-10 га газарт тээвэр, ложистикийн төв байгуулах ажил долдугаар сард эхэлнэ-
Монгол Улс Дунзян боомтын 10 га газрыг ашиглах эрхээ эдлэх цаг тун дөхөөд буйг манай сонин энэ сарын эхээр мэдээлж байсан билээ. Далайд гарцгүй ч давуу тал, боломжуудаа ашиглан далайг давж үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын сайн жишгийг хөрсөн дээрээ буулгах тухай чухал сэдэв учраас тэр л дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг өмнөд хөршийн компанитай хамтран байгуулах шийдвэр гаргасан юм. Тэгвэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл БНХАУ-ын "Тяньжин портын эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа" компанитай “Хятад Монголын Олон Улсын Ложистик Бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр арван жилийн өмнөөс яригдсан том сэдэв ажил хэрэг болох чиглэлдээ орж буй харагдаж байна.
БНХАУ-ын зүгээс манай улсын далайд гарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тяньжин хотын Дунзян боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар болон тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулж байсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа 2013 онд тус 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр албан ёсоор гарч байв. Улс төрийн хүрээнд тохиролцсон уг асуудал урагшлахгүй олон жил болсон нь манай тухайд танил хэв маяг гэхэд болно л доо. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, экспортын төрөлжилттэй зэрэгцэн яригддаг сэдэв бол далайд гарах гарцыг хэрхэн ойртуулах вэ гэдэг асуудал байсаар ирсэн. Энэ чиглэлээр ярьж, хийгдсэн судалгаанууд бийгийн сацуу улс төрийн түвшинд тохиролцсон ч, урагшлаагүй удсан нь аливаа тохиролцооны дараа бид “гэрийн даалгавар”-аа хийдэггүйтэй, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог хангадаггүйтэй холбоотойг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр хэлж байсан.
Тэгвэл хүлээлгийн өрөөнд 10 жил гацсан 10 га газрыг ашиглах тухай асуудал өнгөрсөн жилээс арай ахицтай чимээ дагуулсаар яг өнөөдрийн тухайд ирэх долдугаар сараас Дунзян боомт дахь тус газарт тээвэр ложистикийн төв барих ажлыг эхлүүлэхээр болсон тухай яригдаж байна. Тодотгоход, өнгөрсөн оны хоёрдугаар сард хоёр улсын зам тээвэр хариуцсан сайд нар 2009 онд байгуулсан санамж бичгийг “Талын зам”, “Хөгжлийн зам”, Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулан, шинэчлэх нь зүйтэй гэж тохиролцон, 2018 оны тавдугаар сард шинэчлэн байгуулсан юм.
Манай улсын экспорт, импортын ачаа эргэлтийн 80 орчим хувь нь Тяньжин дахь боомтоор дамжин тээвэрлэгддэг. Тэгэхээр ирэх сараас баригдаж эхлэх тээвэр ложистикийн төвийн ач холбогдол манай эдийн засагт үр өгөөж дагуулж таарна. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлэхдээ:
“Бараг бүх бараа бүтээгдэхүүн Тяньжин порт дээр боловсруулагдаж, төмөр замаар Монгол Улсад ирж байгаа. Тяньжин боомт Монгол Улсын ачаа тээвэр, ложистикийн хувьд үнэ цэнэтэй хэвээр байх болно. Бид Тяньжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр ложистикийн төв анх удаа байгуулах гэж байна. Монгол Улс далайд гарцтай болох, далайгаар дамжаад гуравдагч зах зээл рүү гарах боломж нөхцөлийг БНХАУ бүрдүүлж өгч байна. Зөвхөн ложистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон гуравдагч зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Манай улс БНХАУ-тай хамтран 2017-2067 он хүртэл 50 жилийн хугацаанд ашиглах 10 газар дахь тээвэр ложистикийн төвийг байгуулахад 124.362 сая ам.доллар шаардлагатай юм. Эхэнд өгүүлсэнчлэн, гадны улс орнуудын туршлагыг харахад БНХАУ-ын боомтууд дээр хамтран амжилттай үйл ажиллагаа явуулж буй Казахстан зэрэг орнуудын жишээ бий. Боломжийг алт болгон ашиглаж чадаж буй бусдын жишээ бэлхнээ байхад, бид ч бас урагшаа ийнхүү том алхах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )