"Тариаланчдад хөрс хөмрүүлж хагалахгүй байх шаардлага тавьсан"

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Хаврын тариалалтын ажлын явцын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.


-Улсын хэмжээнд тариалалтын ажлын явц ямар байна вэ?

-Тавдугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд 156.6 мянган га-д үр тариа тариалаад байна. Үүнээс 149.4 мянган га-д улаанбуудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д малын тэжээлийн ургамал, 15.1 мянган га-д тосны ургамал нийтдээ 182.9 мянган га-д тариалалт хийчихсэн байгаа. Энэ нь үр тарианы тариалалт 40 хувь, төмс 46 хувь, хүнсний ногоо 16 хувийн явцтай үзүүлэлт юм.

-Нийт хэдэн га талбайд тариалалт хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Улсын хэмжээнд нийт 478 мянган га талбайд тариалалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний 387 мянган га-д үр тариа, 32 мянган га-д малын тэжээл ургамал, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо тарихаар төлөвлөсөн. Цаг агаарын байдалтай холбоотой бэлтгэл ажлаа хангаад тариалангийн үндсэн бүсэд тавдугаар сарын 8-нд, бусад тал хээрийн бүсэд тавдугаар сарын 12-ноос эхэлсэн. Одоо жигдрээд явж байна.

-Энэ жилийн хаврын тариа­лалтын ажлын онцлог юу вэ?

-Энэ жил тэр болгон тохиолдоод байдаггүй өвөрмөц цаг агаартай хавар болж байна. Тариалангийн ихэнхи бүс нутаг өвөл цасгүй хуурай хар шахам өвөлжсөн. Мөн дөрөв, тавдугаар сар бүхэлдээ шороон шуургатай байсан төдийгүй тавдугаар сарын дунд 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсан нь тариаланчдын мэдлэг чадварыг сорьсон, ур ухаан шаардсан цаг агаарын хүндрэл тохиолдож байна. Тариалангийн салбарын хувьд техникийн шинэчлэлийн үр дүнд тариалалтыг харьцангүй богино буюу 14-21 хоногийн хугацаанд гүйцэтгэх боломжтой болсон учраас хаврын тариалалтын ажил эрчимтэй явагдаж байна.

-Тариалалтыг хэдийд дуусгахаар төлөвлөсөн бэ?

-Байгаль цаг уурын байдал, тариалангийн бүсийн хөрсний онцлог, энэ жилийн хур тунадасны байдалтай уялдуулан зургаадугаар сарын 10 гэхэд бүх тариалалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Үр тарианы тариалалтыг тавдугаар сарын 25 гэхэд бүрэн дуусгах боломжтой гэж харж байна.

-Газар тариалангийн сал­барт цаг агаарын байдал нэлээд нөлөөлдөг. Цаг агаарын урьдчилсан төлөв ямар байгаа вэ?

-Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр тавдугаар сард тариалангийн ихэнхи бүс нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан төлөвлөсөн хугацаандаа  дуусгахаар тооцож байна.

-Энэ жилийн хувьд газрын үржил шим ямар байгаа вэ?

-Уринш, буудай гэсэн хоёр тарималтай гуравдагч хөрсний үржил шимийг сайжруулах таримал орж ирээгүй байгаа энэ үед хөрсний үржил шим буурсан нөхцөл байдал үүссэн байгаа. Тийм учраас тариалангийн тухай хуулинд тариалангийн талбай эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, иргэн бүр таван жил тутамд хөрсний үржил шимийн төлөв байдлын нарийвчилсан шинжилгээ хийлгэж, түүнийгээ сайжруулсан арга технологи сонгож нэвтрүүлж ажиллана гэж заасан байдаг. Талбай бол төрийн өмч. Үүнийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж хөрсний үржил шимийг доройтуулахгүй байх ёстой. Бидний зүгээс тариаланчдад хэд хэдэн шаарлага тавиад байгаа. Хөрсийг хөмрүүлж хагалахгүй, олон дахин механик боловсруулалт хийхгүй байх ёстой мөн ургацаас үлдэж байгаа үлдэгдэл, сүрлийг хэрчиж жижиглээд талбайд нь цацаж өгч байх, тариалангийн талбайг хашиж хамгаалах зорилгоор сүрлэн хучлага үүсгэх ёстой. Ингэснээр хөрсний үржил шим буурахгүй байх гол хүчин зүйл болно.

-ХХААХҮЯ-наас газар тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалан хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хаврын тариалалтад зориулан 241 аж ахуйн нэгж, иргэнд 10 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 338 аж ахуйн нэгж, иргэнд 1.4 мянган тонн шатахууныг 50 хувийн, 198  аж ахуйн нэгж, иргэнд 62 тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтын ажилд дэмжлэг үзүүлж байгаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай трактор 186 ширхэг, дарш хураагч 34 ширхэг, хадлан, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 60 иж бүрдэл техникийг нийлүүлж 10 хувийн урьдчилгаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай зээлээр олгож байгаагийн зэрэгцээ 2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг усалгааны тоног төхөөрөмжийг 12 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэйгээр 15 аж ахуйн нэгж, хоёр иргэнд зээлээр олгоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top