Б.Батхүү: Итали бүсгүйчүүд Монгол ноолуурыг барьж үзээд гайхан биширдэг

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

~Gucci, H&M, UNIQLO зэрэг брэндүүд Монгол ноолуур ашиглах хүсэлтэй байна~

Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр “Корпорейт Конвэншн центр”-т болж өндөрлөлөө. Энэ үеэр дэлхийд алдартай “Gucci”, “H&M”, “UNIQLO” брэндүүдийн төлөөлөгчид НҮБ-ын урилгаар хүрэлцэн ирж Монгол Улсаас ноолуур худалдан авах хүсэлтэй байгаагаа онцолсон бөгөөд манай улсын хувьд стандартын шаардлага хангасан ноолуур үйлдвэрлэх, тогтвортой ноолуураар хангах тухай асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.

Дэлхий даяар амьтны эрхийг хамгаалагчид дуу хоолойгоо нэгтгэж амьтан тамлахгүй байхад бүх нийтийн анхаарлыг хандуулахаар ажиллаж буй. Энэ нь ч тун амжилттай болж нэртэй брэндүүд эхнээсээ амьтан дээр туршилт хийхээс татгалзаж, амьтны үсэн эдлэл үйлдвэрлэхээ зогсоож эхлээд байгаа. Энэ үед тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгчид илүү эко чиглэлд анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд тэдний анхаарлыг монгол ноолуур ихээр татаж эхлээд байна. Учир нь дэлхий нийтээр ноолуурын масс үйлдвэрлэлээс татгалзаж байгаа учраас бэлчээрийн аж ахуйтай манай улсын ноолуур хамгийн чанартай, хамгийн тансаг, хамгийн эко бүтээгдэхүүн байх бүрэн боломжтой юм. Харин дэлхий нийтийг чанартай ноолуураар хэрхэн хангаж болох тухай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү мэдээлэл өглөө.

 

-Манай Монгол ямааны ноолуур дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж хэр байна вэ?

-Юу л байна, боломж байна шүү дээ.  Өнөөдрийн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн байгууллагаас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нийт ноолуурын 40 хувийг хангагч томоохон тоглогч манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон ирээдүйг дэмжих хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоо, “Textline Exchange” олон улсын сүлжээ, дэлхийд алдартай тансаг бүтээгдэхүүний брэндийг эзэмшдэг “Kering” групп зэрэг олон талын төлөөлөл оролцож байна. Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн зах зээлийг хангахын тулд бид стандартад нийцсэн байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тогтвортой ноолуураар хангах хэрэгтэй байгаа. Хамгийн гол нь байгальд ээлтэй ноолуур үйлдвэрлэдэг гэдэг утгаараа бид гарч ирэхгүй бол олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагууд сөрөг мэдээлэл маш их тарааж байгаа. Уг нь манай улс  бэлчээрийн аж ахуйтай учраас ямааг зовоож самнадаггүй. Харин ч эсрэгээрээ энэ нь ямаандаа массаж болж байдаг. Халууны улирал эхэлж байгаа учраас ямааг ноолуураас нь салгаж байгаа нь өөрөө эрүүл, ямааг хөнгөн, нэг ёсондоо happy animal буюу аз жаргалтай болгож байгаа юм. Тэгэхээр амьтны эрх зөрчиж, зовоох асуудал манай улсад байдаггүй. Энэ нь амьтныг хамгаалах үйлс юм гэдгийг дэлхий дахинд таниулах шаардлагатай. Дараа нь бид дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн зах зээлийг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай болж байна. Тэгэхээр үйл ажиллагаагаа уялдуулах зорилготойгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

- Дэлхийн зах зээлд Монгол ноолуур хэдэн төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг юм бэ?

-Ноолуур хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш малчдын орлого сайжирсан. Энэ хавар түүхий ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу нэг кг нь 140 мянган төгрөгт хүрсэн бол баруун аймгуудад 80 мянган төгрөгийн үнэтэй байсан. Самнасан ноолуураа бид Итали, Англи гээд дэлхийн өндөр хөгжилтэй оронд нийлүүлдэг. Тэнд борлуулагдаж байгаа ноолуурын үнэ манайхаас шалтгаалдаггүй. Тэгэхээр тэнд явагдаж байдаг гэж ойлгож болно. Өнгөрсөн жил “Ноолуур” хөтөлбөр маш амжилттай батлагдсан. Үүний хүчинд өмнө нь 980 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол 2018 онд 1.3 их наяд төгрөгийн борлуулалтыг манай улс хийгээд байна. Мөн 1570 ажлын байр шинээр бий болсон.

-Ноос, ноолуурын чиглэлээр манай улсад хэчнээн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

- Жижиг, дунд нийлсэн 300 орчим байгууллага байна. Бүрэн цогц үйл ажиллагаа явуулдаг зургаа, долоон үйлдвэр бий. “Говь” компани гэхэд жилдээ сая ширхэг пальто үйлдвэрлэж, дэлхийн номер нэг пальто үйлдвэрлэгч болох зорилготой ажиллаж байна.

-Тогтвортой ноолуураар хангах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тогтвортой хөгжлийн зорилт 2030-д заасны дагуу ноос ноолуурын түүхий эдийн гүн боловсруулалтын төвшнийг 60 хувьд хүргэх гэж заасан байдаг. 2016 оны хувьд нийт ноолуурын 9,8 хувийг дотооддоо авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Өнгөрсөн жилийн хувьд 28 хувийг бид дотооддоо авсан. Тогтвортой ноолуурын хувьд хүн бүр өөр өнцгөөс хардаг байсан. Харин энэ уулзалтаар бид тогтсон ойлголттой болохыг зорьж байна. Монголын онцлог бол бэлчээрийн аж ахуйтай. Байгалийн эрсдэлт хүчин зүйлүүдээс шалтгаалан ноолуурын гарц өөр өөр болдог. Бид энэхүү онцлогоо барьж байх ёстой. Бусад улсууд фермийн аж ахуй эрхэлдэг. Тэгэхээр тогтвортой чанараа хадгалж байдаг. Гэхдээ манай бэлчээрийн аж ахуйгаас гарч байгаа ноолуур бол happy animal буюу аз жаргалтай амьтнаас гарч байгаа учраас маш том давуу талтай болж байгаа юм. Тэгэхээр зудтай жилийн тогтвортой ноолуур тийм гарцтай байна, харин өнтэй өвөлжсөн жилийн ноолуур тийм байна гэсэн дунджийг олоод стандартаа боловсруулах шаардлагатай байгаа.

-Ноолуур үйлдвэрлэгчдийг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байгаа вэ?

- Хамгийн эхлээд бэлчээрийн асуудал байна. Тухайн бэлчээрт ямар үүлдрийн ямааг тухайн бэлчээр дээр бэлчээрлүүлэх вэ гээд бүхий л зүйлсийг бид шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулах хэрэгтэй болоод байна. Зах зээлээс хойш тогтолцоо маш ихээр эвдэрсэн. Тэгэхээр ноолуур бэлтгэлийн тогтолцоог маш сайн хийж байгаа аж ахуй нэгжүүд бий. Мөн сайн төслүүд орж ирсэн байгаа. Тэдний уялдаа холбоог гаргаж ирээд “Хаан ширхэгт” гэдэг хамгийн сайн ноолуураа гаргаж ирэн брэндинг үүсгэх тал дээр хамтран ажиллаж байна. Хамгийн нарийн, хамгийн урт ноолуурыг үйлдвэрлэж маш өндөр үнээр худалдан, дэлхийн зах зээлийг атгах боломжтой. Итали бүсгүйчүүд жишээ нь монгол ноолуурыг барьж үзээд гайхан биширдэг. Бүр гар нь чичирч, салгалах хүртлээ дуртай байдаг. Итали, Англид ийм байгаа юм чинь бусад орон энэхүү чанарыг мэдрээд үзвэл манай ноолуур хаанаа ч хүрэлцэхгүй болно гэсэн үг. Тэгэхээр өндөр эрэлт байвал бид өндөр үнээр борлуулж чадна.

-  Ямааны ноолуурыг авахдаа тамлаж авдаг гэх ойлголт сүүлийн үед ихээр гарах болсон. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол “Петта” гээд байгууллагаас гаргасан видео. Түүнийг үзсэн хүмүүс ямаа тэжээдэг хүмүүсийг шууд үзэн ядаж байгаа юм. Гэтэл манай малчид ямаанаас ноолуур авахдаа ширхэгийн дагуу авдаг. Энэ нь өөрөө малд массаж болж өгдөг. Хэрэв “Петта”-гийнхан үнэхээр амьтны эрхийг хамгаалж байгаа бол биднийг харин ч дэмжих ёстой. Яагаад гэвэл ноолуураа авахуулаагүй ямаа зун маш их халууцна. Тэр бичлэг Хятад улсад хийгдсэн бичлэг байсан. Тайлбар дээрээ Монгол Улсын нэрийг давхар оруулсан байсан нь буруу ойлголт өгөөд байгаа.

- Ноолуурын үнэ өсөхийн хэрээр ямааны тоо толгой ч мөн нэмэгдэх байх. Бэлчээрийн даац хэтрэх асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

- Засгийн газар ерөнхийдөө тоо толгойн араас хөөцөлдөж болсон гэж үзэж байгаа. Тийм болохоор нэг ямаанаас авч байгаа ашиг шимийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Чанар муутай ноолуур их хэмжээгээр нийлүүлэх нь тийм ч зөв зүйл биш. Одоо бол ямааны тоо толгой 27 саяд хүрээд байна.

- Ямааны үүлдэрүүдийг хэрхэн ялгаж байгаа вэ? Гарцаас шалтгаалж чанар өөр өөр байна байх...

- Энэ тал дээр бид мөшгих тогтолцоог нэвтрүүлж байна. Гар утсан дээрээсээ үзэхэд Баяндэлгэрийн улаан ямааны ноолуур байна, хэзээ самнагдаж бэлтгэгдсэн гээд л бүхий л мэдээллүүд гарч ирнэ. Энэ нь дэлхийн зах зээлд гарах үндсэн баталгаа болж байгаа юм. Одоогоор Дорнод болон Хэнтий аймгуудад үүнийг амжилттай туршаад байна.

- Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч хүмүүсийн гаргаж буй хамгийн том алдаа юу байдаг вэ?

- Малаа тэмдэглэхдээ хондлой дээр нь битгий тэмдэглэгээ хийж байгаарай гэж хэлмээр байдаг юм. Уртын ноосон дээр замын хар, будаг ихээр түрхсэн байдаг. Энэ нь үйлдвэрт шилжээд хог хаягдал болж хувирдаг. Гологдол болохоосоо гадна машин эвдээд байдаг. Тэр нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөдөг. Үүнийгээ дагаад эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

“H&M” брэндийн Ази дахь салбарын төлөөлөгч Шерри Гү:

Манай брэнд дэлхийд бэлэн хувцасны үйлдвэрлэлээрээ дээрээсээ гуравт жагсдаг. Сүүлийн үед дэлхий дахинд амьтны эрхийг зөрчиж, үйлдвэрлэл явуулж байгаа бол дэлхийн томоохон брэндүүд татгалзах хандлагатай байгаа. Тиймээс манай брэндийн зүгээс үүргийнхээ дагуу татгалзаж, мэдэгдэл хүртэл гаргасан. Гэхдээ Монголын зах зээлд нэвтэрч, ноолуур худалдан авах сонирхолтой байна. Монгол ноолуур маш чанартай Монголд залуу ямааны ноолуур голдуу нийлүүлдэг бөгөөд энэ нь ширхэг нарийнтай  байдаг. Харин Хятадын хувьд ноолуурын ширхгийг нарийсгадаг технологи нэвтрүүлж байгаа. Монгол Улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал нь эрүүл, насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй, тогтвортой аргаар үйлдвэрлэсэн гэдгээ баталчихвал өндөр үнээр авахад бид татгалзах зүйлгүй.

 

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл, үүргээ хамтрагч байгууллагууд тодорхойллоо. Мөн хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийн дагуу Монгол Улсад ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх талуудын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон замын зурган төслийг нэг сарын дотор боловсруулж гаргахаар болсон юм.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yamaa(24.18.240.3) 2019 оны 06 сарын 16

Yamaa bolgonoos 0,2 kg nooluuriin tatvar av.

1  |  0
Zochin(202.55.188.35) 2019 оны 06 сарын 16

Suhbaatar aimgiin Bayaldelger sumiin ulaan yamaanii nooluur hamguin nariin shirhegtei nooluuriin hamgiin undur uniig togtoodog

3  |  0
Top