020 онд, 2025 онд төлөвлөгөө байна” гэж Трамп мэдэгджээ.

Шинжээчдийн хэлснээр Байденыг буруутгаж байгаа нь ирэх жил АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай холбоотой. Жо Байден ч өөрөө энэ сарын эхээр “Бүгд найрамдах намынхан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн үеийн хуулийг эргүүлэн авчрахыг хүсч байна” гэж Трампыг буруутгасан мэдэгдэл хийсэн юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Өмнөд Каролина мужид иргэдтэй уулзахдаа “Доналд Трамп улиран сонгогдвол АНУ-ын онцлог шинж чанарыг үндсээр нь өөрчлөх болно. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй. Тэр өнгөт арьстнуудын санал өгөх үйл явцыг төвөгтэй болгож байна” гэсэн билээ. Шинжээч нар үүнийг Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлын гол сэдэв, тэр Барак Обамад саналаа өгсөн хүмүүсийн дэмжлэгийг авахыг хүсч байна, экс Дэд ерөнхийлөгч Ардчилсан намын сунгаан дотроо бүтэлгүйтэхгүйн тулд бусад нэр дэвшигчээс ялгарах ёстой гэх зэргээр дүгнэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top