Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг томилсон билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж байна. Өнгөрсөн даваа гарагт Ажлын хэсгийнхэн Сонгуулийн тухай хуулийн шинэ төслөө УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан. Энэ үеэр Монгол Улс томсгосон нэг том тойрогтой байх хувилбарыг бүлгийн гишүүдэд уламжилжээ. Энэхүү асуудалд улс төрийн нам, эвсэл болон иргэд олон талын байр суурь, үзэл бодлыг илэрхийлж байгаа юм. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх Ажлын хэсгээс гаргасан Монгол Улс томсгосон нэг том тойрогтой байх хувилбарыг УИХ-ын гишүүд дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа. Тэдний заримынх нь байр суурийг багцлан хүргэж байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХУВЬ ГИШҮҮНИЙ ТОГЛОЛТ БАЙХГҮЙ БОЛНО
-Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаан гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана. Хувь гишүүний хувьд энэ бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ ямар ч сайн тогтолцоо хийсэн хүмүүс буруу ашиглавал буруу болно. Энэ тогтолцоогоор орон нутаг орхигдох, ард түмнээсээ салах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Илүү бүсчилсэн бодлогоо хэрэгжүүлээд иргэдтэй нүүр тулж уулзахгүй байх магадлалтай. Танигдаагүй хүмүүс гарч ирэх магадлал өндөр.
Д.ТОГТОХСҮРЭН: БҮХ ТОГТОЛЦОО ЭЕРЭГ, СӨРӨГ ТАЛТАЙ БАЙДАГ
-Бидний олон жил ярьсан хоёрхон зүйл л байгаа юм. Нэгдүгээрт, жижиг тойрогт нөлөөлөл их орж байна. Ямар нөлөөлөл гэдгийг нь хүн бүр мэдэж байгаа байх. Мөнгөний нөлөөллөөс эхлүүлээд л янз бүрийн нөлөөлөл орж байна. Хоёрдугаарт, жижиг тойрогт мөнгөнөөс гадна өөр нөлөөлөл орох эрсдэлтэй байдаг. Тиймээс бид ард түмэн хамгийн сайн гэж үзэж байгаа хүнээ сонгох боломж, бололцоог олгох нь зүйтэй. Энэ ч утгаараа бүхэлдээ нэг тойрог байх тогтолцоог авах нь зүйтэй гэж үзсэн юм. Өмнө нь энэ хувилбар 2008 онд парламентад өргөн баригдаж байсан юм билээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг өргөн барьж байсан ч тухайн үеийн парламент хэлэлцээд нөхцөл нь бүрдээгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед санал тоолоход техникийн нөхцөл нь хүнд гэж үзсэн байдаг. Одоо бол авах нөхцөл нь бүрдсэн байж магадгүй гэж үзсэн болохоор МАН оруулж ирж байгаа юм. Мэдээж сөрөг тал ч байна, эерэг тал ч байна. Одоо Засгийн газраас санал авна. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн баригдах байх гэж бодож байна. Одоохондоо өргөн баригдаагүй байна шүү дээ. Өргөн баригдсаных нь дараа чуулганаар хэлэлцэнэ. Миний хувьд энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчих байх гэж бодож байна. Тэгээд намрын чуулганаар эцэслэн шийдэх байх. Тиймээс хугацаа хангалттай гэж үзэж байна. Бүх тогтолцоо өөрөө эерэг, сөрөг талтай. Ямартай ч өргөн барих нь зүйтэй. Мөнгөнөөс хамаараад байдаггүй, чадвартай чадалтай хүнийг парламентын гишүүнээр сонгодог тогтолцоо байх л гэж бодож байна.
О.БААСАНХҮҮ: ЯЛСАН НАМ НЬ ДҮРЭМ ЗОХИОДГОО БОЛЬ
-Би анхнаасаа л нэг байр суурьтай байсан. Түүнийгээ ч хэлж байсан хүн. Үндсэн хуульд тусгасан гурван заалтыг засч болно, харин арван заалтыг засч болохгүй гэж. Тэр гурвын нэг нь сонгуулийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооны асуудлаа нэг тийш нь шийдэх ёстой. Ялсан нам нь дүрэм зохиодгоо болих хэрэгтэй. Ирэх онд найм дахь удаагийн сонгууль болох гэж байна. Найм дахь өөрчлөлт хийх гээд байх шаардлагагүй. Гагцхүү Үндсэн хуульдаа тодорхой заагаад өгчих хэрэгтэй. Хоёрдугаар, утаанаасаа салах шаардлагатай. Утаанаас салахын тулд дагавар хоттой болох ёстой. Гуравдугаарт, 60 тэрбумын хэргээ эцэслэх хэрэгтэй. Төрийн албыг үнэлж зардгаа больж, төрийн албыг улс төрөөс хараат болгочих хэрэгтэй юм. Үүний дараа сонгуулийн хуульдаа гар хүрч болно. Түүнээс биш өнөөдөр дахин туршилт хийх гэж байна. Энэ туршилт нь боломжтой эсэх нь тодорхойгүй. Зөв тогтолцоо гэдгийг нь хэн тогтоогоод байгаа юм. Зүгээр л улс төрийн тавцангаас бүхлээрээ арчигдахгүйн тулд л ийм зүйл хийж байна. Судалгаагаар МАН, АН-ыг дэмжихгүй байгаа хандлага нь 70 хувьтай байна. Энэ ч утгаараа энэ хоёр нам энэ мэт туршилтын арга хэрэглэж амьд үлдэх гэсэн хувилбар ярьж байна. Зөвхөн Үндсэн хуулийнхаа гол зарчимд л анхаараад явах шаардлагатай байгаа юм.
Б.ПҮРЭВДОРЖ: Ц.НЯМДОРЖ, Ө.ЭНХТҮВШИН НАРЫН ДАХИН СОНГОГДОХ ГЭСЭН ХУВИЛБАР
-Нийт 20 гаруй нам 76 нэр дэвшигчийг нэр дэвшүүлнэ. Тэндээс нэг хүнийг олж дугуйлна. Иргэд улс төрд шинээр орж ирж буй хүмүүсийг огт танихгүй. Тиймээс нэг хүн маш олон санал авна. Үлдсэн нь цөөхөн хүний саналаар УИХ-д сонгогдох байх. Энэ бол Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан мэтийн хүмүүс улс төрдөө дахин үлдэх боломжийг хайсан сонгуулийн хувилбар гэж ойлгож болно. Энэ бол ардын намын шийдвэр. Түүнээс УИХ-аар хэлэлцсэн асуудал биш.
Г.ТЭМҮҮЛЭН: БИД ИРГЭДИЙН СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ
-Монгол Улс бүхэлдээ нэг тойрог байна гэдэг асуудал яригдаж байна. Гэхдээ нам дугуйлах юм уу, жагсаалтаар байгаа 76 хүний нэрийг дугуйлах юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэвч энэ хоёрын аль, аль нь байж болохгүй л гэж бодож байна. Угтаа бол УИХ байна уу, НИТХ байна уу ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа зарчим. Бид ямар ч бай ардчилалынхаа зарчмын хүрээнд иргэдийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Тэр зарчмаа л барих шаардлагатай. Сөрөг үр дагавар олон бий. Жишээ нь, улс нэг тойрог гэхээр нам дотроо жагсана. Нэгээс 76 хүртэл жагсана гэсэн үг. Залуус болон эмэгтэйчүүдийн дуу хоолой гэж ярьж байгаа энэ цаг үед ямар нэг байдлаар бидэнд эхний 20-д жагсах боломж байхгүй болно. Энэ бол зарчмын хувьд байж болохгүй л дээ. Өнөө л хүмүүс нь дахин жагсаалтаар гарч ирэх магадлал өндөр. Хэрэв улс нэг гэж намаар нь дугуйлах юм бол Үндсэн хуулийн зарчим алдагдана. Уг нь хамгийн шударга тогтолцоо нь жижигсэгсэн тойргоор л явах юм. Дэлхий нийтийн жишиг ч тийм байна. Энэ тогтолцоогоороо л өрсөлдөж, ард түмнээрээ дүнгээ тавиулдаг. Тухайн улс орондоо хийсэн ажил үйлсээ дүгнүүлээд явдаг тогтолцоотой байх ёстой л гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 3 )
эрх мэдлийн төлөө тэмцэж ард түмнээрээ тоглож байгаа энэ МАН нам АРДЧИЛСАН нам хоёрыг тарааж улс төрийн эрхгүй болгон хэрэгтэй урьд алдаа хийсэн бүгдийг шүүж хариулага тооцож байж засрах байхдаа
Урд талд төрийн бодлого нь Күнзийн сургаальд. Ар талд төрийн бодлого нь Петр хааны гео бодлогын үзэл санааг суурь болгосон байхад бид яахаараа Чингис хааныхаа байгалийн хуулийн дээдлэлтэй үзэл номлол сургаалыг төрийн бодогын суурь болгон тавьж чадахгүй Герман Герман гээд байдаг билээ. Үндсэн хуулиа сонгуулийн хуулиа соёл түүх уламжлал дээрээ суурилуулья гэх бодол аль ч намд харагдахгүй байна. Намчрахсан мунхаг бодлоор Үндсэн хууль нэртэй Үндэсний үнэргүй бичиг баримтаар халхавчилж 1924 оноос хоош Үндэсний гэсэн бүгдийг устгаж үгүй хийлээ. Одоо энэ сонгуулийн хууль гэж бас нэг гай гаргаж ирж өө
Урд талд төрийн бодлого нь Күнзийн сургаальд. Ар талд төрийн бодлого нь Петр хааны гео бодлогын үзэл санааг суурь болгосон байхад бид яахаараа Чингис хааныхаа байгалийн хуулийн дээдлэлтэй үзэл номлол сургаалыг төрийн бодогын суурь болгон тавьж чадахгүй Герман Герман гээд байдаг билээ. Үндсэн хуулиа сонгуулийн хуулиа соёл түүх уламжлал дээрээ суурилуулья гэх бодол аль ч намд харагдахгүй байна. Намчрахсан мунхаг бодлоор Үндсэн хууль нэртэй Үндэсний үнэргүй бичиг баримтаар халхавчилж 1924 оноос хоош Үндэсний гэсэн бүгдийг устгаж үгүй хийлээ. Одоо энэ сонгуулийн хууль гэж бас нэг гай гаргаж ирж өө