Сонгуулийн өмнөх жил задарсан, хальсан төсөв батлагддаг жишиг манайд тогтсон. Ирэх 2020 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилтийг 10 их наяд давуулан хэлэлцэж буй нь угтаа бол сонгууль угтан батлах төсвийнхөө зардлыг багцаалж байна гэсэн үг. Хэдийгээр Үндсэн чиглэлд тусгагдах зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төсвөөс нэг их наяд гаруй төгрөг авна гэж байгаа ч хэрэг дээрээ төр, хувийн хэвшлээс босгоно гэж буй зургаан их наядын хэдэн хувь нь улсын төсвөөс гарахыг хэлж мэдэхийн аргагүй л дээ. Уг нь 2018 оны Улсын төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсныг Сангийн сайд онцолж байсан. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа тогтмол тодотгож ирсэн. Орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаа учраас л төсвийг тодотгодог гэж тэрбээр хэлж байсан. Энэ 2019 онд ч тодотгохгүй гэсэн байр суурь Сангийн яаманд бий ч, сонгуулийн жилийн төсвийн зарлагыг томруулж тооцож батлуулвал энэ жил тодотгосноос ямар ч ялгаагүй асуудал болж хувирах юм. Бид өнгөрсөн оны төсвийн ололт амжилтын талаар ярихын зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд алдаа оноогоо ч санаж байх ёстой. Жилийн жилд төсөв батлахын өмнөх сар орчмын хугацаанд л төсвийн тухай сэдэв халуун байдаг. Уг нь төсвийг үйлдэх процесс бүтэн жилийн туршид явагдах ёстой. Төсөв батлагдсны маргаашнаас эхлээд л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой түвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой ч, тэгдэггүй.
Манай улсын төсвийн орлого 2012-2017 оны хооронд жилд дунджаар есөн хувиар өссөн байдаг. Тэгвэл 2012-2016 онд төсвийн орлого батлагдсанаасаа дунджаар 15 хувиар доогуур байсан бол 2017 онд 17.5 хувиар дээгүүр байсныг судалгаа харуулж байгаа юм. Энэ нь УИХ-аар батлагдсан орлогын төсөөлөл хэт өөдрөг эсвэл хэт доогуур байж ирснийг нэг талаас харуулж байна. Шалтгаан нь дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнээс өндөр хамааралтай уул уурхайн орлогын төсөөлөл бодитой биш байж ирсэнтэй холбоотой гэж үзэх эдийн засагчид бий. Тухайлбал, 2017 онд нүүрсний үйлдвэрлэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, нүүрсний дундаж үнэ 2013 оноос хойшх хамгийн өндөр түвшинд байсан нь төсвийн орлого огцом өсөхөд нөлөөлж, анх удаа батлагдсан дүнгээсээ өндөр гарч байв.
-2012-2016 онд төсвийн орлого батлагдсанаасаа 15 хувиар доогуур байлаа-
2012-2015 онд төсвийн зардал батлагдсан түвшнээсээ доогуур байсан ч дараах хоёр жилд нь зардал батлагдсан дүнгээсээ хэтэрсэн нь сонгуультай холбон тайлбарлагдаж байгаа юм. 2017 он бол Ерөнхийлөгчийн сонгуулийн жил байсан бөгөөд төсөвт хоёр удаа тодотгол хийсэн байдаг. Тодотгол хийсэн зорилго нь өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж, 2016 онд санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төсөл, арга хэмжээний хөрөнгийг шийдвэрлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудад хийгдсэн төсөл, арга хэмжээний их засварын санхүүжилтийг нэмэгдүүлэх, төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгох, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгох гэхчлэн сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд чиглэсэн зардлуудыг тусгаж байсан юм. Эдгээр тодотголыг хийснээр төсвийн зардал анх батлагдсанаасаа 412 тэрбум төгрөг буюу хагас их наяд шахам төгрөгөөр давж байлаа.
Бид энэ мэтчилэн сонгуулиас хамааран төсвөө баталдаг жишигтэй. Тэгэхээр 2020 онд болох сонгуулийг угтан Засгийн газар, Сангийн яам өнгөрсөн жилийнхээ ололтыг алдаа болгочих вий гэсэн болгоомжлол зүй ёсоор дагаж байна. Сангийн сайд 2018 оны төсвийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Төсвийн сахилга бат сайжирсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр татварын орлого 30 хувиар өссөн нь, мөн уул уурхайн салбарын орлого нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг зөвхөн уул уурхайгаар төсөөлж болохгүй” гэж байсан. Тэгвэл өнөөдрийн тухайд дотоод болон гадаад орчны сөрөг нөлөөллүүд эдийн засгийн идэвхжилд нөлөөлж мэдэхээр байна. Тэгэхээр сонгуулиас бага хамаарсан эрүүл төсөв эдийн засагт хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )