"Сумаа ногооруулах ажил жилээс жилд өргөжиж байна"

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн засаг захиргааны бүртгэлтэй 7869 иргэн, явуулын буюу хөдөлгөөнт хүн ам 20 орчим мянган хүн амьдардаг, түүнээс гадна зөвхөн том оврын 13-14 мянган тээврийн хэрэгсэл “холхиж” байдаг томоохон сум. Үүнтэй холбогдоод агаарын бохирдол, тоосжилт хүлцэх ёстой агууламжаасаа даруй 10 гаруй дахин нэмэгдээд байгаа, энэ нь хүний эрүүл, аюулгүй орчинд  амьдрах эрхэд ноцтой нөлөөлсөөр байгаа юм. Үүнийг даван туулах, тоосжилтыг багасгах нэг чухал хүчин зүйл нь ногоон байгууламжийг үлэмж нэмэгдүүлэх явдал гэж дүгнэн тус сумынхан энэ ажилд онцгойлон ач холбогдол өгдөг боллоо. Үүнд уул уурхайн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд нэлээд оролцоотой ханддаг байна. Тухайлбал, “Энержи ресурс” ХХК 2013 онд тус суманд цөлжилтийн эсрэг ойн зурвас бий болгосон нь эдүгээ ховор, нэн ховор мод оролцсон зургаан зүйлийн 11 мянган мод бүхий 20 га талбай болон өргөжжээ. Энэ төгөлд зөвхөн мод тариад зогсохгүй орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор ногоо тариалах хүсэлтэй иргэдэд газар олгосноор өнөөдөр тус сумын 60 гаруй өрх хүнсний ногоо тариалж өрхийн хэрэгцээнээсээ гадна зах зээлд нийлүүлдэг болжээ. Жил бүрийн тавдугаар сарын эхээр тус суманд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн нээлтийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үеэр манай сурвалжлагч Цогтцэций сумын байгаль хамгаалагч Г.Удвалтай ярилцсан байна.
 

-Цогтцэций сум жил бүр мод бут сөөг тарих арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн онцлог юу байна?

-“Монгол Улсын Ойн тухай хууль”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “ Хайлаасны баярын арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг хангах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тарьц суулгац олгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Өнөө жил энэ хүрээнд “Сумаа ногооруулъя” аян зохион байгуулж нээлтээ хийж байна. Энэ арга хэмжээнд 14 ААН, байгууллага, 150-иад иргэн хамрагдаж, мод тарих зөвлөмж бүхий гарын авлага тарааж, уул уурхайн компаниуд болон аймгийн БОАЖГ-ын дэргэдэх сум дундын ойн ангийн тусламж дэмжлэгтэйгээр нийт 5500 ширхэг тарьц суулгацыг тариаллаа.

-Говийн нөхцөлд ямар мод ихэвчлэн тарьж байна. Модыг төрлөөр нь авч үзвэл?

-Модны төрлөөр нь авч үзвэл, хайлаас 2100, улиас 900, сухай 300, жигд 600, шар хуайс 400, чацаргана 1000 ширхэгийг тус тус тарилаа. Ер нь өнөө жил сумын хэмжээгээр албан байгууллагууд гадна орчиндоо 2424 ширхэг мод, айл өрхүүд хашаандаа 2696 ширхэг мод, нийтийн эзэмшлийн талбайд 480 ширхэг мод тарилаа.

-Мод тарих ажилд иргэдийн оролцоо хэр байна?

-Манай сумын иргэдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Айл өрх, иргэдийн тоо тэдний тарьц суулгацын тоо хэмжээ ч нэмэгдсээр байна.Зөвхөн мод ч бус төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах хөдөлгөөн урьд жилүүдээс илүү өрнөж иргэдийн санааачлага нэмэгдэж байгаад бид маш баяртай байна. Үүнд уул уурхайн компаниуд ач холбогдол өгч хамтран ажилладагт иргэд талархалтай байгаа.


ОЙ МОДНЫ ТУХАЙ ТОО БАРИМТУУДААС...
 

-Анхны асар том намган ой ойролцоогоор 350-280 сая жилийн тэртээ үүсч байжээ.

-Дэлхийн анхдагч ойн 50 хувь нь устсан гэж үздэг.

-Өнөөдөр дэлхий дээр өдөрт 130 зйүл устаж байгаа нь байгалийн өөрийнх нь хуулиас 1000 дахин илүү хурдацтай байна.

-Дэлхийн үнэт байгалийн баялагт хөрс, ус, ой багтдаг.

-Дэлхий дээр 100 000 зүйлийн мод, бут ургадаг.

-Монгол Улсад 140 гаруй зүйлийн мод сөөг ургадаг.

-Дэлхийн нийт хуурай газрын 31 хувийг ой эзэлдэг бөгөөд энэ нь дөрвөн тэрбум гаруйхан га газрыг хамардаг байна.

-Дэлхийн бүх ойн нөөцийн 53 хувь нь Бразил, Хятад, Канад, ОХУ, АНУ-д байна.

-Монгол оронд сүүлийн 5 жилд жил бүр 100-200 мянган га газрын үй устаж байна. Үүний 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй.

-Өнөөдөр ойн гаралтай 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэүүн үйлдвэрлэж байна.

-Хуурай газрын бүх амьтан ургамлын 80 хувийн амьдрах орчинг ой мод бий болгодог.

-Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг.

-50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 125 000 орчим мянган төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 74 640 000 орчим мянган төгрөгийн агаар цэвэршүүлж, 45 750 000 орчим мянган төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж, 38 125 000 орчим мянган төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Ингэхээр ганц мод 196 640 000 орчим мянган төгрөгөөр үнэлэгддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top