С.Амарсайхан: Туулын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн газар байхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороо хамтран “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг өчигдөр /2019.0.5.22/ сонслоо. Мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрөлтэй ААН үйл ажиллагаа явуулж байгааг онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Хүчингүй болсон 95 тусгай зөвшөөрлөөс өнөөдрийн байдлаар 71 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан ААН нийслэлийн Засаг дарын захирамжийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан нийслэлийн Засаг дарга ААН-үүдтэй эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг сэргээж, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хэлэв.

Түүнчлэн 2017, 2018 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Туул голын сав дагуу 15 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг нийслэлийн төсвөөр гүйцэтгүүлсэн байна. Туул гол болон түүний цутгадаг гол, булаг, шандны уснаас 60 дээж авч шинжилгээ хийлгэсний зэрэгцээ голын урсацын хэвийн хэмжээг хадгалах зорилгоор 2016 оноос  онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргах, цооног өрөмдөх 75 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэжээ. Мөн БОАЖ-ын сайдын 2017 оны тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2017 оны А/836, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 ААН-ийн 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж байгаа аж.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүдийн зүгээс Туул голын сав дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан ААН-үүд нөхөн сэргээлт хийсэн эсэх, жилд хэдий хэрийн элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох шаардлагатай байгаа талаар судалгаа бий эсэхийг лавлахад Засаг дарга С.Амарсайхан “Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН байхгүй. Тусгай зөвшөөрөл олгосон дарга, хариуцсан албан тушаалтан, ашигласан ААН, иргэн бүгд хариуцлага хүлээдэг, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулсан тогтолцоо руу орох шаардлагатай байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтад түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээ 2019 оны байдлаар нэг сая 240 мянган тонн шаардлагатай гэсэн судалгаа байгаа. 2014 онтой харьцуулахад энэ тоо тав дахин өссөн. Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top