ТОЙМ: Шатахууны үнэ өссөн, 2030 оны төсөөллөө эргэн санасан долоо хоног

2019 оны 05 сарын 26

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүд хүлээж авахаас татгалзлаа.

 “Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчин болон санхүүжилтын асуудлуудыг хэлэлцэж, үүнд гадаад харилцааны хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг ашиглах боломжийн талаар уг хэлэлцүүлэг хөндлөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ   банкны салбарт хүлээгдэж буй хуулиуд болох Активын удирдлагын тухай, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай зэрэг хуулиудыг яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр “Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд, Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Экспортыг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай” гэсэн юм. Ингээд анхаарал татсан бусад сэдвүүдийг хүлээн авна уу.


Махны үнэтэй зэрэгцэн Шатахууны үнийн дарамт нэмэгдлээ

Шатахууны үнэ  бусад бараа, үйлчилгээний үнэд суурь болж нөлөөлдөг онцлогтой. Гэтэл гадаад нөхцөл байдлаас хамааран өсч байна. Махны үнийн өсөлтөд нэрмүүлж буй иргэдийн хувьд шатахууны үнийн өсөлт ч дарамт үүсгэж эхэллээ. Энэ долоо хоногт шатахууны үнэ дахин өслөө. Өнгөрсөн  дөрөвдүгээр сард  80 төгрөгөөр нэмэгдсэнийх нь дараа дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор манай улсад шатахууны үнэ 50 биш зуу, хоёр зуу, гурван зуу төгрөгөөр нэмэх нөхцөл байдал үүсчихээд байгаа гэж УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсээс тайлбар өгч байсан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас ч дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг учирлан тайлбарлаж буй. Харин энэ долоо хоногийн даваа гарагаас /2019.05.20/  АИ 92 шатахуун 1860 төгрөгөөс 1940 төгрөг болж нэмэгдэн,  нийт дүнгээрээ 160 төгрөгөөр нэмэгдсэний араас албаны байгууллагууд тайлбар хийгээгүй. Харин өнөөдрийн тухайд дэлхийн зах зээл дээрх баррель цэвэр түүхий нефтийн ханш 60 ам.доллароос яльгүй уруудсан үзүүлэлттэй байна.  Дэлхийн зах зээл дээр гуравдугаар  сард газрын тосны үнэ өсч дөрөвдүгээр сард манайд зарж байгаа үнэ дээр шууд нөлөөлсөн байгаа. Тавдугаар сарын үнэ тодорхой хэмжээгээр өсөлттэй иржээ. Тэгэхээр импортлогчдын хувьд тэр өсөлтийн зөрүүг олж авахын тулд үнээ нэмж байгаа гэж ойлгогдож байна. Сануулахад, импортлогчид 2018 онд шатахууны үнийг таван удаа нэмж, эргээд 250 төгрөгөөр буулгасан. Ингэж буулга гэсэн чиглэлийг засаг, салбар яамнаас зүгээс ширүүхэн өгч, буулгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй чинь ярина гэж шулуухан мэдэгдэж байлаа. Тухайн үед нефтийн ханш дэлхийн зах зээл дээр буурч байсан бол үнэ буулгах гол үндэслэлээ дага гэж төрөөс үүрэгдсэн. Тэгвэл одоогийн нөхцөл байдлын хувьд төрөөс шууд загнаж, зандраад буулгачихад хэцүү дүр зураг харагдаж байна. Импортлогчид үнэ нэмэх хүсэлтээ Үнийн зөвлөлд тавьж байгаа бөгөөд УУХҮЯ болоод АМГТГ-ын зүгээс мэдэгдэхдээ “Шатахууны үнийг аль болох хамгийн бага нэмэгдэх талаас нь л  нефть импортлогч компаниудтай ярилцаж, зөвлөмж өгч байгаа. Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг  бага хэмжээгээр нэмээч ээ гэсэн зөвлөмж л өгдөг. Тулган шаардсан чиглэл өгдөггүй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Ихэнх шатахууны Онцгой албан татварыг тэглэчихсэн байгаа учраас одоогийн нөхцөлд Онцгой албан татвараар зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгааг мөн хэлж буй.

Дашрамд өгүүлэхэд, шатахууны үнийн өсөлттэй зэрэгцэн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50000 масштабтай геологийн зураглалын талбайд ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар агаарын соронзон зураглалын ажил хийсэн тухай АМГТГ-аас мэдээлж байна.


      Сонгуулийн жилийн төсөвт ХУВЬСГАЛ хийе

Эрх баригчид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн өдрүүдэд хэлэлцэж, Байнгын хороо руу шилжүүлээд байна. Сонгуулийн өмнөх жил задарсан, хальсан төсөв батлагддаг жишиг манайд тогтсон нь 2020 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилтийг 10 их наяд давуулан хэлэлцэж буйтай холбогдож ойлгогдож байгаа юм.  Хэдийгээр Үндсэн чиглэлд тусгагдах зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төсвөөс нэг их наяд гаруй төгрөг авна гэж байгаа ч хэрэг дээрээ төр, хувийн хэвшлээс босгоно гэж буй зургаан их наядын хэдэн хувь нь улсын төсвөөс гарахыг хэлж мэдэхийн аргагүй.  Уг нь 2018 оны Улсын төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсныг Сангийн сайд онцолж байсан. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа  тогтмол тодотгож ирсэн. Орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаа учраас л төсвийг тодотгодог гэж тэрбээр хэлж байсан. Энэ 2019 онд ч тодотгохгүй гэсэн байр суурь Сангийн яаманд бий ч, сонгуулийн жилийн төсвийн зарлагыг томруулж тооцож батлуулвал энэ жил тодотгосноос ямар ч ялгаагүй асуудал болж хувирах юм. Манай эдийн засаг цөөн нэр төрлийн түүхий эдэд тулгуурлаж, хөрш Хятадын эрэлтээс хамаарч буй дүр зурагтай ч том зургаараа дэлхийгээс хамаарч байна. Хятад том тоглогч мөн ч өрсөлдөгч хийгээд хамтрагчгүйгээр тэргүүлэгч эдийн засгуудыг төсөөлөх аргагүй. Тэгвэл бидэнд нөлөөллөө үзүүлэх дэлхийн эдийн засаг ирэх хоёр жилд томоохон сорилтуудтай нүүр тулахаар нөхцөл байдалд улам бүр ойртож буйг шинжээчид мэдэгдэж байгаа. Тэргүүлэгч эдийн засгуудын эрэмбэд орох өөрчлөлт,  геополитикийн асуудлууд гэхчлэн олон шинэ сорилтуудтай дэлхий нийтээрээ нүүр тулж буй энэ цаг үед Монгол Улс хэрхэн даван туулах вэ гэдэг асуулт жирийн нэг сэдэв биш. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын шуурганд шавхуурдуулж явснаа бид мартах учиргүй. Мөн дефольт зарлахдаа тулсан Монгол Улс 2017 оноос ОУВС-гийн ээлжит хөтөлбөрт хамрагдаж сая нэг өндийж буй билээ. Эдийн засагт нааштай үзүүлэлтүүд харагдаж байгаа ч суурь асуудлуудаа бид шийдвэрлэж чадаагүй. Эдийн засгийн бүтэц хумигдмал, хөрөнгө татах суваг уул уурхайгаас өөрөөр хомс, орж ирсэн хэдэн ам.доллараа дотооддоо шингээлгүй буцаагаад импортод гаргачихдаг манай тухайд шинэ сорилтууд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй ийм үед сонгуулийн жилийн төсвийг ухаалгаар төлөвлөх зориг зүрх улстөрчдөд бий эсэх нь эргэлзээ дагуулж байна.


Банкуудын чанаргүй зээл 1,85 их наяд төгрөг байна

Монголын банкны салбарын нийт хөрөнгө 2018 оны хоёрдугаар улиралд анх удаа 30 их наяд төгрөгийн босго давж байсан бол Монголын банкны холбооноос /МБХ/ гаргасан дөрөвдүгээр улирлын тоймд өмнөх улирлаас 6.5 хувиар өсч 33.1 их наяд төгрөгт хүрснийг тодотгож байсан. Тэгвэл 2019  оны эхний улирлын байдлаарх “Арилжааны банкуудын өрсөлдөөний тойм”-ыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргажээ. Банкуудын нийт актив 33.5 их наяд төгрөг болсон байна. Банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн зургаан банк багтаж буй. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж байна. Арилжааны банкуудын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт хөдөлгөөнийг харуулдаг мэдээллийн гол эх сурвалж бол банкуудын санхүүгийн тайлан.  Тэрчлэн Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан актив, зээл, ашиг, харилцах ба хадгаламж гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулжээ. Эдгээр үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь ТОМ-3 банк, ДУНД-3 банк, ЖИЖИГ банкууд гэж ангилж байна. Актив нь таван их наяд төгрөгийг давсан Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкууд ТОМ-3 банк бол,  актив нь 1-5 их наяд төгрөгийн хооронд байгаа Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк ДУНД-3 банк юм. Харин актив нь нэг  их наяд төгрөгөөс доош хэмжээтэй Чингис хаан, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк,  Ариг банк, Богд банк, Кредит банк, Тээвэр хөгжлийн банк жижиг банкуудад тооцогдож байна. Арилжааны банкуудын үзүүлэлтүүдээс  эдийн засгийн тоймд товч дурдахад ТОМ-3 банк нийт активын 68,2 хувь, Дунд-3 банк 23,8 хувь, жижиг банкууд 8 хувийг эзэлж байна. Банкуудын өөрийн хөрөнгө  нэгдүгээр улирлын байдлаар 3,35 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,19 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Харин банкны салбарын ашиг нэгдүгээр  улирлын байдлаар 80.8 тэрбум төгрөгийн ашигтай байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банкны ашиг 15 хувиар  буюу 15 тэрбум төгрөгөөр буурч 81 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. ДУНД-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 тэрбум төгрөгөөр өсч 13 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин жижиг банкуудын хувьд 6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 13 банкны нийт зээл 16,5 их наяд төгрөг байна. Үүнээс 64,9 хувийг ТОМ-3 банк, 27,2  хувийг  ДУНД-3 банк, 7,9 хувийг жижиг банкууд бүрдүүлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ТОМ-3 банк 20,7 хувиар, ДУНД-3 банк 28,1 хувиар, жижиг банкууд 52,2  хувиар тус тус зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ сүүлийн нэг жилд 24,7 хувь өсчээ. Нэгдүгээр  улирлын байдлаар нийт чанаргүй зээл 1,85 их наяд төгрөг буюу нийт зээлийн 11,4 хувийг эзэлж байна.


                     Монгол Улс 2030 онд нэг хүнд оногдох орлогоороо дунд орлоготой орнуудыг тэргүүлэх зорилготой

Нэр бүхий гишүүдээс   Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын талаар” тавьсан асуулгын хариуг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногт өглөө. Манай улстөрчид уг асуудлыг хэлэлцэж буйтай зэрэгцэн Улаанбаатар хотноо  "Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалт болсон юм. 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг Дээд түвшний бүлгийн  уулзалтад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Дээд түвшний бүлгийн гишүүд, Олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй дээд хэмжээний олон улс орны зочид, төлөөлөгчид ирж оролцлоо.

Манай тухайд   УИХ 2016 оны хоёрдугаар сард  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, 2030 онд Монгол Улс нэг хүнд оногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс байх зорилтыг тавьсан.  Тэрчлэн 4 бүлгийн 44 зорилтыг хангаж байж зорьсон түвшиндээ хүрнэ гэж тооцоолж буй юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top