Дэлхий нийтийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн үзэл суртахуун гээд олон зүйлээс харж байхад шинийг эрэлхийлж байгаа нь илт. Тодотговол, шинэ нийгэм, улс төрийн шинэ бүтцийг хүсэх болсон нь юу юунаас тод харагдаж байна. Өнөөдөр өөрсдийгөө “дархан түшээ”, “туршлага бүхий улстөрч” хэмээн нэрлүүлэх болсон нөхөд, “олон жилийн туршлагатай ууган нам”, “ил тод ардчилсан” гэх мэт шошго наасан улс төрийн хүчнүүдээс уйдсан хэрэг. Харин энэхүү эрэлхийллийн орон зайд улс төрийн хуучин кадруудаас бүрдсэн гуравдагчид өөрсдийгөө тавьж эндүүрээд байгаа нь харамсалтай. Гэтэл иргэд сонгогчид өнөөгийн парламентад суудалтай намууд ч биш, өөр бусад намууд ч биш ерөөсөө цоо шинийг хүсч байна. Дэлхийн олон оронд ийм хандлага байгааг улстөр судлаачид хэлдэг. Хамгийн ойрын жишээ дурдахад Украины Ерөнхийлөгчийн сонгуульд хошин шогийн жүжигчин Володимир Зеленский ялалт байгуулж байгаа нь үүнийг харуулсан нэгээхэн үзэгдэл. Нийгэм Н.Энхбаяр, М.Энхсайхан, Л.Цог, Ц.Оюунбаатар гээд улс төрийн тэтгэвэрт гарагсад, тэдгээрийг дагагчдыг бус цоо шинэ зүйл хүсч байгааг эдгээр кадрууд юуны өмнө ойлгох хэрэгтэй.
Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллагуудын дүнгээс түүвэрлэн харвал иргэдийн 60 гаруй хувь нь аль нэг улс төрийн намд огт итгэдэггүй гэсэн бол дунджаар 10 гаруй хувь нь МАН, АН-д тус бүр итгэл үзүүлж, мөн 10 хүрэхгүй хувь нь МАХН-д, 3-7 хувь нь бусад намд итгэл үзүүлж байгааг дурджээ. Нийгэм сонгогчдын 60 гаруй хувь нь аль ч улс төрийн намыг дэмждэггүй гэсэн болохоос биш энэ нь гуравдагчдыг дэмжинэ гэсэн үг огт биш. Тэгвэл дээрх судалгааны байгууллагуудын нэг буюу “МЭК” компаниас ард иргэдийн дунд явуулсан сүүлийн үеийн судалгаануудыг авч үзье. Тэд Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 800 иргэний дунд түүврийн аргаар судалгаа явуулжээ. Аль ч намыг голчлон дэмждэггүй иргэд хоёр жилийн өмнө 28 хувь байсан бол өнөөгийн байдлаар огцом нэмэгдэж 70 хувийн босго давжээ. Тэгвэл өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2017 оны долдугаар сард судалгаанд оролцсон иргэдийн 28 хувь нь нам дэмжээгүй бол 2018 оны найм, есдүгээр сард 40 хувь, аравдугаар сард 47 хувь, 11 дүгээр сард 48 хувь, арванхоёрдугаар сард 51 хувь, 2019 оны нэгдүгээр сард 70 хувьд хүрчээ.
ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ УЛС ТӨРИЙН НАМД ИТГЭДЭГГҮЙ
Өдгөө парламент 64 суудалтай төрийн эрх барьж буй МАН, сөрөг хүчний байр сууринд 10 хүрэхгүй суудалтай АН, ганцхан суудалтай МАХН, бие даагч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Аливаа зүйлийг дангаараа шийдэх бүрэн эрх бүхий МАН нийгэм эдийн засагт олон талт ажлуудыг хийж гүйцэтгэж
байгаа ч рейтинг маш муу байна. Иргэдийн дунд “Та улс төрийн аль намыг дэмжиж байна вэ” гэсэн судалгааг өнгөрөгч 2018 оны аравдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл 10 гаруй удаа явуулахад эрх баригч МАН-д иргэдийн 11-29 хувь нь итгэл үзүүлжээ. Тэгвэл сөрөг хүчин АН-д иргэдийн 15-43 хувь нь итгэл үзүүлсэн дүн гарчээ. Аль ч парламент, аль ч Засгийн газрын үед сөрөг хүчин рейтинг өндөртэй явж ирсэн түүхтэй. Гэтэл урьд өмнөх парламент, Засгийн газрын үеийн судалгаануудын дунджаас авч үзэхэд өнөөгийн сөрөг хүчний рейтинг харьцангуй бага үзүүлэлтэй байгаа нь өнөөх л улс төрийн намд итгэх иргэдийн итгэл алдарсных биз ээ. Судалгаанаас харахад өдгөө парламент бүрдүүлж байгаа хоёр намд үзүүлэх үнэлгээ ийм байна. Тэгэхээр дундын орон зайд үлдэж байгаа 60 гаруй хувийн санал хаашаа орох вэ гэхээр гуравдагч этгээдүүд бидэнд үзүүлж буй итгэл гэж гөрдөж байна. Харин судалгаанаас авч үзэхэд өнөөх гуравдагч хэмээн цээжээ дэлдэх МАХН-д нийт 10 гаруй удаагийн тандалтаар иргэдийн 4-9 хувь нь итгэл үзүүлсэн нь харагдана. Тэгвэл огт парламентад суудалгүй МҮАН тэргүүтнүүдэд ердөө 3,4 хувийн итгэл үзүүлж байна. Үүнээс харвал гуравдагчдын өөртөө наах гээд байгаа иргэдийн 60 гаруй хувийн итгэл бол цоо шинэ зүйл рүү тэмүүлж байгаагийн нэг хэлбэр гэдгийг судалгаанаас харж болно.
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ИРГЭДИЙН ХҮСЭЛД НИЙЦЭХ ҮҮ!
УИХ-ыг тараах тухай асуудал цагийн цагт хөндөгдөж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ асуудал эрчимтэй яригдаж ирсэн. Үүгээр ч зогсохгүй дөнгөж парламентийн босгоор давсан түшээд хүртэл “парламент ажиллах эрх зүйн чадамжгүй боллоо, тараая” гэх байр суурийг олон удаа давтах боллоо. Нөгөө талаас Ерөнхийлөгч маань гурван ч удаа парламент тарахыг шаардсан. Иргэд олон нийтийн хувьд элдэв жагсаал цуглаан дээр УИХ тарахыг шаардаж байгаа гээд олон хүчин зүйлээс харахад парламент тараах сонирхол нийгэмд өндөр хувьтай байна гэсэн үг. Тэгэхээр улс төрийн намуудаас, тэр тусмаа МАН, АН хэмээх хоёр хүчнээс бүрдэж буй УИХ-ыг тараах эс тараах тухай “МЭК” компанийн судалгаанаас авч үзэхэд 2018 оны аравдугаар сараас 2019 оны хоёрдугаар сар хүртэл гурван удаагийн тандалт судалгаа явуулахад 70-75 хувь нь УИХ тарах шаардлагатай гэж үзсэн бол 14-16 хувь нь тарах шаардлагагүй гэж үзжээ. Харин 11-14 хувь нь огт мэдэхгүй гэсэн байна. УИХ тараах хүсэлтэй иргэдийн хувь хэмжээ өндөр байгаа нь өнөөх л улс төрийн намуудад итгэх итгэлийн нэгэн үзүүлэлт мөн.
ШИНИЙН ЭРЭЛХИЙЛЭЛ БА ХУУЛИЙН ГАЦАА
Дээрх байдлыг ажиглаж суугаа Баабар тэргүүлэн “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөн байгуулаад байгаа. Айсуй 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших эрхмүүдийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилго бүхий энэ хөдөлгөөнд урлаг, утга зохиол, төр нийгмийн зүтгэлтнүүд нэгдсэн байна. Тухайлбал, нэрт зохиолч Д.Урианхай, Л.Дашням нарын хүмүүс утга зохиолын салбараас төлөөлж байгаа бол Н.Жанцанноров, Б.Долгион нар хөгжмийн ертөнцөөс, Д.Чойжамц хамба гэхэд шашнаас, улс төрөөс Ерөнхий сайд асан Д.Содном тэргүүтэй нөхөд гээд олон алдартнууд энэ хөдөлгөөнийг байгуулцан, дэмжиж байгаа аж. Үүгээрээ бол гарцаагүй нийгэмд нөлөөлж, бие даагчдад тус болохоор харагдах авч тэдний зорилго биелэх боломжгүй нь хуулиас харагдана. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 129.1.6-д “бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан” гэх тохиолдолд бие даагчийг бүртгэхээс татгалзах буюу нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа тохиолдолд нэрийг нь эргүүлэн татах заалт юм. Ингэхдээ тус хуулийн 129.1.6-д заасныг үндэслэн 129.1.2-т зааснаар “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” хэмээх үндэслэлээр бие даагчийг эргүүлэн татах, нэр дэвшүүлэхээс татгалзах юм байна. Энэ заалтууд нь шинийг эрэлхийлэгчдэд хангалттай том саад юм. Эртнээс гуравдагчид болон бие даагчдыг хавчиж ирсэн манай системд энэ хөдөлгөөн тэгтлээ амжилт олохгүй. Тэд ямар нэгэн аргаар бие даагчдын нэрийг татуулах, өөр бусад зүйлээс нэр дэвших ажиллагаанд саад болох олон зүйл заалт хуульд хийгээд өгчихсөн байгааг бид харж байна.
МАН, АН-Д ХУУЛЬ ӨӨРЧИЛЖ СОНГУУЛЬДАХ СОНИРХОЛ БИЙ
Олигархиуд өнгөрөгч хугацаанд Сонгуулийн хуулиа өөрсдөдөө тохируулан ээлжлэх замаар тохиролцож ирсэн. Хамгийн сүүлийн жишээнээс харахад 2012 онд пропорционоль тогтолцоонд шилжүүлтэл Н.Энхбаяр тэргүүтэй гуравдагчид УИХ-д 10 гаруй суудал авч бүлэглэлд чамгүй саад болсон. Учир нь МАН, АН нийлж байгаад 2009 онд сүлжээнээс арай гэж гаргасан заналт дайсан Н.Энхбаяр нь бусдын хүчийг ашиглаад ороод ирсэн хэрэг. Ингэхээр нь 2016 онд эргээд мажоратори тогтолцоонд шилжүүлснээр тэднийг шахаж УИХ-д ганцхан суудалтай үлдээгээд байгаа. Гэтэл өнөөдөр сонгогч иргэдийн сэтгэхүй тэс өөр болсон. Дээр дурдсанчлан цоо шинийн эрэлхийлэлд явж байгаа нөхцөлд гуравдагчдын өнгөн дээр гарч ирсэн шинэ залуус илүүрхэх магадлал өндөр байгаа.
Тухайлбал, нийгмийн энэ эрэлхийлэл дунд Н.Энхбаярын намаас нэр цэвэр залуус орж ирэх боломж бий. Бие даах найдвартай хууль эрх зүйн орчин байхгүй учраас МАХН болон бусад намаас нэрээ дэвшүүлэхээс өөр сонголт бараг үгүй. Тэгэхээр пропорционоль тогтолцоогоор явлаа гэж үзэхэд нэр цэвэр залуусын рейтингээр Н.Энхбаяраас эхлээд жагсаалтаар ороод ирэх хүн олон байгааг ч анзаарч байгаа биз. Тиймээс нийгмийн энэ хандлагаас зайлуулж Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх сонирхол хоёр намд байна. УИХ-ын гишүүдийн байр суурийг тандаж байхад хууль өөрчлөх тухай ярьж байгаа нь үүгээр нотлогдоно. Тэгэхээр тэд хуулиа өөрчлөхдөө шинийн эрэлхийллийг яаж гацаахаа сайн мэдэж байгаа.
Сэтгэгдэл ( 3 )
Битгий захиалгаар бичээд бай,,,,улс орноо хэдэн удаа сүйтгүүлчихээд АН-ыг дэмжээд байна уу, ,,битгий худлаа юм бичээд байцгаа,, ард түмэн тэнэг биш
Энэ төсөл дэмжигдэхгүй л болов уу даа?! Уул нь зөвөө?! Монголчууд хэн чадах, эрдэм чадалтай гэж үзсэнгээ сонгог?!
Энэ төсөл дэмжигдэхгүй л болов уу даа?! Уул нь зөвөө?! Монголчууд хэн чадах, эрдэм чадалтай гэж үзсэнгээ сонгог?!