Валютын ханшийн хэлбэлзлийг дагаж унаж тусаад байдаггүй дархлаатай болохын тулд эдийн засгийн бүтцийг өргөжүүлэх, төрөлжүүлэх хэрэгтэй гэдэгтэй эдийн засагчид санал бүрэн дүүрэн нийлдэг. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 2650.87 төгрөгтэй тэнцүү байлаа. Энэ нь хоёр сарын өмнөхөөс 19 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Төгрөгийн ханш чангараад байвал экспортын барааны үнэ өсөх бол юанийн ханш төгрөгийн эсрэг сулрах нь манай дотоодын үйлдвэрлэгчдийн барааны үнийг уруудуулах эрсдэлтэй. Гэхдээ эхэнд хэлсэнчлэн ханшийн эрсдэлийг бууруулах тулгуур асуудлуудаа шийдвэрлээгүй хэрнээ өнөөдөр, маргаашийн тав арван төгрөгийн хэлбэлзлийг тойрч ярих нь өрөөсгөл байгаад байна.
Манай улс 2018 онд 118 улсаас 1328 нэр төрлийн барааг импортоор худалдан авсан бол гадаад валютын голлох эх үүсвэр болох экспортын орлогын 90 орчим хувь нь дан ганц уул уурхайн түүхий эд борлуулснаас олох орлого бүрдүүлсэн байгаа юм. Экспортын энэ бүтэц нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн үед манай улсын уул уурхайн салбарыг дагаад нийт эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, экспортын орлого өсөх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэргээр гадаад валютын дотогшлох урсгал нэмэгддэг ч эргээд түүхий эдийн үнэ буурсан үед эдийн засаг хүндэрдэг гэдгийг Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлж байна. Манай улсын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу бидний орлогын эх үүсвэр ганц салбараас хамааралтай, нөгөө талдаа маш олон төрлийн бараа, үйлчилгээг импортоор авч байгаа нөхцөлд валютын эрэлт, нийлүүлэлтэд хугацааны зөрүү үүсдэг. Энэ нь төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх хамгийн гол шалтгаан болж буйг мөн хэлж байна.
Валютын ханшийн өсөлтийн шалтгаан, цаашид хязгаарлах ямар боломжууд байна вэ гэдгийг ярихын тулд эдийн засгийн стандарт бус бүтцээ бид өөрчлөх хэрэгтэй байгааг бусад мэргэжилтнүүд ч хэлж буй. Тэдний байр сууриас хүргэе.
СЭЗДС-ИЙН БАГШ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ТОГТОЛЦООНЫ ХУВЬД ГАЖУУДАЛТАЙ БАЙНА
-Ханш өсөхөөр валютын нөөцийг удирдаж байгаа гэдэг утгаар нь Монголбанктай шууд холбож хараад байдаг. Би хувьдаа валютын ханшийн хариуцлагыг Монголбанк, Засгийн газар хамтдаа хүлээх ёстой гэж ойлгодог. Валютын ханшийн нөхцөл байдал экспортыг дэмжсэн, импортыг орлосон, эдийн засгийн солонгорсон бүтэцтэй болох хэрэгтэй гэх бидний олон жил ярьсан сэдэвтэй холбоотой. Экспортыг дэмжиж, олон салбаруудаа хөгжүүлж чадсан бол орж ирэх байсан олон зуун сая ам.доллар нь УИХ, Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой. Тогтолцооны хувьд бид гажуудалтай байгаа юм байна. Бүтэц сайжраагүй байна. 2012 оноос хойш бид маш их өртэй болсон. Төсөв рүү орж ирж байгаа ихэнх мөнгө дотоод болон гадаад өрийг дарахад чиглэж байна. Ам.долларын орох гарах урсгалын тэнцвэртэй системийг бий болгож чадаагүй. Урт хугацаандаа эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах нь л валютын ханшийн дарамтад орохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
ДОКТОР, ПРОФЕССОР Л.ОЮУН: ВАЛЮТЫН ХАНШ ХЭЛБЭЛЗЭЛТЭЙ БАЙЖ АМЬД БАЙДАГ
-Манай эдийн засаг улирлын шинж чанартай. Үүнийг дагаад валютын ханшид өөрчлөлт ордог. Сүүлийн 10 жилд хийгдсэн судалгаанаас үзэхэд валютын ханш арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард өсдөг. Хоёрдугаар сард хамгийн өндөр цэгтээ өсч байсан. Валютын ханшийн өөрчлөлт эдийн засгаа дагаад мөчлөгтэй байдаг нь судалгаагаар гарч ирсэн. Бидний судалгаагаар бол ес, аравдугаар сард валютын ханш огцом савлагаагүй явдаг байсан. Валютын ханш хэлбэлзэлтэй байж амьд байдаг. Эдийн засгийн индикатор болдог. Валютын ханшийн эрэлт их байх юм бол ханш нь өсдөг гэх онолыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Миний зүгээс хэлэх нэг зүйл бол манайх хүлээлтийн инфляци гэдэг зүйлд ордог орон. Эрэлт бодитой өсөөд нийлүүлэлт бага байхад биш. Эрэлт өсөх нь ээ гэдэг хүлээлтийн утгаар манайд валютын ханшийн эрэлт өсөөд ханшиндаа нөлөөлчихдөг. Ийм үзэгдэл түгээмэл гардаг. Энэ өсөлтийг хүлээлтийн инфляци талдаа гэж ойлгож байгаа. Ер нь Монголчуудын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалдаг нэг арга нь төгрөгөө ам.доллар руу шилжүүлээд, ам.долларын зохиомол эрэлтийг бий болгоод, ханш нь өсчихдөг. Ам.долларын ханш ийм савлагаатай байдгийг мэдэх юм чинь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээнүүдийг авч байх хэрэгтэй. Монголбанк ханшийг яах бол гээд хараад суухаасаа илүү хамгаалах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Жишээлбэл, олон улсын худалдааны харилцаан дээр эрсдэл бууруулдаг Арбитрын хэлцлүүдийг аж ахуйн нэгжүүд ашигладаг баймаар байна. Арилжааны банкууд ам.долларын эрсдэлээс хамгаалсан хэлцлүүд сайн хийж байгаач ээ. Тэрийг нь манай аж ахуй нэгжүүд авч байгаач ээ гэсэн зөвлөмж өгмөөр санагдаж байна.
ШИНЖЭЭЧ Г.ГАНЗОРИГ: ШИЙДЭЛ БАЙНА УУ ГЭДЭГ НЬ ЧУХАЛ
-Манай эдийн засаг ам.долларын гарах урсгалтай болчихсон. Дээрээс нь улирлын нөлөөлөл байна. Мөн ханшид нөлөөлдөг зүйл бол хүлээлт. Энэ яалт ч үгүй нөлөөлдөг. Хүмүүс валютын ханш өснө гээд бодчихоор аваад дарчих юмсан, долларын хадгаламж хийчих юмсан гэх хандлагатай болчихдог. Ам.долларын ханш өсдөг юм чинь гэсэн үүднээс ам.долларын хиймэл эрэлтийг үүсгэдэг хандлага гарч ирж байгаа. Бас нэг хүчин зүйл нь яах аргагүй олон улсын нөлөө гарч ирж байна. Ингээд ярьвал 4-5 шалтгаан хэлж болж байна. Шалтгаан хэлэх нэг асуудал. Шийдэл байна уу гэдэг чухал асуудал. Миний харж байгаагаар богино хугацааны шийдэл үнэндээ байхгүй болов уу гэж бодож байна. Валют нэг тийшээ хөдөлдөг. Байж байгаад л нэг ийм хэлэлцүүлэг болно, ам.доллар ярина. Манай бүтэц өөрөө асуудалтай байна.
Сэтгэгдэл ( 0 )