"Оюутолгойн гэрээнээс нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай"

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Тус хуралдаанаар олон жилийн турш хэлэлцэн маргалдаж байгаа ч оновчтой шийдвэрт хүрээгүй Оюутолгойн гэрээ тойрон өнөөх л олон асуудлаа хэлэлцлээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой төслийг дагаж дэлхийн томоохон компани Монголд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Ингэснээр татвараар дамжиж тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн. Оюутолгойн гэрээний хэрэгжилтээр олон эерэг үр дүн гарсан боловч аливаа бизнес харилцан ашигтай байх зарчим баримтлах учиртай. Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад өмчийн эзэн Монгол Улсад ашиг багатай байгаа нь анхаарал татдаг. Хөрөнгө оруулагчдын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна. Ингэснээр 2039 онд Монгол Улс нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай байна. Цаашдаа Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувиас доошгүй болгоно гэсэн тохиролцоог хэрэгжих боломжгүй болгож байна. Төслийн ТЭЗҮ батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь буруу болсон. ТЭЗҮ төслийн хувьд маш чухал баримт бичиг. ТЭЗҮ-ийг заавал шаардлагатай баримт бичиг биш гэж Дубайн гэрээгээр өөрчилсөн нь Монголын талд орох ашгийг багасгасан. Зээлийн барьцаанд Оюутолгойг барьцаалахыг зөвшөөрсөн байна. Барьцаалсан зээлд манай тал давхар хүү төлөх нөхцөл байдал үүссэн. Оюутолгой жил бүр зардлаа өсгөж байна. Цаашид гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын банкаар дамжуулж гадаад валютын гүйлгээгээ хийх шаардлагатай” хэмээний хуралдааны эхэнд онцолсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “ТЭЗҮ-ийн үнэ яагаад өөрчлөгдөөд байгаа юм. Анхны хөрөнгө оруулалт 6.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт хийх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орох магадлалтай гэх юм. 2039 оноос эхлээд бид ашгаа авах ёстой биш билүү” хэмээн асуухад Сангийн яамнаас “2010 онд 34 хувьд оногдох санхүүжилт нэг тэрбум 79 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болсон. Үүнийг хөрөнгө оруулагч талаас хийсэн. Энэ нь хүүтэй. Хүү нь 541 сая ам.доллар болчихоод явж байна. Үүнээс хойш хийгдсэн санхүүжилт Оюутолгой төслийн санхүүжилт тул зөвхөн төсөлд хамаарна. Харин ашгийг хөрөнгө оруулалтын зардлаа нөхсний дараа хүртээнэ гэсэн гэрээтэй байгаа” хэмээн тайлбарлалаа. Мөн ажлын хэсгийн зүгээс “ТЭЗҮ дээр алдаа гарсан зүйл бий. 2015 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г хүлээж авахад манай талаас санхүүгийн моделио дутуу үнэлсэн. Энэ оноос ТЭЗҮ-гийн асуудлыг дахиж хөндөнө. Алдааг засаад явна” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Танай Монгол төрийн бодлого биднээс хамааралтай болчихсон шүү гэх утга бүхий зүйлийг гаднынхан хэлж байна. УУХҮ-ийн сайдын тушаалаар тавдугаар сарын 1-нд Монголын хөрөнгө оруулалтыг орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нь 2009, 2013 онуудад Оюутолгой компанийн захирлаар нь ажиллаж байсан гадаад хүнийг томилсонд харамсаж байна. Би "Эрдэнэс Монгол", Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байсан хүний хувьд 2015 оны зургаадугаар сард Дубайн гэрээг байгуулахаас сарын өмнө УИХ-ын намын бүлгүүдэд Дубайн гэрээний талаар нууц танилцуулга хийж байсан. Мөн ҮАБЗ-д нууцаар танилцуулж байсан. Тухайн үед Монголчууд нэгдэж чадаагүй. Өнөөдөр дахин энэ алдааг бүү гаргаасай гэж хүсч байна. Монгол төрийн ой санамж, бодлого үргэлжилж байх ёстой. Жил гаруйн хугацаанд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн бид цаашдын бодлого шийдвэрээ гаргаж Засгийн газарт чиглэл өгөх ёстой" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой орд бол алт,зэсийн орд. 1500 тонн алттай гээд Хөрөнгийн биржээс гаргаж өгсөн материалд бий. “Рио Тинто” компани зээлдэгч үү, хөрөнгө оруулагч уу гэдгийг бид бодох ёстой. Өнөөдөр зээл төлж байгаа бидний мөнгө манайд татвар төлж буй мөнгөнөөс өндөр. Энэ тооцоог хийсэн үү. Сүүлийн жилүүдэд ААН-ийн орлогын албан татвар нь буурчихсан. 2015 онд 166 тэрбум төгрөг төлж байсан бол 2016 онд 144 тэрбум төгрөг, 2017 онд 18 тэрбум болтлоо буурсан. 2018 онд мөн 2017 оныхтой адил хэмжээний мөнгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компанийн менежментийн баг зургаан хувиа авахдаа зардал өсгөсөн хэмжээнээсээ авдаг. Дэлхий дээр ийм компани байхгүй. Энэ бол биднийг доромжилж байгаагийн хэлбэр” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top