УИХ дахь МАН-ын бүлгээс сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн мэдээллийг сонссонтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас дараах тодруулгыг авлаа.
-Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?
-Өмнө нь энэ хувилбарыг ярьж байгаад техникийн боломж хангагдаагүй гээд дэмжээгүй хувилбар байгаа юм. Олон намын төлөөлөлтэй байх үед Э.Бат-Үүл, С.Оюун нарын гишүүд өргөн барьж байсан. Тэр үед тоолдог машин байгаагүй. Хоёрдугаарт, ийм урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байсан. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж ажлын хэсгийн төсөлд орж ирж байна. Тэгэхээр 76 хүнийг дугуйлахгүй нь. Улс төрийн намууд өргөн хүрээнд нэр дэвшүүлнэ. Харин иргэд сонголтоо хийчихээд ирэх нь гэж ойлгож байна. Ирчихээд хэнийг сонгодог юм билээ гээд яваад байхгүй. Ер нь олон нийт сонголттой байхыг хүсдэг. Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Нуулгүй хэлэхэд, мөнгөтэй хэдэн хүн тулгадаг. Тэдгээрийн нэгэнд нь санал өгч таардаг гэж ярьдаг. Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно.
Олон жилийн өмнө Германын эрдэмтэнд бидэнд хичээл зааж байсан юм. Тэр үед Монгол шиг өргөн уудам нутагтай, цөөн сонгогчтой нөхцөлд сонгуулийнхаа тогтолцоог зөв сонгож чадвал улс орон хөгжих үндэс болно гэж хэлж байсан. Ийм учраас мөнгөний хүчин зүйлийг бага оруулахын тулд улс нэг тойрог эсвэл бүсчилсэн байдлаар сонгууль явуулах нь ашигтай гэж зөвлөж байсан. Одоо техникийн орчин бүрдсэн болохоор ажлын хэсэг оруулж ирж байгаа юм байна.
-Улс төрийн намуудын байр суурийг сонгуулийн хуульд хэрхэн тусгах учиртай вэ?
-Улс төрийн намуудтай уулзаж байхад тоглоомын дүрэм нь тодорхой байх ёстой гэж байгаа. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Гэхдээ одоогийн нэгдмэл хуулийг салгаад гурван хууль хийхээс аргагүй байна. Дээр нь Монгол Улс нэгдмэл улс. Тиймээс тал тал тийшээгээ төсвийг татдаг хуваагдлыг арилгах ёстой гэдэг санал их гарсан учраас энэ төсөл орж ирсэн. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэгт оруулж эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой. Цаашдаа бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийхийг хориглох заалт оруулж өгнө. Ингээд цаашдаа зүгшрээд явахгүй бол сонгуулийнхаа хуулийг тонгочуулсаар байтал хэцүүдлээ.
-Нэрсийн жагсаалтын талаар тодруулна уу?
-Техникийн хувьд саналын хуудсыг тоолох боломжтой. Дунджаар 500-700 нэр дэвшигч л байна.
-Цахим орчны зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?
-Хуулийн төсөлд тодорхой зохицуулалтууд орж байгаа. Нэг зарчим барьж байгаа нь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж болохгүй. Харин хүний нэр төрд халдах, сонгуулийн цахим хуудаст албан ёсоор бүртгээгүй хаягаар сонгуулийн сурталчилгаа явуулах зэргийг зохицуулсан. Олон улсад ч мөн ийм байдаг.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрчлөлт орсон уу?
-Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт ороогүй.
-Сонгогчдод төөрөлдөх асуудал гарах уу?
-Сонгогч аль нам байх нь хамаагүй нэг л хүнийг дугуйлна. Ажлын хэсгээс хуулийн төслийг өргөн барьсны дараа ярих асуудал их бий. Би ч гэсэн дотроо эргэлздэг асуудлууд байна. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн төлөөлөл болон жендерийн асуудлуудыг суулгаж өгөх ёстой. Дээр нь 76 морь барьж байгаа юм шиг эхний 76-г сонгоод авчих тухай асуудал биш. Тухайн хүнд өгсөн санал намдаа хуваарилагдаад тэр намаас нэр дэвшсэн хүмүүс эхнээс нь орж ирнэ гэсэн үг.
Сэтгэгдэл ( 2 )
ene zonig obgon odoo boloosoi doo.hudalaa neg mederhiisen obgon huuli budiluulij zabharuulsan gar ch dee.30 jil tord ih hurald suulaa. neg oligtoi huuli gargaj chadaagui hvn ch dee.. iim zonig tenegvvdiig dahij ih hurald gargamaargui bnaa..
76 морь барьж байгаа юм шиг эхний 76-г сонгоод авчих тухай асуудал биш. Тухайн хүнд өгсөн санал намдаа хуваарилагдаад тэр намаас нэр дэвшсэн хүмүүс эхнээс нь орж ирнэ гэсэн үг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Лүндээжанцан гуай. Намуудын хамгийн архаг, олон жил УИХ-д суусан, егзөр толгойнууд намынхаа жагсаалтын хамгийн эхэнд бичигдээд, саналын тоогоор шууд УИХ-д орж ирнэ гэсэн үг болох гээд байгаа юм биш үү? Хэрвээ ийм байдлаар сонгуулийн хуулийг өөрчилбөл ямар ч шинэчлэл хийгдэхгүй л гэсэн үг ш дээ.