Шинжлэх ухааны салбарын ШИНЭ МЭДЭЭНҮҮД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн саяхан Москва хотноо ажиллаад иржээ. Энэ үеэр ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнд ажлын айлчлал хийж, тус хүрээлэнгийн захирал Академич А.В.Смирновтой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд “Философийн нэвтэрхий толь бичиг” бичих, орчуулах ажилд Оросын Философийн хүрээлэн /ИФ РАН/ дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн  ОХУ-ын Төрийн шагнал хүртсэн “Философийн шинэ нэвтэрхий толь” бичиг дөрвөн боть бүтээлийг Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнд орчуулах, ашиглах эрхийг олгосон нь  энэ удаагийн айлчлал ач холбогдолтой болсон байна.  

***

Мал эмнэлгийн хүрээлэн нь улсын хэмжээнд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох халдварт, празиттах болон халдваргүй өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга технологи боловсруулах, малын эрүүл мэндийг сахин хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2019 оны байдлаар тус хүрээлэн Засгийн газрын суурь судалгаа, инновац, шинжлэх ухааны 22, олон улсын хамтарсан 10 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Манай улсын эрдэмтэн, судлаачдын бүтээл олон улсад дөрөв, Монгол Улсад 38 патент эзэмшиж, олон улсын импакт фактортой мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байдаг аж.

***

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд: Тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” Олон улсын хурлыг 2019 оны есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын талаарх танилцуулга мэдээлэл, хураангуйг хүлээн авах хугацааг долдугаар сарын 1-нээр дуусгавар болгох ажээ.

***

Шинжлэх ухаан, технологийн сангийн дэргэд “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимд монгол эрдэмтдийн ур ухаан шингэсэн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Эдгээрийг үзэж сонирхох боломж олон нийтэд нээлттэй бөгөөд их, дээд сургуулийн холбогдох чиглэлийн оюутнууд өргөнөөр үйлчлүүлдэг болжээ. Тухайлбал, саяхан АШУҮИС-ийн Био анагаахын их сургуулийн 4 дамжааны оюутнууд тус сургуулийн багш Г.Өлзийжаргалын “Энтерпренер сэтгэлгээ” хичээлийн хөтөлбөрийн хүрээнд тус танхим дахь бүтээлүүдийг онцлон танилцжээ.

***

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын археологийн шинэ судалгаа” цувралын VI боть “Хүннүгийн түүх соёлын судалгаа” (Салхитын амны дурсгалт газар) нэртэйгээр хэвлэгдлээ. Эл цуврал нь С.Өлзийбаяр, Б.Очир, Э.Уртнасан нарын хамтарсан бүтээл ба Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Булган уулын арын Салхитын амны дурсгалт газарт хийсэн “Умард Монгол” төсөл, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хүннүгийн түүх соёлын мөрөөр” хээрийн судалгааны үр дүнг нэгтгэсэн цуврал юм. 

***

Монгол эрдэмтдийн бүтээлийг онлайнаар худалдан авах боломжийг танилцуулъя. Шинжлэх ухаан, технологийн сангийн www.stf.mn цахим хуудсанд зочилсноор байгалийн ухаан, нийгмийн ухаан, анагаах, техник, технологийн салбарын ном санал болгоно. Тухайлбал, одоогоор “Амьтан судлал” хүүхдэд зориулсан шинжлэх ухааны ном 20 мянга, “Амин тун” ном 10 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна.

***

Физик, технологийн хүрээлэнгээс 2019 оны долдугаар сарын 1-5-ны өдрүүдэд “Харьцангуй онол, квант физикийн зуны сургууль”-ийг зохион байгуулах гэж байна. Шинжлэх ухааны доктор Х.Цоохүү “Спин статистик, материйн бүтэц, фермийн түгэлт” сэдвээр илтгэл тавих бол доктор Ц.Энхбат Квант орны онолыг сургалтад танилцуулахаар онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top