“Түмэн шувуут” компанийг үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяртай хөдөө аж ахуйн салбарын зарим асуудлаар ярилцлаа.
-“Түмэн шувуут” компани энэ оны эхээр хувьцаа гаргасан. Хөрөнгө оруулалтаа татаж, төлөвлөсөн ажлууд нь хэр амжилттай явж байна вэ?
-Бид анх хувьцаа гаргахдаа таван том ажил төлөвлөсөн байгаа. Бүгдээрээ маш сайн явж байна. Өнгөрсөн 2018 оны эхний улиралд 400 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ жил эхний улиралд 900 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Ашиг хоёр дахин нэмэгдлээ. Өндөглөгч тахианы үйлдвэр нэмж барихаар төлөвлөсний дагуу барилгын ажил нь эхлээд явж байна. Өндөг боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн ажил эхэлсэн. Мөн Увс аймгийн Баруунтуруун суманд Усалгаатай газар тариалан эрхлэх ажил маш сайн эхэлж, усжуулах 650 га газрыг бид бороожуулагчаар бүрэн тоноглосон. Тариалалтаа хийгээд дууссан. Японоос сангасны үйлдвэр оруулах үйл ажиллагаа маань гэрээ хэлэлцээр хийгдсэн. Энэ жилээс үйл ажиллагаа нь явагдана. Төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд маань хийгдээд явж байна. Өндөглөгч тахианы тоогоо улам нэмэгдүүлэх, тахианы аж ахуйгаа эрсдэлгүй явуулах талаар эксперт ажиллуулж судалгаа хийлээ. Үр дүн нь гарах гэж байна. Энэ судалгааны үр дүн дээр үндэслээд махны чиглэлийн тахианы аж ахуйгаа эхлүүлэх эсэхээ шийднэ. Эсвэл 2-3 жил хүлээгээд, өндөглөгч тахианы үйлдвэрээ өргөтгөх үү гэдгийг ярилцаж байна. Манай компанийн төлөвлөсөн ажлууд амжилттай явж байна.
-Танай компани ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ. Өнгөрсөн жил мөн ийм дүнгээр ажилчдынхаа цалинг нэмж байсан байх аа?
-Манай компани өнгөрсөн 2018 оны есдүгээр сард нийт 170 ажилтныхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ирэх сараас үйлдвэрийн ажилчдынхаа цалинг мөн 200 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр үйлдвэрийн ажилчдынхаа цалинг нэг жилийн дотор 400 мянгаар нэмэгдүүлж байна. Тухайн компани ашиг орлого нь нэмэгдэж байгаа бол дагаад ажилчдынх нь цалин, орлого нь нэмэгдэж байх ёстой. Олон тэрбум төгрөгийн ашиг, орлого олсон мөртлөө ажилчид нь бага цалин аваад байвал тухайн хүндээ хэцүү шүү дээ. Тийм учраас манай компани ажилчдынхаа цалинг нэмсэн. Манай ажилчдын доод цалин 1.2 сая болсон нь их өндөр цалин биш. Энэ бол эхлэл. Монгол хүн дор хаяж 3 сая төгрөгийн цалин авдаг болох хэрэгтэй. Цаашлаад 5, 10 сая төгрөгийн цалин авдаг болох ёстой. Тийм учраас бусад компаниудаа ч гэсэн цалингаа нэмэхийг уриалж байгаа юм. Манай компани цалингаа нэмэгдүүллээ гэж зарласан нь бусад компаниудад жишиг болох, цалингаа нэмэхийг компаниудад уриалж буй явдал юм. Компанийн эздүүд ашиг орлого олж байгаа бол ажилчдын цалин тэр хэрээр нэмэгдэж байх ёстой. Ажилтан хүн татвар хураамжаа төлөөд гар дээрээ сая төгрөг авдаг байх ёстой. Ингэхгүйгээр Монгол Улсад амьдрахад хэцүү. Бид хүнээ нэг номерт тавьж, хайрлах ёстой.
Нөгөө талдаа өндөр цалинтай болохын тулд бид бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Япон, Солонгост яагаад өндөр цалинтай байгаад байна. Энэ нь тэд бүтээмж өндөртэй холбоотой. Тэгэхээр цалингаа өсгөе гэж байгаа бол бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Саяхан би Хятад, Өвөр Монголоор яваад ирсэн. Жаран саалийн үнээнд нэг хүн ногдож байна. Гэтэл Монголд 15 саалийн үнээнд нэг хүн хүч хүрэхгүй байна. Ийм хөдөлмөрийн бүтээмж тааруу байна. Тиймээс бүтээмжээ сайжруулах ёстой. Нэг хүн бүтээмжээ дээшлүүлж 4, 5 хүний цалин авах боломж бий. Хүнийхээ бүтээмжийг дээшлүүлэхэд улс орны бодлого ч чиглэх ёстой. Өндөр хөгжилтэй орны ажилчид өглөө очсон бол орой хүртэл зогсохгүй ажиллаж байна шүү дээ. Гэтэл манайхан facebook хэсч байна, жаахан байж байгаад тамхи татах гээд л гардаг. Эсвэл цай уугаад л суучихна. Ажил хийх гэж “гурилдаж” байна. Жинхэнээсээ ажил хийхгүй байна. Бүгдээрээ биш ч ерөнхийдөө л тийм налгар байдалтай ажиллахаа болих ёстой. Тэгэхээр манай менежерүүд хүмүүсээ шахаж ажиллуулах менежмент хийх, бүтээмжийг нь өсгөөд цалин хангамжийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай. Манай компани ч ажилчдынхаа цалинг өсгөж байгаа нь бүтээмжээ нэм гэж өгч байгаа явдал юм. Манайх компанийнхаа бүх ажилчдаа зэрэглэлтэй болгоно. Нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэглэлийн ажилтан гээд зэрэглэл тогтооно. Зэрэглэл тогтоохдоо чадвар, бүтээмжийг нь харгалзан үзнэ.
-Нэг үеэ бодвол хүнсний өргөн хэрэглээний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж байна. Хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд бордоо чухал. Монголдоо шувууны сангаснаас бордоо үйлдвэрлэх гэж байгаа гэсэн үү?
-Монгол Улс 2018 оны статистик мэдээллээр 120 мянган тонн азотын болон нийлмэл бордоо импортоор гаргаж ирсэн байна. Манай компани Японы тоног төхөөрөмжөөр шувууны сангаснаас жилдээ 1500-2000 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр Монголдоо ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ жилдээ үйл ажиллагаа нь эхлээд ирэх жилээс үйлдвэрлэнэ. Сангасны бордоо нь химийн гаралгүй органик бордоо. Сангасны бордооны нэг сайн тал нь хөрсийг ялзмагжуулж, баяжуулж өгдөгөөрөө химийн бордооноос авдаггүй илүү үйлчилгээг авна. Азотын бордоо зөвхөн азотын үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл сангасны бордоо нь азот, фосфор, кали, кальци гээд маш олон төрлийн элементүүд орсон байдаг болохоор хөрсийг баяжуулж, сэргээж өгдөг. Үүгээрээ ач холбогдолтой. Сангасны бордоо нь хүнсний ногоо тариалах талбайг сайн бордож өгдөгөөрөө онцлогтой. Манайд хүлэмжийн ногоо, хүнсний ногооны тариалалт илүү хөгжчихлөө. Ийм нөхцөлд үнэ өртөг нь хямд болох боломж бий.
-Танай компани малын нэмэлт тэжээл үйлдвэрлэдэг. Малчид нэмэлт тэжээл, бордоо худалдан авах сонирхол хэр байдаг юм бэ?
-Сүүлийн үед манай үйлдвэрээс уяачид хурдан мориндоо тэжээл ихээр авч байна. Манай компанийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн “Хурд” тэжээл, “Шингүүртэй овьёос”, “Амар” тэжээлүүд зах зээл дээр нийлүүлэгдэж, импортын бүтээгдэхүүнийг нөхөж байна. Уяачид маань ч мэддэг боллоо. Мөн малын таван төрлийн тэжээл үйлдвэрлэж байна. Бордоо, тэжээлд орж байгаа түүхий эд нь үнэтэй учраас бүтээгдэхүүн маань үнэтэй байгаад байдаг. Нөгөө талаар малчид маань малдаа мөнгө зарж байж өндөр ашиг шим авдаг гэдгийг ойлгож өгөхгүй байна. Энэ нь уламжлалтай ч холбоотой. Бэлчээрийн маллагаатай учраас цаг сайхан бол малдаа нэмэлт тэжээл өгөхгүйгээр болчихдог. Бусад орнуудад бол малаа заавал тэжээдэг. Тэгээд хурдан хугацаанд ашиг шим авдаг. Манайд болохоор малчид малаасаа удаан хугацааны дараа ашиг хүртдэг. Яахав малчин хүнээс зардал бага гардаг учраас удаан ч гэсэн бага ашиг хүртээд болоод байна.Сайн үйлдвэрийн малыг нэмэлт тэжээлээр бордож, малаасаа өндөр үр ашиг авч байж гаргасан зардлаа дааж чадна. Иймд малынхаа үйлдвэр угсааг нэмэгдүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чухал юм. Үүнийг олон жил ярилаа. Одоо хийж харуулах нь чухал байна.
Сэтгэгдэл ( 1 )
За зөвшдээ. Монголдоо ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь сайн байна. Их аятайхан зүйл ярьжээ. Бид өнөөдөр өөрсдөө ажлаа сайн хийдэг арга саам хийж ажил цалгардуулдаггүй баймаар байна