Азийн Хөгжлийн банк Монгол Улсад 1.9 тэрбум ам.долларын 310 төсөл хэрэгжүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.06.10/ Азийн Хөгжлийн банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар УИХ-ын дарга Г.Занданшатар "АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төслийг хэрэгжүүлээд байна. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон. Бид АХБ-тай цаашид бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгаа" гэв. Түүнчлэн "Манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа хамтран эдийн засгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан солонгоруулах зорилттой байна. Мөн манай орны эдийн засгийн өсөлт сэргэж, 2019 оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 8.6 хувьд хүрсэн" гэжээ.

АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд "Азийн Хөгжлийн Банк Монгол Улстай нягт холбоотой ажиллаж байгаа нь урт удаан хамтын ажиллагааны үр дүн. Эдийн засгийн өсөлт сэргэж байгаа нь Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт бол салшгүй хэсэг юм. Түүнчлэн Монгол Улсад айлчилж буй зорилгуудын нэг бол олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан хүсэлтийн дагуу монголын банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай танилцах юм" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top