Монгол дахь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Олон улсын хөрөнгө оруулагчдад “ногоо бонд”-ыг худалдан авах эрэлт маш өндөр байдаг. Хүүний өртөг нь маш бага буюу жилийн 1-2 орчим байх боломжтой хэдий ч санхүүжүүлэх зориулалт буюу төслийн шалгуур нь нарийн заагддаг

Дэлхийн эдийн засаг, хүн амын өсөлт, ялангуяа хүмүүсийн хэтэрсэн хэрэглээнээс үүдсэн уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дээр урт хугацаанд амьдрал оршин тогтнох асуудалд эрсдэл учруулж байгаа билээ. 2030 он гэхэд эх дэлхийн даацын ачаалал буюу экологийн ул мөр нь хоёр гаруй болох төлөвтэй байна. Энэ нь хүмүүсийн амьдралын хэв маягт хоёр дэлхий шаардлагатай гэсэн ойлголт юм. Амьдрах таатай орчинтой дэлхийг бий болгохын тулд хүн бүр өөрийн амьдрах хэв маяг, хэрэглэх зан төлвөө эрс шинэчлэх шаардлага үүсч байгаа юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2012 оны “Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт”-аар тогтвортой хөгжлийн асуудлыг 17 гол зорилтоор томъёолж, 2030 он хүртэл 15 жилийн төлөвлөгөө гаргасан. Монгол улсын хувьд 2014 онд “Ногоон хөгжлийн бодлого”, 2016 онд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, түүнчлэн “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” зэргийг соёрхон баталсан юм. Жишээ дурдахад, 2017 онд батлагдсан “Агаарын ба байгаль орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т агаарын бохирдлыг 2025 он гэхэд 80 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хэрхэн хангах вэ? Хувь хүн, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг дээрх зорилтуудтай хэрхэн нийцүүлэх вэ?

Уг асуултын нэг боломжит хариулт нь санхүүжилтийн механизмыг өөрчлөх юм. НҮБ-ын ангиллаар байгаль орчинд ээлтэй санхүүжилтийн механизмыг ногоон санхүүжилт гэнэ. Үүнд, шалгуур бүхий банкны зээл, ногоон бондын санхүүжилт, байгаль орчинд ээлтэй компани хувьцаагаар санхүүжилт татах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байгаль орчинд ээлтэй бизнес рүү татах зэрэг гэх зэрэг санхүүжилтийн механизм багтана. НҮБ-ын судалгаанаас үзэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэлхийн хэмжээнд жил бүр 5-7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Хөгжиж буй улс, орнуудын хувьд уг хөрөнгө оруулалтыг хийхийн тулд 2.5 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж үзжээ. Монгол улсад үүсээд буй байгаль орчинтой холбоотой асуудлуудыг шийдэхийн тулд бид дэлхий нийтийн тренд болж буй тогтвортой санхүүжилт, ногоон санхүүжилтийн боломжийг ашиглах нь зүйтэй.

Монголд арилжааны банкны үйл ажиллагаа нь нийт санхүүгийн тогтолцооны 90 гаруй хувийг бүрдүүлдэг гэсэн статистик бий. Монгол Улсын арилжааны банкууд нь “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг санаачилж, 2015 оноос хойш зээлийн үйл ажиллагаандаа “ТоС 8 зарчим”-г сайн дураар тусган ажиллаж байна. Тэр дундаа, Хас банкны тусгай зориулалттай буюу “хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бизнесийн зээл” хөтөлбөр нь тун амжилттай байгааг онцлох хэрэгтэй. Тус зээл нь эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү түлхүү чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчдийг илүү дэмжих нөхцөлтэй байна. Санхүүгийн тогтолцоо дахь бусад оролцогч байгууллагуудын үйл ажиллагаанд ч тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн зарчим, бүтээгдэхүүнийг бий болгох шаардлага өндөр байгааг бодлого тодорхойлогч шат шатны байгууллагууд, мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тиймээс ногоон бондын санхүүжилтийг татах боломж, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр, түүнд тулгуурласан хувьцааны санхүүжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжилтэй уялдуулах зэрэг боломжуудыг судлах шаардлагатай юм. 

Монгол Улсын Хөгжлийн Банк нь олон улсын зах зээл дээр хэд хэдэн бонд гаргасан туршлагатай. МУХБ нь хамгийн сүүлд буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500 сая ам.долларын бондын санхүүжилтыг таван жилийн хугацаатай, жилийн 7.25 хувийн хүүтэй татсан байна. Цөөнгүй бонд амжилттай гаргаж, амжилттай төлж буй туршлагын хүрээнд тус байгууллага нь “ногоон бонд” гаргах боломж байгааг мэргэжилтнүүд нь дурдсан байна. Ногоон бондын санхүүжилт нь хамгийн багадаа л 250 сая ам.долларын нийт дүнтэй байх хэдий ч олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс уг төрлийн бондыг худалдан авах эрэлт маш өндөр байдаг. Хүүний өртөг нь маш бага буюу жилийн 1-2 хувь орчим байх боломжтой хэдий ч санхүүжүүлэх зориулалт буюу төслийн шалгуур нь нарийн заагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, ногоон бондын санхүүжилтийг татахын тулд шалгуур хангасан төслүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна.

НҮБ-ын санаачилсан “Тогтвортой хөрөнгийн бирж” санаачилга нь хувьцаанд хөрөнгө оруулагчдад зориулан нээлттэй компаниудын тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой ил тод байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад хувьцааны арилжаа, үнэ цэнд үр дүнг тусгах зорилготой юм. Монголын хөрөнгийн бирж нь “Тогтвортой хөрөнгийн бирж” санаачилгын гишүүнээр элссэн хэдий ч бүртгэлтэй компаниудад байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурын талаарх сургалт семинар зохион байгуулах, цаашлаад тайлагналд нь тодорхой зөвлөмж өгөх ажлууд хийгддэггүй байна. Хөгжиж буй улс, ялангуяа Хятад, Нигер, Бангладеш, Бразил зэрэг улс нь тогтвортой хөгжлийн асуудлыг санхүүжилтийн механизмдаа хуулийн зохицуулалтын дагуу тусгах нь үр дүнтэй гэж үзжээ. Нигер улсын хувьд санхүүгийн салбар дах сайн дурын санаачилгуудын хамтаар хуулийн зохицуулалтыг бий болгох нь гадаад улсаас санхүүжилт татахад нөлөөтэй гэж үзсэн бөгөөд, энэ нь үр дүнгээ өгч эхэлснийг судалгааны ажлууд онцолжээ. Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагуудаас хөгжиж буй улсад тус асуудлын хүрээнд тодорхой зохицуулалттай болохыг зөвлөж, шаардаж байгаа юм. Монгол Улсын хувьд ч, цаашид зохицуулалтуудтай болох шаардлага ирэх төлөвтэй юм. Үр дүнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, эсрэгээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй бизнесүүдийг санхүүжилтээр хязгаарлах боломж ихэснэ.

СЭЗИС-ийн MBA хөтөлбөрийн магистрант Б.Энхзул

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top