Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн сүрьеэгийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардан, энэ сарын 23-нд Ардчилсан намаас жагсаал зохион байгууллаа. Өнөөдөр бас иймэрхүү агуулгатай жагсаал зарлагджээ.
ЭМЯ-ны гадаа жагсагчид "Монголд сүрьеэг амжилттай тараалаа”, “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна”, “МАН-ын террорист сара”, “Сүрьеэ хяналтаас гарлаа”, “Эрүүл мэндийн сайд огцор” зэрэг утга бүхий уриа лоозонгууд барьсан байв. Тэд “Мэргэжлийн бус сайдтай учраас сүрьеэг ердийн өвчин мэтээр ярьж байна. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд олсон олон амжилтаасаа ухарч, өвчлөл нэмэгдэж байгаа тул салбарын сайд ёс зүйн хариуцлага хүлээж сайн дураараа огцрох ёстой” гэсэн лоозонгоор жагсаалынхаа зорилгыг тодорхойлж байгаа. Гэвч хэт зохион байгуулалттай, хувь хүний нэр хүндэд халдсан гэмээр хардлага дагуулсан иймэрхүү жагсаалууд эргэлзээ төрүүлж байна. Сайд байна уу, хэн байна уу зориудаар хэн нэгэн хүн өвчин тараагаад сууж байдаг бол "гайхамшигтай" үйл явдал болно. Эцэг, эхчүүд сандарч болно, жагсаж болно. Гэхдээ ийм увайгүй, утгагүй, дүгнэлтгүй, хэт нэг талыг барьсан энэхүү жагсаалын "харагдах байдал" нь "Хэний явуулга вэ" гэж хардахаас аргагүй нөхцөл байдалд өөрөө хүргэж байна.
САЛБАРЫН САЙД СҮРЬЕЭ ТАРААХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Жагсагчдын барьсан нэгэн лоозон тун анхаарал татав. “Монголд сүрьеэг амжилттай тараалаа” гэх Д.Сарангэрэл сайдын зурагтай лоозонгоор тэд чухам юуг илэрхийлэхийг зорьсон бэ? Нэг үгээр хэлбэл, сүрьеэгийн халдвараас эхлээд нийгэмд өвчлөл нэмэгдэж буй нь Эрүүл мэндийн сайдын буруу гэнэ. Аливаа асуудлыг шийдвэрлэж, гарц гаргалгааг нь олохын оронд улс төржүүлж, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар шоу хийж буй нь ердөө л салбарын сайдаа огцруулахын тулд гэхээр дэндүү харамсалтай. Сургуулийн хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан нь орчны нягтаршил муу, сургуулийн хүрэлцээ дутмаг, нэг ангид дэндүү олон хүүхдүүд хамтдаа суралцаж байгаатай холбоотой тухай Эрүүл мэндийн яам төдийгүй холбогдох мэргэжилтнүүд нь ярьсаар буй. Улсын сургуулийнхаа тоог нэмэхийг шаардан жагссан бол ядаж л үүссэн асуудалтайгаа жаахан ч атугаа уялдах байлаа. Сүрьеэ бол нийгмийн халдварт өвчин. Ажилгүйдэл, ядуурал нь сүрьеэгийн өвчлөлийн байдалд хамгийн их нөлөөлдөг. Тэгэхээр жагсагчид салбарын сайдтай биш ажилгүйдэл, ядууралтай тэмцэх хэрэгтэй биш гэж үү.
Жагсаалд оролцож буй АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа “Монгол Улсын эрүүл мэндийн маш олон үзүүлэлт дэлхийг цочроох хэмжээнд хүрсэн. Манай улс хорт хавдрын болон цус харвалтын гаралтай нас баралтаараа дэлхийд нэгт орчихсон. Дээр нь сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байна. Сүрьегийн өвчлөлөөр дэлхийд 39-д эрэмбэлэгдэж байсан бол саяын маш том дэгдэлтийн дараа эхний 10-т орох аюул байна. Африкийн орнуудыг сүрьеэгийн голомт болсон, хөгжил буурай гэж ярьдаг байсан бол өнөөдөр монголчууд тэдний хэмжээнд очлоо. Эрүүл мэндийн салбар сүүлийн 20, 30 жилийн ололт амжилтуудаасаа ухарч ичгүүртэй байдалд хүрлээ. Тиймээс бид улс төрийн тэмцэл хийж, Д.Сарангэрэл сайдыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна” гэсэн юм. Хэрвээ сайд огцроод л асуудлууд шийдэгдчихдэг байсан бол манай улсын Эрүүл мэндийн салбар дэлхийд аль хэдийн үнэлэгдчих байлаа. Мэргэжлийн тэр дундаа залуу хүн эрүүл мэндийн салбарын дэд сайдаар томилогдож асан тэр үед баярлах хүн олон байсан. Харамсалтай нь сайд асан Ж.Амарсанааг салбарын сайд нь огцорчихвол сүрьеэ байхгүй болчихно гээд +30 хэмийн халуунд жагсана чинээ санасангүй. Мэргэжлийн хүн нь ингэхээр бусад нь ч аргагүй биз дээ.
СҮРЬЕЭГ УЛС ТӨРЖҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА
Жагсаалтай холбогдуулж өчигдөр Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан. Хуралд Дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцлоо. Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа “2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж бид үзэж байгаа. Эрүүл мэндийн боловсрол олгох ажил бүр мөсөн зогссон байсан. Үүнийг 2018 оноос ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулсан. Мөн 2018 оноос орон даяар 18-аас дээш насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 86 мянган иргэнийг хамруулсан байна. Үүний дагуу өвчлөлийн шинж чанартай 207 тохиолдол бүртгэгдэдсэн. Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт гараагүй, бүртгэгдээгүй байгаа. Энэ нь дархлаажуулалт сайн хийгдсэний үр дүн гэдгийг энд хэлмээр байна. Мөн сүрьеэгийн асуудал байна. Энэ өвчнийг хэн ч тусаж болно. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар битгий улс төржөөчээ гэж хэлмээр байна. Энэ нь ялгаварлан гадуурхалтыг улам дэвэргэж байна шүү дээ. Бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох хэрэгтэй байна. Энэ бол өвчин болохоос улс төр хийх сэдэв биш. Тиймээс улс төрөөс ангид байж эцэг эхчүүд эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтарч ажиллахыг хүсэж байна. ДЭМБ-ын улс орнуудад өгсөн зөвлөмж, Халдварт өвчнөөс сэргийлэн хянах үндэсний хөтөлбөр болон манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлтээ гаргаад энэ жил ЕБС-иудад сүрьеэгийн илрүүлэг, үзлэгийн ажлыг зохион байгуулсан. Сүрьеэ зөвхөн одоо гарч байгаа өвчин биш ээ. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн үед гарч л байсан асуудал. Хан-уул дүүргийн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн өвчлөл, урьдчилан сэргийлэх эмчилгээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв хариуцан ажиллаж байна. Төв аймагт гарсан өвчлөлийн асуудлыг аймгийн эрүүл мэндийн газраас хурдан шуурхай арга хэмжээ авч мэргэжлийн багтай хамтран өнөөдөр бүх хүүхэд эмчилгээндээ хамрагдаад эцэг эхчүүд, сум, сургуулийн удирдлагууд эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтран ажиллаж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа хийж байна. Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр бид илрүүлэг үзлэг зохион байгуулсан. Эмчилгээнд хамрагдах хүүхэд, багш нэг ч гараагүй. Өөрөөр хэлбэл нэг ч хүн эмчлүүлэх шаардлагагүй байгаа. Цаашид бид сургуулийн үзлэгийг төлөвлөгөөтэй зохион байгуулна. Илрүүлгийн ажлыг эрчимжүүлнэ. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж оношлох болно” гэлээ.
Нийслэлийн 15 дугаар сургуулийн сурагчдаас сүрьеэгийн халдвар илэрсэн нь эцэг эхчүүд төдийгүй нийгмийг нэлээд сандралд оруулсан. Энэ асуудлыг салбар яамнаас цаг алдалгүй шийдэж хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарах учиртай. Халдвар авсан сургуулийн сурагчдыг гадуурхах тохиолдол нэлээд гарч буйг жагсаалд орлцсон эцэг эхчүүд хэлж байв. Хэрвээ асуудлыг энэ мэтээр улам дэвэргэж нийгэмд буруу ойлголт төрүүлсээр байвал ялгаварлан гадуурхах хандлагыг улам дэвэргэх аюултай. Тиймээс гудамжинд гарч жагсахаас илүүтэй хүүхдүүддээ сүрьеэгийн талаарх ойлголт, мэдлэгийг зөвөөр өгөх, дархлааг нь сайжруулах, халдвар авсан хүүхдүүдийн эрүүл мэндэд түлхүү анхаарах нь чухал. Сүрьеэ хэдийгээр эдгэрдэг өвчин боловч дахин тусах магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм.
Сэтгэгдэл ( 7 )
Анги дүүргэлт хэтрэхээр халдварт өвчин хурдан тархдаг .уг нь стандарт тогтоохдоо нэг ангид 42 -оос илүгүй хүүхэдтэй байхар нормлосон бдаг. Үүнийг мөрдөхгүй бол цаашид олон хүүхэд сүрьеэ гээр өвдах бх.
dureyg uls turjuuleed baigaa yum bish. awilgach zallingiin dandaa hudlaa yaridag awgaig zail geed baigaa yum. yu ch medehgui udur bur hudlaa yarina. yamniihniigaa duugui bai. bi medej baina. halna gene. daguulch irsen buh hun ni awilgachid reketchid
Ohchin ta nar ter svree genvv yu gen vv uls tor genvv muu vher Mongolchuudaa vhewel tarna tarana bantash gej huzwal yasan yum we boo uls tor lalarai zail mal teneg vher mongol gej vnen yum baina za yu malnuudaa
сүрье бол улс төр мөн. Төрийн бодлогоор ард иргэдээ эрүүлжүүлэхийн тулд улс төрийн шийдвэр гаргана. Тэгээд хаана ядуурал байна тэнд сүрье дагалдаж байдаг.
Гудамд нус цэрээ хаядаг шээдэг , өтгөнөө гаргадаг хүмүүсийг торгоод болиулаад өгөөчээ төр засаг цагдаа нар минь, тэгвэл энэ сүрьеэ тархаас сэргийлэхэд нэмэр болмоор байх юм
Тэнэг хүмүүс тэнэгээрээ байх юм эрүүл мэндийн салбарыг төрийнхөн өөрсдөө л улс төржүүлж байгаа ш дээ засаг солигдох сайд солигдох болгонд эмнэлгийн дарга эмч сувилагч асрагч гээд өөрийн хүнээ тавих жишиг тогтоочхоод эмч сувилагч нарыг хүнийг мөнгө болгож хардаг болгочхоод худлаа ярих хэрэг байна уу төр засаг яамныхаан
УЛС ТӨРЖЛӨӨ ГЭЭД НҮДЭЭ АНИАД ТЭМЦЭХГҮЙ БАЙХ НЬ ҮҮ