Б.Соёлмаа: Манай улс баялгийн хараалд өртсөн улс орнуудын загвараар л яваад байна

2019 оны 06 сарын 14

Улс орны хөгжил, дэвшилд зөв бодлого хэрэгтэй. Тэгвэл эрүүл, зөв бодлого эдийн засгийн суурь судалгаанд тулгуурлаж гарах ёстой билээ. Тиймээс МУИС-ийн дэд профессор, судлаач Б.Соёлмаатай ярилцлаа.


-Судалгаа шинжилгээгүйгээр эдийн засгийн аливаа шийдвэр гарах боломжгүй баймаар ч манай тухайд эсрэгээрээ тооцоо судалгаагүй шийдвэрүүд гарч, замхардаг. Та судлаач, эдийн засагч хүний хувьд ийм буруу жишгийн талаар байр сууриа илэрхийлээч?

-Аливаа бодлогыг боловсруулахдаа судалгаанд суурилна гэдгийг хууль, журамд бол тусгачихсан л байх шиг байгаа юм.Бодлого боловсруулалтыг эдийн засгийн судалгаанд тулгуурлаж хийх ёстой.Үүний тул сайн судлаачид, судалгааны бааз байх хэрэгтэй.Манай МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд бол гадны их сургуулиудад сураад, докторын зэрэг хамгаалчихсан, судалгааны ажлуудаа эхнээсээ хэвлүүлээд явж байгаа судлаачид байна.Тэгэхээр мэргэшсэн хүмүүсээрээ судалгаа хийлгүүлж, судалгааны үр дүнг хэрэглэдэг соёл сурах хэрэгтэй болов уу гэж харж байна.

Би нөлөөллийн үнэлгээний хоёр ч судалгаан дээр ажиллаж байна л даа. Нэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй иргэдэд зориулсан  4-6 долоо хоногийн хугацаанд мэргэжил олгох сургалтын нөлөөллийг үнэлсэн судалгаа байгаа юм. Нөгөө нь ээжүүдийн ажил эрхлэлтэд улсын цэцэрлэг ямар нөлөөтэй юм бэ гэдгийг 2017 оноос судалж байна. Энэ судалгааныхаа хүрээнд НХХЯ-тай холбогдоод юу олж мэдсэн бэ гэхээр ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ  судалгаанд, тоо баримтад суурилна гээд хууль, журамд заачихсан байдаг юм билээ. Харин хэрэгжиж байгаа шинэ хөтөлбөрүүд үнэхээр бат ноттой судалгаанд суурилсан бодлогын хүрээнд гарч хэрэгжиж байна уу гэдэг нь өргөн хүрээтэй асуудал болж байна. НХХЯ-ны тухайд бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хуулиараа  судалгаа үндэслэлтэй зүйл хийж, хэрэгжүүлэх ёстой болчихсон гэх мэдээллийг өгч байсан. Ер нь манай улсын хувьд хууль журмууд хангалттай байна.Тэдгээрийг хэрэгжүүлэх нь л гол байгаа юм.

- Бодлого боловсруулалт  эдийн засгийн судалгаанд тулгуурлаж явагдах ёстой гэж та хэллээ. Та  Манчестерийн их сургуульд  доктор хамгаалсан хүн. Ер нь гадны улс орнууд судлаачдынхаа үгийг сонсох, судалгааг нь хэрэглэх тал дээр ямар байдгийг та мэдэх байх.Манай тухайд улс орны хэмжээнд хийгдэж буй судалгааны зургаан хувь л ашиглагддаг гэж дуулж байсан юм байна?

-Дэлхийн улс орнуудын хувьд судалгаа шинжилгээг бодлого, шийдвэртээ ашиглах байдал манайхаас өргөн байгаа л даа.Би өөрийн хийж буй судалгааны туршлагад тулгуурлаад ярихад 2014 оноос хойш улирал тутам Хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгааг гаргаж байна.Энэ бол ерөөсөө л манай эдийн засаг ирэх зургаан сарын хугацаанд хэрхэх төлөвтэй байгааг улирал бүр хийдэг, дэлхийн улс орнуудад хэрэглээд заншчихсан чухал индикатор.Америк, Англи гэхчлэн улс орнуудын Төв банк зэрэг байгууллагууд нь энэхүү судалгааг ашигладаг.Судалгаагаа таниулах, бодлого боловсруулагчдад ойртуулах тал дээр идэвхтэй байх тухай асуудал зөвхөн манайд биш дэлхийн улс орнуудын түвшинд, судлаачдын зүгээс ч яригдаж байгаа сэдэв л дээ.Гэхдээ зөвхөн судлаачид үүнийг ярих, анхаарах бус бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байгаа улс төрийн түвшинд ч үүнд анхаарах ёстой байх.Судалгаанд үндэслэсэн бодлого тодорхойлж, хэрэгжүүлэхэд бэлэн байх ёстой.Судалгаа гэдэг зүйл бол аль ч талаас харсан маргаан орохгүй, асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх суурь болох учраас чухал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй юм.Үнэхээр судалгаанд үндэслэсэн зөв шийдвэр Ардчилсан нам гаргасан байлаа гэхэд МАН-ын зүгээс тэрний эсрэг хэчнээн аргумент гаргаад ч унагаж чадахгүй.Мөн МАН судалгаатай, суурьтай шийдвэр гаргасан байхад Ардчилсан намын зүгээс хэчнээн үгүйсгээд, унагаж чадахгүй л гэсэн үг. Аль ч талын ашиг сонирхол орж  ирлээ гэхэд гуйвшгүй үндэслэлд суурилсан бодлого бол үр дүн дагуулна. Судлаачид ч гэсэн хэний ч талд үйлчлэхгүй, бие даасан хүмүүс байх учиртай.Ер нь шинжлэх ухааны чиглэлийг барьж, судалгаа шинжилгээ хийдэг хүмүүсийн хувьд өөрсдийн үнэт зүйлтэй болчихсон байдаг болов уу.Тэгэхээр төрийн зүгээс хэний ч талд үйлчлэхгүйгээр судалгаа хийдэг, судлаачдынхаа үгийг сонсоод, судалгааг нь ашиглаад явдаг соёлыг сурах л хэрэгтэй байх.

-Ер нь судалгаанд  суурилсан бодлогын давуу тал нь ирээдүйд хүрэх цэг, гарах үр дүнг урьдчилан харахад чиглэнэ гэж ойлгож болох уу?

-Зөвхөн үр дүнг ярьж болохгүй л дээ.Тухайлбал, нөлөөллийн үнэлгээний судалгаа бол бодлого, хөтөлбөрийн нөлөөллийг тодорхойлж байна.Тухайн хөтөлбөр яг ямар процедураар хэрэгжих шаардлагатай юм бэ.Аль бүлэгт илүү үр өгөөжтэй байна вэ гэдгийг нөлөөллийн үнэлгээнээс гаргаж ирдэг. Жишээ нь, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил олгох хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээг хийхэд гэр хорооллын залуучууд илүүтэй  ажилд орж байсан. Тэгэхээр энэ хөтөлбөр орон сууцанд амьдардаг хүмүүсээс илүү гэр хороололд амьдардаг хүмүүс рүү чиглэж хэрэгжих юм бол үр дүнтэй байх нь гэсэн үг л дээ.Ер нь бусад улс орнуудын хувьд аливаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эхлээд тест маягаар хэрэгжүүлж, туршиж үздэг, судалгаанд суурилдаг, цаашид хэрэгжих ерөнхий дизайныг нь тодорхойлдог болж байна.Энэ практик өргөжихөд Мексик улсад хэрэгжүүлсэн PROGRESA нэртэй алдартай хөтөлбөр, түүний үнэлгээ их үүрэг гүйцэтгэсэн байх.Энэ хөтөлбөрийн архитектур гэж нэрлэгддэг Сантьяго Леви гэж алдартай эдийн засагч байдаг.Энэ хөтөлбөрийн түүх нь анх ядуурлыг бууруулахад ядуу иргэдэд хүнсний талон өгөх, бэлэн мөнгө өгөх зэрэг аргыг халж оронд нь ядууст нөхцөлтэй бэлэн мөнгө тараах байдлаар хэрэгжсэн байдаг.Энэ нь ядуу иргэд хүүхдээ сургууль явуулах, вакцинд хамруулах гэх мэт тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд бэлэн мөнгө өгөх байдлаар ядуурлыг бууруулах хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байдаг.Ингэж хэрэгжүүлэхдээ энэ хөтөлбөрт миний хэлээд байгаа нөлөөллийн үнэлгээг хийсэн.Зарим иргэдэд нь хуучнаараа хүнсний талон, бэлэн мөнгө шууд өгөх зарим иргэдэд харин нөхцөлтэй бэлэн мөнгө өгөх байдлаар хэрэгжүүлж шинэ туршиж буй хөтөлбөрийн нөлөөг үнэлсэн.Ингээд нөлөөллийн үнэлгээний үр дүнд бэлэн мөнгө нөхцөлтэй олгох нь ядуу өрхийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд өөрөөр хэлбэл хүмүн капиталд дорвитой өөрчлөлт оруулж буйг баталсан.Яг энэ хөтөлбөрийг олон улсуудад хэрэгжүүлсэн байдаг.Хөтөлбөрийн үр дүн нь судалгаагаар батлагдсан учраас олон улсууд авч хэрэгжүүлсэн гэсэн үг.

-Ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн төлөв хэрхэхийг судалдаг Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг та бүхэн хийж байна. Оны эхний судалгааны дүнг танилцуулснаас үзэхэд ирэх зургаан сарын хугацаанд манай эдийн засаг  эерэг дүр зурагтай байх нь. Ер нь энэ судалгааг хэрэглэх тал дээр манайх ямар байдалтай байна вэ?

-Ажиглаж байхад гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хүмүүс асууж, тодруулж байдаг.Эдийн засаг унаж байх үед борлуулалт мэдээж буураад эхэлнэ.Тийм үед борлуулалт унаад байна гэж амаараа ярихаасаа илүүтэй яг юунаас болоод уналттай байна вэ гэдгийг тодорхойлсон судалгааг хөрөнгө оруулагчид тал тодруулахыг хүснэ.Тиймээс тэдгээр нөхцөл байдалд бидний судалгаа тодорхой хэмжээнд хариулт өгч байдаг болов уу.

Мөн манай судалгаанд тулгуурлаж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргасан компанийн жишээ байна л даа. 2014 онд эдийн засаг  цаашид хэрхэх вэ гэдэг нь тодорхой бус байсан үед эдийн засгийн төлөв ирэх саруудад тогтворгүй байна гэсэн манай судалгааны дүн гарахад, түүнд тулгуурлаж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаа азнасан үл хөдлөх компани тухайн үед их зөв шийдвэр гаргасан гэдгээ хэлж байсан.

Хэрэглэгчийн итгэлийн индексийг Америкт 1967 онд анх хийж эхлээд наяад оноос хэрэглэж эхэлсэн байдаг юм билээ.Манайх арван жил болж   хөгжлийнхөө шатаар л явж байна.Мэдээж тодорхой динамик тоо үүсч байж хүмүүс итгэл үнэмшилтэй болно. Эдийн засаг саараад эхлэхээс түрүүлээд  энэ индекс унадаг юм байна. Энэ яах аргагүй түрүүлж мэдээ өгдөг индекс байна  гэдгийг ойлгож байж л ашигладаг болно гэж харж байна. Манайх судалгаа ашигладаг тал дээр суралцаж л байгаа орон шүү дээ.

-Ингэхэд та  “Венесуэлийн араас бид асар хурдтай явж байна” гэж бичсэн байсан. Саяхан гарсан Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанаас харахад бид Венесуэлийн яг өмнө, бараг зуузай холбоод л явж байна даа?

-Уул уурхайн салбар манай эдийн засагт гол байр суурь эзлэх болсноос хойш бид  байгалийн баялгийн хараалд өртсөн улс орнуудын загвараар л яваад байна. Үнэндээ Венесуэлийн араас явж буй, ижил үйл явц олон байгаа. Ер нь бол  баялагтай учраас засаглалын хямралд ороод байна уу. Засаглал нь муу учраас байгалийн баялгаа зөв зарцуулж чадахгүй байна уу гэдэг асуудал дэлхийн улс орнуудад байна л даа. Улс орнуудын эдийн  засгийн өсөлт яагаад хоорондоо ийм ялгаатай байна вэ. Цаг хугацааны хувьд зарим нь жилийн дундаж нь 3-4 хувь,  зарим нь таван хувь, Хятад улс гэхэд 20-30 жилийн хугацаанд 7-8 хувийн өсөлттэй байхад Монгол яагаад огцом өссөнөө эргэж унаад байна вэ. Эдийн засгийн өсөлт нь яагаад тогтворгүй байна вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Барууны улс орнуудын хувьд 1960-аад оноос хойш жилийн дундаж өсөлт нь харьцангуй  тогтвортой байж ирсэн. Тэгвэл дэлхийн улс орнуудын эдийн засаг тогтвортой өсөөд байгаагийн цаана институци байдаг юм байна.Ямар систем ажиллуулж байна.Тэр хэмжээгээр өсөлт тогтвортой байдаг юм байна гэсэн асуудал гарч ирж байгаа.Зөв хөшүүрэг ажиллуулсан систем хөгжөөд байна. Хүмүүн капиталдаа анхаарсан, хүнээ хөгжүүлсэн, тэр хэрээр  их инновац гаргадаг, технологио хөгжүүлсэн улс орнуудад эдийн засаг нь тогтвортой байна. Харин тэр системийг ажиллуулж чадахгүй байгаа улс орнуудад эдийн засаг нь тогтворгүй байна гэсэн асуудал байгаа юм.

Манай эдийн засгийн үзүүлэлтүүдийн хувьд дандаа болохгүй байна гэж хэлэхгүй л дээ. Өсөж байгаа, урагшилж байгаа зүйлс бий.Гэтэл Венесуэл, Аргентин гэхчлэн улс орнуудын хувьд айхтар хүнд байдалд байна.Далаад онд Аргентин их өндөр хөгжилтэй улсуудын тоонд орж байсан бол өнөөдөр өрийн дарамттай ямар болоод байгаа билээ.Тогтвортой өсөлт байтугай, хасах өсөлттэйгөөр маш удаан хугацаанд явсан Африкийн улс орнууд байна. Ийм улс орнуудын жишээ байгааг мартаж болохгүй. Тэгэхээр бид болж бүтэж байгаа зүйлсээ цаашид анхаарах ёстой асуудлуудаа давхар л харах ёстой байх.

Уул уурхай бол манай онцлог. Бид үүнийг яаж ч чадахгүй.Энэ бол бидэнд байгаа боломж. Уул уурхайтай орнуудын хувьд энэ салбартаа хэтэрхий найдсан, уул уурхайн орлого  их гадаад валют орж ирдэгээсээ болоод үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш чангараад дотоодын бусад сектортоо  сөрөг нөлөөлдөг нь гардаг л зүйл. 

-Манайх ч улс төрийн эрсдэлээрээ улам л урагшлаад байгаа?

-Ер нь бол хэмжиж байгаа индикаторууд манай дээр муу гараад байна гэдэг харангын дохио шүү дээ.

-Оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай гарсан.Энэ өсөлт бол манай өнөөгийн багтаамжид хангалттай гэж хэлэх эдийн засагчид байна.Та санал нийлэх үү?

-Би бол эдийн засагчийн хувьд эдийн засаг өсөж л байвал сайн гэж харж байна.Тогтвортой өсөлттэй байх ёстой.Потенциал гэж байна л даа.Манайх чинь 2009 онд хямраад тэрнээс хойш их өсөөд, буцаад л унаад, өгсөөд явж байна шүү дээ.Өсөлт бол сайн үзүүлэлт.Хэд ч байсан, эерэг өсөлттэй гарч байвал би бол сайн л гэж хэлнэ.Ирэх зургаан сарын байдлаар манай Хэрэглэгчийн итгэлийн индексээр эдийн засаг эерэг өсөлттэй байхаар байгаа.Гол нь тэр өсөлтийг л зөв удирдах юм.

Яг одоо бол ханшийн хувьд төгрөгийн ханш суларч байгаа нь манай дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай байгаа шүү дээ.Экспортын үнийн хувьд давуу тал үүсчихсэн байна.Тэгээд бас өсөлттэй байна гэхээр миний бодлоор манай эдийн засгийн нөхцөл сайн л харагдаж байгаа.Ханш экспортлогчдын талд байна.Эдийн засаг өсөлттэй байна.

-Ханш экспортлогчдын хувьд ашигтай байна гэж та сая хэллээ. Гэтэл манайх орж ирсэн доллароороо  буцаад импортын бараа бүтээгдэхүүн авчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд валютын ханшийн чангарал илүү мэдрэгдэх болов уу?

-Манайд огт үйлдвэрлэдэггүй импортын бараан дээр ийм нөхцөл үүснэ.Түүхий эд орцоо импортолдог дотоодын үйлдвэрлэгчдэд мөн л адилхан сул тал үүсгэнэ.Гэхдээ импортын бараатай өрсөлддөг дотоодын үйлдвэрлэлд, ялангуяа дөнгөж эхэлж буй үйлдвэрлэгчдэд ашигтай.Мөн импортын бараатай өрсөлдөх давуу тал нь үүсэж буй учраас шинээр дотоодын үйлдвэрлэлийн салбар бий болох боломж нь бас нээгдэнэ.Эдийн засаг төрөлжих боломж нь нээгдэнэ.Манай улсын хувьд ханшийн эрсдэл хамгийн хэцүү тусч буй асуудал бол манай гадаадаас доллароор авсан зээл.Энэ бол яах аргагүй том эрсдэл.Эдийн засаг өсөлттэй байх үед ирээдүйд түүхий эдийн үнэ үргэлж өсөх мэтээр төсөөлж доллароор авсан зээлийн эргэн төлөлтөд энэ ханшийн чангарал алдагдал учруулна.Нөгөө л судалгаатай шийдвэр гаргасансан бол гэдэг асуудал. Уул нь их өсөлттэй, төгрөгийн ханш чанга үед ам.доллароор зээл авах нь бидэндэрсдэлтэй  бөгөөд шаардлагагүй байсан болов уу.

-Эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг олон жил ярьж байна.Үр дүнд хүрэхийн тулд хорь, гучин жил шаардагдана гэж хэлэх эдийн засагчид бий. Та үүн дээр  юу хэлэх вэ?

-Эдийн засгийн төрөлжилтийг төр л хийдэг гэдэгт би хувьдаа тийм итгэлтэй байдаггүй. Манай нөхцөл байдал уул уурхай давамгайлдаг  л юм чинь үүндээ тохирсон бодлоготой байх хэрэгтэй. Уул уурхайн орлогоо, хөрөнгөө  хүмүүн капиталаа хөгжүүлэх чиглэлд сайн оруулахад анхаарах ёстой байх. 2009 оноос хойш хоёр ч удаагийн хямралаас бид юуг сурах ёстой вэ гэхээр уул уурхайн ашиг  орлого  байнга өсөөд байдаггүй гэдгээ ойлгох ёстой.  Үнийн өсөлт түр зуурынх байдаг гэдэг сургамжийг  аваад,  макро менежмэнт хийх асуудлаа л сайжруулах хэрэгтэй. Орлого ихтэй үедээ хадгалаад, хадгалснаа нөхцөл байдал хүндэрсэн үедээ ашиглаад явдаг л байя гэж ярьдаг шүү дээ.Эдийн засаг уналттай үед төгрөгийн ханш суларч байдаг.Энэ нь экспортлогчдод ашигтай.Тэр үед магадгүй бусад салбар хөгжих боломж нээгддэг байхгүй юу.Тэгэхээр макро менежмэнтээ сайн хийж, даатгал шиг системийг ажиллуулдаг байх хэрэгтэй.Орлого ихтэй үедээ их зарлагадаад эдийн засгаа хөөсрүүлээд байдаг. Уг нь  орлого саарахаар төр эдийн засаг унаж байх үед илүү зарцуулалт хийж байх ёстой.  Эдийн засаг сэргэж байхад орлогоо хадгалаад, өсөлтийг өөрөөр нь явуулах ёстой. Ийм амархан ойр ойр савлаад байгаа эдийн засагт  тогтворжуулах бодлого сайн хэрэгжүүлж чадах юм бол урт хугацаанд ажлын байрууд тогтвортой хадгалагдана. Ажиллагсад хөгжинө, ур чадвар сайжирна.Эсрэгээрээ байхад ажлын байр тогтворгүй, хүн нь ч хөгжихгүй шүү дээ.Үүн дээр нэмээд хэлэхэд төрөлжүүлэлтийг төр яаж хийж буйг бид ЖДҮ-ийн төслөөс бэлээхэн харж байна.ЖДҮ чинь л төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийг төрөлжүүлэх нэг хөтөлбөр.Харин энэ хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдөр ямар үр дүнтэй байна?

-Тэгэхээр энэ мэт байдлыг өөрчлөхийн тулд улс төр, эдийн засгийн  шийдвэрүүд судалгаанд суурилах ёстой байх, тийм үү?

-Яг л бид хоёрын яриад байгаа судалгаанд үндэслээд макро бодлого тууштай хэрэгжиж байх ёстой. Хэрэглэгчийн итгэлийн индекс  унах гээд байгаа бол төр сангийн бодлого, мөнгөний бодогоо тэлэх бодлого явуул. Өсөөд эхэлбэл,  эдийн засаг өөрөө аяндаа сэргэж байна гэдэг мэдээгээ аваад оролцолгүй явчих л хэрэгтэй юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат (150.129.140.234) 2019 оны 06 сарын 17

Энэ их мэдэгч замыг нь мэддэг юм чинь өөрөө заагаад байгаа юм бишүү

0  |  0
Энхмөнх(103.212.116.220) 2019 оны 06 сарын 16

Нууц товчоонд гардагаар монголчууд орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж байсан дэндүү шуналтай хүмүүс.Баялгын хараал юу байхав монголчуудын эцэс төгсгөлгүй шуналаас болж байна.Хулгай луйвар хийх хүсэлтэнгүүд төрийн алба хуулийн байгууллагуудын дүүргэснээс хараал өртсөн мэт болж байна

0  |  0
Адгуусан нийгэм(202.9.45.162) 2019 оны 06 сарын 15

Баялагийн хараал бишээ. Зэрлэг капитал адгуусан нийгмийн үр дагавар.... хараал.

0  |  0
Top